Гурван жил гаруй яригдсан Архины хяналтын тухай хууль энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор бид энэхүү хуулийн талаар улстөрчид болон хуулийн үйлчлэх хүрээнд багтаж буй бизнесийн болон ТББ-ын төлөөллүүдийн байр суурийг сонссон юм. Мөн нийгтийн үзэл бодлын “толь” гэгдэх болсон цахим ертөнц, жиргээчдийн байр суурийг ч орхигдуулсангүй.
ТӨРИИН БАЙР СУУРЬ
Л.Эрдэнэчимэг: Хууль батлагдсанаар бүх согтууруулах ундааг цагдана гэсэн үг биш
Энэ хуулийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулж эхэлсэн. Олон улсын экспертүүд оролцуулан гурван жилийн турш өргөн хүрээнд бэлтгэгдэж байгаад Хууль зүйн яамаар дамжин өргөн баригдаж байгаа. Хууль зөвхөн миний санаа биш. Гадаадын нэлээд олон улс орны туршлага судлаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид ч мөн саналаа оруулж боловсруулсан том хэмжээний хууль. Хууль гарах болсон шалтгааныг энд ярих хэрэггүй байх. Архидалт хэрээс хэтэрсэн, архитай холбоотой гэмт хэргийн гаралт, зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа учраас хууль нийгмийн хүлээлт байсан.
Хууль батлагдсанаар шууд л бүх согтууруулах ундааг хянаад цагдаад байхгүй.
Манайд Архидан согтуурахтай холбоотой хууль хэрэгжээд бараг 10 гаруй жил болсон. Харамсалтай нь энэ хууль амьдралд хэрэгжихэд төвөгтэй, тунхаглалын шинжтэй байдаг. Хуулийг нарийвчилсан байдлаар өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон учраас хуулийн төслийг боловсруулсан. Дэлхий нийтээр архи тамхитай тэмцэж, бусад улс орнууд архитайгаа тэмцэх чамбай хуулиуд боловсруулчихсан байгаа юм. Архины хэрэглээ өндөр улс орнууд архитай тууштай тэмцэж эхэлсэн байна. Хууль нь сул учраас бизнес хийх гэсэн, ашиг олох гэсэн сонирхол манайхыг чиглэх нь их байна.
Хууль батлагдсанаар шууд л бүх согтууруулах ундааг хянаад цагдаад байхгүй. Найман нэрийн барааны дэлгүүрүүдэд бага градустай /вино, дарс, пиво/-г нь зарах эрхийг үлдээнэ. Тусгай дэлгүүрээр зөвхөн 38 градусаас дээш согтууруулах ундаа зарна. Үйлчилгээний байгууллага ч гэсэн 21.00 цагаас хойш 24.00 цаг хүртэл пиво, вино зарах эрх нь нээлттэй. Гэртээ архидан согтуурдаг үзэгдэл харьцангуй багасахюм. Согтууруулахундаа хэрэглэх соёлыг нь өөрчилнө гэдэгт итгэлтэй байгаа.
Хуулийг батлуулахгүй байх лоббиг архи үйлдвэрлэгчид гэхээс илүү гадаадын томоохон импортлогчид явуулна. Зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнийг харахад гаднаас маш олон архи, согтууруулах ундаа орж ирж байна. Үүнийг хянаад эхлэхээр лобби хийх гэж оролдох нь тодорхой. Гэвч бид заавал батлуулна.
