Али Насух Махруки манай улсад энэ сарын 2-нд ирнэ
Туркийн “Эрэн хайх ажиллагаа” (AKUT) төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд УЗ-ийн гишүүн, алдарт уулчин, зохиолч, чөлөөт гэрэл зурагчин Али Насух Махруки манай улсад энэ сарын 2-нд ирнэ.
Тэрбээр өөрийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ 12 дугаар сарын 2-ны өдрийн оройн 18:00 цагт Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээх аж.
Али Насух Махруки өнгөрөгч 8 дугаар сард өөрийн багийн хамт Монгол Улсад мотоциклтой аялал хийсэн бөгөөд аялах хугацаандаа сонирхлынхоо дагуу олон сайхан зураг авсан төдийгүй энэ удаад ийнхүү зургийн үзэсгэлэн гаргахаар ирээд байгаа нь энэ юм.
Тэрбээр Туркийн “Эрэн хайх ажиллагаа” (AKUT) төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд анх 1996 онд ууланд төөрөөд 14 хонож байсан 2 залууг аварснаар өөрийн төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулжээ.
Байгуулагдсан цагаасаа хойш гамшигт нэрвэгдсэн олон иргэнд тусламжийн гараа сунгаж аварсан бөгөөд одоогоор 150 гишүүнтэй, 200-аад хүний амь насыг аварсан байна.
Мөн 1992-1994 онуудад ЗХУ-ын газар нутагт байрах 7000 метрийн өндөр таван ууланд амжилттай авирч “Уулын ирвэс” хэмээх цол авчээ. 1995 онд Эверестийн ууланд авирсан анхны Турк уулчин тэрээр 1996 онд 7 тивийн хамгийн өндөр ууланд авирч “Долоон Өндөр” хэмээх төслийн хамгийн залуу 45 дахь тамирчнаар тодорсон билээ.
- Тэрээр энэ удаад Монгол Улс болон Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45жилийн ойн хүрээнд Монгол Улсад өөрийн үзэсгэлэнгээ хоёр удаа (12/2-12/5-ны хооронд Урчуудын эвлэлд
- 12/8-12/12-ны хооронд ХААН Банкинд байрлах Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан гэр” галерейд) гаргах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