С.Ганбаатар: Архи зарж байгаа хүмүүс хүүхдийн нулимсаар хооллож байна гэж хэлж болно
/УИХ-ын гишүүн/
Ер нь Монгол Улс даяар архидалт хэрээс хэтэрлээ. Архидалтаас болж маш олон Монгол айлд хүүхдүүд уйлж байгаа. Үндсэндээ архи үйлдвэрлэдэг, зардаг хүмүүс бол хүүхдүүдийн нулимсаар хооллож байна гэсэн үг. Архидалт бол өвчин. Тиймээс энэ өвчний эсрэг хамтдаа тэмцэе. Ханиад хүрсэн хүнийг “Чи яагаад ханиад хүрэв” гэж загнаад байдаггүй шүү дээ. Тэрэн шиг, архинд донтсон, архинаас хамааралтай болсон хүмүүсийг адлаж болохгүй. Харин ч архинаас гарахад нь туслах ёстой. Тиймээс архинаас хамааралтай болсон хүмүүсийг аварцгаая. /Гишүүн “Архигүй Цагаан cap” уриалгыг дэмжих үедээ ийм байр суурь илэрхийлж байжээ/
З.Баянсэлэнгэ: Батлуулахыг хүсэхгүй хэсэг байхыг үгүйсгэхгүй
/УИХ-ын гишүүн/
Монгол Улс архидан согтуурах явдалтай олон жил тэмцсэн ч энэ чиглэлээр гаргасан хууль тогтоомж нь бүгд архи уусных нь дараа тэмцэх утга агуулгатай байсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль ч шалтгаантай нь биш, үр дагавартай нь тэмцдэг. Урьдчилан сэргийлэх нь орхигдсон.
Өөрөөр хэлбэл, архи уусан хүнтэй л тэмцээд байна. Гэтэл архидалт гэдэг чинь өвчин. Тиймээс гурван удаа эрүүлжүүлэгдсэн гээд албадан эмчилгээнд явуулах биш, тухайн хүний сэтгэл зүйд нь нөлөөлөх тал дээр илүү анхаарах ёстой. Улс төр бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хөндсөн иймэрхүү хууль батлахад тодорхой хэмжээний саад бэрхшээлтэй тулгардаг.
Тухайлбал, Тамхины хяналтын тухай хуулийг бид 2013 оны хавар баталсан. Өмнөх Парламентын үед өчнөөн өргөн баригдсан ч батлагдалгүй явсаар ноднин л хууль болж гарсан. Энэ жишээгээр Архины хяналтын тухай хуулийг эсэргүүцэх, батлуулахгүй байх талаас нь ажиллах хумүүс УИХ дотор байхыг үгүйсгэхгүй. Гэвч нийт ард иргэдийн эрх ашиг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгаас дээгүүр тавигдах ёстой. Тиймээс энэ хуулийг хурдан батлах нь зүйтэй гэж үзэж байгаа.
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН БАЙР СУУРЬ
С.Жавзмаа: Үндсэндээ “Эх орны хишиг”-ийг“21 000” ч архинд явдаг юм шүү дээ
/Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн, ахмад хуульч/
-Манай байгууллага 2012 онд ижил зорилготой бусад ТББ-уудтай хамтран 10 гаруй аймгийн 100 гаруй сумдаар явж, 60.000 гаруй иргэнтэй нүүр тулж уулзаад ирлээ. Уулзалтад оролцсон нийт иргэдийн 85 хувь нь “Архидалт аюулын харанга дэлдэж байна” гэж ярьсан. Монгол Улс архидан согтуурахтай тэмцэх боломжийн сайн хуультай.
Харамсалтай нь эдгээр хууль тогтоомжийг биелүүлэх ажил хангалтгүй, хий хоосон реклам болоод өнгөрдөг байдал нийтлэг болжээ. Учир нь, архины үйлдвэртэй, архиар үйлчилдэг баар цэнгээний газартай УИХ-ын гишүүд, сайдууд, аймгийн дарга нараас болж энэ хууль биелэхгүй байна. Ер нь, архины хор хөнөөл нийгмийн бүх хүрээг хамарсан гамшиг болчихоод байгаа энэ үед хувь хүний эрх ашиг чухал уу нийгмийн эрх ашиг чухал уу гэдгийг хаа хаанаа ухаарах цаг болжээ.
Залуучуудын ихэнх нь ажилгүй, бааранд сууж, гудамжинд согтуу хэвтэж байна. Өнөөдөр хүүхэд залуучуудын 70.6 хувь нь архи, согтууруулах ундааг сонирхож ууж байна гэсэн тооцоо гарсан байгаа шүү дээ. Үүнээс болж сэтгэцийн гажигтай, төрөлхийн өвчтэй хүүхдүүд эрс нэмэгдсэн. Хөдөө орон нутагт эрүүл төрөлтийн хувь нийслэл хоттой мөн адил багасч байгаа.
Энэ нь эрүүл бус төрөлтийн шалтгаан нь утаа биш гэдгийг харуулж байгаа юм. Цагдаагийн байгууллагатай хамтарч хийсэн баттай судалгаагаар, өнөөдөр аавуудын 61.1 хувь, ээжүүдийн 81.9 хувь, эмч нарын 86.2 хувь, удирдах албан тушаалтнуудын 91.1, ажилтан, албан хаагчдын 70.1 хувь нь архи уудаг гэсэн дүн гарсан байна.
Ингэхээр оюуны хомсдолтой хүүхэд төрөх явдалд утаанаас өөр архи голлох нөлөө үзүүлж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм, Архинаас үүдэлтэй өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Ер нь, 21.000 төгрөг ч үндсэндээ архинд явдаг байсан юм шүү дээ. Cap бүрийн 15-20-ны хооронд архины борлуулалт эрс нэмэгддэг гэж байгаа юм.
З.Тунгалаг: Согтууруулах ундааны сурталчилгаа хэтэрхий их байна
/Гоё амъдрал” ТББ-ын сэтгэл зүйч/
-Төр засаг архинд донтож буй иргэдээ анхаарч ажиллах хэрэгтэй байна. Архины эсрэг олон төсөл хэрэгжүүлж их ажил хийж байна гэдэг. Өнөөдрийн байдлаар үр дүн гарахгүй байна. Миний бодооор бол архи үйлдвэрлэдэг олон компаниудын тоог цөөлөх шаарддагатай. Мөн архиныхаа градусыг багасгах хэрэгтэй. Гадаадын орнуудыг харахад манай улс шиг 30, 40 градустай архи үйлдвэрлэдэг газар байдаггүй. Архи зардаг дэлгүүрийн тоо хэрээс хэтэрч байна. Архины сурталчилгаа их явагдаж байна.
Телевизээр өдөр согтууруулах ундааны сурталчилгаа гарч байгаа. Бид нэг хүнийг ч гэсэн архинаас гаргахын төлөө тэмцэж байхад, телевизээр байнга архины реклам явуулаад байхаар хүмүүсийн далд ухамсарт уух хүсэл төрнө шүү дээ. Ийм хэнд ч хэрэггүй юм гаргаж байхаар архины хор уршиг, архинаас болоод хэдэн хүн амьдралгүй болоод, үхэлд хүрээд байгаа гэх мэт олон асууддыг хөндөөд нэвтрүүлэг хийж болно. Сурталчилгаа гаргах дуртай юм бол эрүүл монгол хүн гэж хэн бэ, аз жаргалтай амьдрахын утга учир архигүй орчин гэдгийг л хүмүүсийн сэтгэхүйд сууж өгтөл сайхан реклам гаргах хэрэгтэй.
Архи, согтууруулах ундаа нь бидний гол удирдах төв болсон оюун ухаан, тархины эд эсийг үхүүлэн сүйтгэж байдаг. Зовж олсон мөнгөөрөө зовлон худалдан авч байгаагаа мэдэхгүй, ухаарахгүй болтол нь архи хүний оюун санааг жолоодож байна. Түүний зовлонг хөөрхий хань ижил ахан дүүс, үр хүүхэд нь нуруун дээрээ үүрдэг. Монгол айл болгонд архины асуудалтай хүн байна. Нийгмийн тулгамдсан асуудал болох архинд донтох өвчнийг багасгахад Монгол хүн бүрийн хүчин чармайлтаар хамтдаа шийдэж чадна. Архидалт байгаа цагт Монгол орны хөгжлийн тухай яриад ч нэмэргүй. Хувь хүн эхлээд эрүүлжиж, хөгжиж байж Монгол орон хөгжинө. Хуулийг 100 хувь дэмжиж байна.
ЦАХИМ БАЙР СУУРЬ
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл @Demberel_S
-Хагас хуурай хууль бололтой юм билээ. Энэ хууль батлагдвал би лав гайхахгүй.
-Архинаас болж гэмт хэрэг нэмэгдэж буй нь үнэн. Гэхдээ энэ нь архины хатуу хууль гарга гесэн үг биш. Харин ахуйн ба я,цууралтай тэмц л гэсэн үг.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр @OtgonbayarY
-Жирэмсэн эхийг архи уухыг хуулиар хориглоно. Хууль зөрчсөн эхийг барьж хорино. ккк
Нийтлэлч Д.Батбаяр @avirbayar
-Өөрөө тамхинаас, нөхрөө архинаас, хүүгээ шоунаас, эхнэрээ нууцаас нь салгах гэж хууль гаргадаг манай УИХ-ын гишүүд ичиг ичиг ичиг. #Чухам үнэн
-Архины шинэ хуулийг хэлэлцэхийн өмнө хуучин нь ямар гай барцад дагуулсныг сайн бодож үзвэл уул нь эрүүл са-руул ухаанд нийцтэй юм даа.
Жиргээч Аанхаа @Ааnхаа
-Архийг хамгийн их үзэн ядаж буй мэт дөвчигнөж, хамгийн хүчтэй хорьсон хүмүүс л явж, явж архинаас үүдэх хамаг гайг авчирдаг юм шүү дээ.
-За ёстой магадгүй юм шүү. Том компаниудыг шантаажлах нэг ов мэх байж болох юм.
-Архийг эсэргүүцэж орилох нь бусдад хэчнээн сайхан xapaiv дах, гэвч архины хатуу хууль нийгэмд хэчнээн гай тарих. Эрдэнэчимэг өөдгүй улс төрч.
-Эх оронч тэмцэгчдийн талд орохгүй л бол хужаа, Эрдэнэчимэгийн архины хуулийг дагах-гүй л бол Монголоо боддоггүй новш юм уу айн, хуцна биз.
Жиргээч Алтайсайхан @altai_s
-Архитай тулж ажиллах бодлого үргэлж сөрөг үр дагавартай байдаг. Хориглож хааж боосноор замбараагүй хэрэглээ
гардгийг түүх бэлхнээ харуулна.
Жиргээч Амараа @amaraaliberty
-Баар нээх гэж байгаа хүн тэр хавийн оршин суугчдын 90-ээс дээш хувь дэмжвэл нээж болох юм байна. #Яг-дэмжиж_харагдаач
-Ер нь Чимгээ эгчийн хуулийг нь дэмжиж байгаад баталчихвал яасан юм бэ. Манайхаан. Амьдрал дээр энэ тэнэг юмаа туршиж үзээд нэр хүндээ алдаг.
-5.1.1 -г хараарай нөгөө Домог архи нь эмчилгээний гээд хуулинд хамаарахгүй юм байна. Бас амжихгүй хужаа санаатай.
Сэтгүүлч Болормаа @BolormaaLuntan
-Tequillacocktail арай хориглоогүй биз дээ. Рестаронууд, Tiger beer, Apu гэх мэт бизнесийг л онилсон юм шив дээ.
Аниа нь Гандан Стайл @GandanStyle
-Жирэмсэн биш гэсэн тодорхойлолтыг хаанаас авах вэ. "Байгалиараа" цондгор гэдэстэй хүмүүс яах уу?
Жиргээч Арилжаа суддаач @odbayare
-Л.Эрдэнэчимэг гишүүн ар-хинаас илүү эмийн салбар аймшигтай болчихсон байгааг мэ-дэхийн дээдээр мэдэж байгаа. Замбараагүй байх нь өөрт нь л ашигтай.
Жиргээч Мөнхболд @munkhbold9697
-“Азийн чоно”-ын хордлогын үеээр Taxi-ний жолооч нар хүртэл шаг зараад сүйд болоо биз дээ, хорих тусам донтоноо гэж.
Жиргээч Хишгээ @HishgeeNuna
-Архины эсрэг хуулийг эсэргүүцэж байна! Гэмт хэрэг нуун далддах, архины хордлого гэх мэт сөрөг үр дагавар гарна, би уух гээд ч ингээд байгаа юм биш.
ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ
Ж.Цогтсугар: Монголын ард түмэнд хийж буй маш том буян
/Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн/
-Эмэгтэй гишүүдийн санаачилгаар Архины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулж, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр ажлын хэсэг гаргаж энэ хуулийн төсөл дээр ажилласан. Энэхүү хуулийн төслийг санаачилсан болон дэмжиж байгаа хүмүүс нь архидалтад үнэхээр санаагаа чилээж явдаг учир гар, сэтгэл нийлэн ажиллаж байна гэж боддог юм.
Нийгмийн сэтгэл зүй архиар өвчилчихсөн ийм цаг үеийг зоригтойгоор сөрж, “Архигүй Монголын төлөө санаачилга гаргана гэдэг нь Ерөнхийлөгчийн маань Монголын ард түмэнд хийж буй маш том буян. Үүнийг зөв өнцгөөс нь хүмүүс олж хараасай гэж би хүсдэг. Архины хяналтын тухай хуулийг би хүний төлөө үйлчилдэг хууль болно гэдэгт итгэлтэй байгаа.
Б.Төгс: ЕБС-ийн сурагчдын архины хэрэглээ сэтгэл түгшээж байна
/Сүхбаатар дүүргийн X хорооны иргэн/
-Архины хэрэглээ ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Ялангуяа өсвөр насныхны архины хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа
нь эцэг, эхчүүд бидний сэтгэлийг түгшээсэн асуудал болчихоод байна. Дунд сургуулийн сурагчид архи, согтууруулах ундаа ууж, хэрэглэж, үүнээс үүдэн гэмт хэрэгт холбогдож, амь нас, эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл огт буурахгүй байгаа юм.
Хамгийн гол нь архи согтууруулах ундааны борлуулалтад хатуу хяналт тавих шаарддагатай байна. Хуульд нэлээд чамбай тусгасан байна лээ. ЕБС-ийн сурагчид хаанаас архи авч байна вэ, найман нэрийн барааны дэлгүүрээс, гэр хорооллын мухлагаас, баар, цэнгээний газраас. Уг нь хуульд 21 нас хүрээгүй бол архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, зарж борлуулахгүй гэсэн байдаг. Харамсалтай нь энэ лоозон маягийн журам зөвхөн цаасан дээр л хэрэгжиж байна. Амьдрал дээр хаана хэрэгжиж байна вэ, та нар хайгаад үзээрэй. Гэр хорооллын найман нэрийн барааны дэлгүүрүүд гэж архины ТҮЦ-үүд байна. Энэ бүхнийг зохицуулах хууль болох нь ээ.
Н.Гантулга: Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай
/Сонгинохайрхан дүүргийн иргэн/
Архины хяналтын тухай хуулийг өргөн барьсан талаар одоогоор сонсч, мэдсэн зүйл байхгүй байна. Ямартай ч өмнө нь батлагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд онц дүн тавьж чадахгүй. Гудамж, талбайд тамхи татах явдал тэгтлээ буураагүй нь хэрэгжилтэд хяналт тавихгүй байгаагийн жишээ.
Үүгээрээ би Архины хяналтын тухай хууль хэрэггүй гэсэнгүй. Хамгийн гол нь хууль баталж болно, эргээд хэрэгжилтэд хатуу, чанд хяналт тавих шаардлагатай. Архины хэрэглээг багасгах нь зөв. Угаасаа энэ нийгмийн шаардлагатай асуудал. Гагцхүү яаж бууруулах юм бэ, яавал архидан, согтуурах явдал буурах юм бэ тийм үү. Үнэхээр хууль батлагдсанаар архины хэрэглээ буурах юм уу, эсвэл нөлөөллийн аргаар иргэдийн ухамсарт нөлөөлөх үү. Энэ бүхнийг нарийн тооцох л хэрэгтэй. Түүнээс биш архины хэрэглээ Монгол Улсад ямар төвшинд хүрсэн нь хэн бүхний нүдний өмнө илэрхий болсон асуудал шүү дээ.
Н.Энхбаяр: Архидалтыг дэмжсэн үйлдвэрлэлийг зогсоох хэрэгтэй
/Мини маркетийн худалдагч/
-Энэ хуулийг найман нэрийн дэлгүүрүүд хамгийн ихээр эсэргүүцэж байгаа гэж сонслоо. Мэдээж орлогын дийлэнх хувийг архины борлуулалтаас бүрдүүлдэг гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ архи зараад хагартлаа баяжсан хүнийг сонсоогүй юм байна. Архины зарж, борлуулах цэгийг цөөлөх нь мэдээж чухал. Гэхдээ хамгийн гол нь үйлдвэрлэгчдийн тоог цөөлөх тухай хуульд тусгасан болов уу. Энэ олон нэр төрлийн архи, согтууруулах ундаа, шар айргийг үйлдвэрлэх шаардлага байна уу. Үүнээс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байнга архи, согтууруулах ундааг сурталчилж байна.
Миний ажигласнаар архи, согтууруулах ундааны сурталчилгаа сүүлийн үед далд хэлбэрт шилжсэн. Үүнийг зохицуулж байгаад баяртай байна. Хамгийн гол нь архидалтыг бүх талаар нь дэмжсэн үйлдвэрлэгчдийн тоог л цөөлөх хэрэгтэй. 100 граммын “Ерөөл” архи бол жинхэнэ архидалтыг дэмжсэн архи гэж боддог. Энэ мэтчилэн хямд үнэтэй, бага савлагаатай архины худалдаанд цэг тавих ёстой. Үнэтэй, цөөн нэр төрлийн архи худалдаанд гаргавал авах нэг нь авна биз. Бидний хувьд архи, согтууруулах ундааг үйлдвэрийн үнэ дээр 15 хувь нэмж зардаг. Тэгэхээр их хэмжээний ашиг, орлого олох боломжгүй юм.
Ж.Мягмарсүрэн: Архины үйлдвэрийг цөөлөх шаардлагатай
/Сүхбаатар дүүргийн иргэн/
Архины үйлдвэрүүдийг цөөлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэчнээн борлуулах цэгийг цөөлсөн ч нэмэргүй. Худалдан авалт буурснаар аяндаа үйлдвэрлэгчдийн орлого буурна гэж үзэж байгаа юм билээ, хууль санаачлагчид. Миний хувьд худалдан авалт буурна гэж хэзээ ч байхгүй. Монголчууд баяр, найр, наадамд хэчнээн дуртай билээ. Тэр хэрээрээ архи, дарсгүй баяр, ёслол тэмдэглэнэ гэж байхгүй. Зөвхөн цагаан сараар гэхэд өрх бүр хэчнээн шил архи хэрэглэж байна.
Албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэх гэж хэчнээн шил архи худалдан авч байна вэ. Энэ бүхнээс харахад, архины үйлдвэрийг цөөлөөгүй цагт худалдан авалт буурна гэж байхгүй. Дунд сургуулийн сурагчид хүртэл тэмдэглэлт баяраараа архи ууж байна. Архи үйлдвэрлэж байгаа учраас зарж байна, үнэ, ханш сургуулийн сурагчдын худалдан авах чадварт нийцэж байгаа болохоор тэд худалдаж авч байна шүү дээ. Тэгэхээр архины үйлдвэрийн тоог цөөлж, үнийг нэмэх хэрэгтэй. Цөөн нэр төрлийн чанартай, үнэтэй архийг худалдаанд гаргаж болох юм. Тэгвэл ядаж ЕБС-ийн хүүхдүүд архи уухгүй болох байлгүй.
Д.Батбаяр: Архи үйлдвэрлэгчидл хууль эсэргүүцнэ
/Баянзүрх дүүргийн иргэн/
-Би архи гэдэг зүйлийг ор мөргүй устгачихаасай гэж боддог юм. Ялангуяа Монгол шиг хөгжих гэж ядаж байгаа улс, оронд архины хэрэгцээ огт байхгүй. Архины хэрэглээ ямар улсад өндөр байна вэ гэхээр дорой буурай хөгжилтэй, ядуу орнуудын иргэд л архидаж байна. Тэгэхээр Монгол хүмүүст архи гэдэг идээ огт зохихгүй, шаардлагагүй зүйл.
Арабын орнуудын иргэд ямар баян, тансаг амьдарч байна вэ. Гэтэл тэд архи, дарс ууж, согтуурсан зүйл алга. Тэгэхээр архигүй байж болдог гэдгийг тэд харуулж байгаа юм. Архины хяналтын тухай хуулиа өргөн барьсанд баяртай байна. Хуулийг хэн эсэргүүцэх вэ, архи үйлдвэрлэгчид, тэдний ах, дүүс, амраг, садан л эсэргүүцнэ. Түүнээс биш энгийн иргэд энэ хуулийг хоёр гараа өргөөд дэмжинэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!