“Virtuoso-2014” гала тоглолтод яруухан дуут ятга хөгжмөөр үзэгчдийн сэтгэлийг гижигдэн тоглох хөгжимчин Ч.Амарбаясгаланг танилцуулж байна.
Танил царай, дотно төрх хүн бүрийн дотор тэр чухам хэн юм бол, хаана төрж өссөн, ажил, амжилт, уран бүтээлийн ямар түүх, замналтай юм бол гэх зэрэг мэдэхийг хүссэн бодлыг төрүүлдэг. Чухам тийм хүмүүсийн, уран бүтээлчдийн нэг бол ятгачин, ҮДБЭЧ, “Хөсөгтөн” хамтлагийн хөгжимчин, СУИС-ийн багш Ч.Амарбаясгалан юм.
Дэлхийд ганц Монгол үндэсний хөгжмийн Их Найралд тоглож, чуулгынхаа дэргэдэх этно чиглэлээр уран бүтээл туурвидаг “Хөсөгтөн” хамтлагт ажиллаж, СУИС-д багшилж сурсан мэдсэнээ шавь нартаа харамгүй зааж сургаж байдаг энэ хөгжимчин чухам хэн бэ.
Тэрбээр өөрийгөө хөдөөний хүүхэд гэв. Ховд аймгийн Булган сумын айлын отгон хүүхэд. Дээрээ гурван ах, дөрвөн эгчтэй, аав ээж, ах эгч нарын гар дээр бөмбөрч өссөн танхил охин. Гэхдээ Амраа учир зүггүй эрх хүүхэд байгаагүй нь түүний амьдрал, уран бүтээлийн түүхээс харагдах. Түүний төрсөн ах нарын нэг Ч.Амгаланбаяр дүүдээ зургаан настайд нь ятга хөгжим зааж сургасан. Улмаар хэдэн жилийн дараа нийслэлд хөтөлж авчран Хөгжим бүжгийн дунд сургуульд тушаасан.
Энэ бол тэртээ 1997 он. Ах нь хөгжимд маш дуртай, өөрөө хэнээр ч заалгалгүй ятга сураад зогссонгүй дүү охиндоо зааж өгсөн нь хэр баргийн залуугаас гарамгүй алсын хараа гэлтэй. Ах багшийн эрдэм шавьд өвлөгдөж эхэлсний баталгаа нь Амраагийн ангийн үсэглэлийн баярын концерт байв.
Жаал охин ятгаар “Янзага” хэмээх дуу хээв нэг тоглож, харин ангийн хүү Б.Энхбат дуулсан нь амжилттай болсон тэр цагаас хойш хүүхдүүд сургууль хамт олондоо нэр хүндтэй болов. Сонирхолтой нь үсэглэлийн баяраар тэгж хоршиж байсан хоёр өнөөдөр нэг нь хөгжимчин, нөгөө нь дуучин. Ангийн анд Б.Энхбат нь Цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар ажиллаж байгаад өдгөө чөлөөт уран бүтээлч болсон байна.
Ах нь дүүгээ Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулахаар дагуулж ирээд, тус сургуулийн хонгилд хоёулаа яахаа мэдэхгүй, хэнтэй эхэлж уулзах тухайгаа ярилцаж зогстол нэгэн эмэгтэй уулзаад охины гар хурууг эргүүлж тойруулан харж энэ тэр юм асууж байгаад явсан нь ятга хөгжмийн ангийн багш, Амраагийн анхны багш Д.Нарантуяа байв.
Энэ багш нь олон жил АНУ-д амьдарч байгаад саявтар эх орондоо ирсэн байна. Харин дараа нь өөр багш хүлээж авсан нь Д.Алтантуул. Харин СУИС-д бол Баасанхүү багшийн шавь болж гурван жил суралцсан бөгөөд, өдгөө БНСУ-ыг зорьсон багшийнхаа өвийг залгамжилж СУИС-д дөрөв дэх жилдээ ятга хөгжмийн багшаар ажиллаж байна.
Ч.Амарбаясгалан СУИС-иа төгссөний дараа 2008 оноос ҮДБЭЧ-д ажиллаж эхэлсэн. Улмаар жилийн дараа тус чуулгын дэргэд байгуулагдсан “Хөсөгтөн” хамтлагт хүчин зүтгэх болсноор урлагийн ертөнцөд хос морьтой давхих болсон юм.
Энэ хамтлагийн гишүүн болсноор дэлхийн олон оронд аялан тоглож монгол үндэснийхээ язгуур урлаг, хөгжмийн онцлогийг таниулж хамтлагаараа улс орныхоо нэрийн хуудас болж явна. Олон оронд янз бүрийн тоглолтод оролцсоноос гүн сэтгэгдэл төрүүлсэн нь хэд хэд.
Английн хатан хааны нэрэмжит “Роял Алберт холл” театрт тоглосон тэр үдэш мартахын аргагүй. Их гүрний эрхэмсэг дээдсүүд цугладаг тэр ордонд өнөө хөдөөний охин цугласан олныг “ангайтал” тоглов. “Тэр үеийн сэтгэл хөдлөлийг дүрсэлж хэлээч” гэхэд “Бид тайзан дээр гарахын өмнө юу ч бодоогүй, бараг хоорондоо юм яриагүй, хариуцлагатай тоглохоо л хичээж байсан. Харин тоглолтын дараа чухам хаана, ямар тоглолтод орсноо мэдэрч байлаа” гэсэн юм.
Мөн “Хөсөгтөн” хамтлаг Малайз улсад болсон Дэлхийн хөгжмийн наадамд том гэгчийн задгай цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа монгол үндэсний хөгжмөө цуурайтуулан дуу хуураа өргөсөн тэр өдрүүд одоо ч өчигдөр л юм шиг тодхон байна хэмээн ярьж байна. Улсдаа болоод олон улсад зарлагдсан уралдаанд оролцож өөрийгөө сорих нь мэргэжлийн хөгжимчдийн хувьд чухал байдаг.
Ч.Амарбаясгалан
Энэ гоцлол хөгжмийн төрөлд дэд байр эзэлж мэргэжлийн кайфыг мэдэрсэн бол хоёр жилийн өмнө хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит уралдаанд түрүүлсэн тэр мөч сайхан байсан тухай ятгачин бүсгүй даруухан өгүүлнэ. Ийнхүү ятга хэмээх эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, донж маягийг бусдаас илүү илтгэх мэт хөгжмийн зэмсгийг эзэмшиж, түүндээ хүсэл бүхнээ шивнэн тоглох ховорхон хувь тавилан минжит Булганы танхил охинд заяажээ. Амраа жаахан байхдаа уурлахаараа ятгаа баахан тоглодог байсан гэсэн.
“Virtuoso-2014” гала тоглолт энэ сарын 4-ний үдэш Улсын филармонид болно.
Хэн нэгэнд гоморхох, уйлмаар болтлоо бухимдахдаа үгийн зөрүүгүй угүй ятгаа тоглож гардаг байсан гэнэ. Харин тун удалгүй дотор нь цэлмэж, инээд алдаж байх. Магадгүй Ч.Амгаланбаяр ах нь отгон дүүгийнхээ юунд дуртайг, юунд сэтгэлээ өгснийг гярхай олж харсан болохоор түүнийг гараасаа салгалгүй хөтөлсөөр мэргэжлийн сургуульд авчирч оруулсан биз ээ.
Одоо ч тэр ах нь дүүгээ өнөө л багынх шиг нь эрхлүүлсээр, өөрөөр хэлбэл бүхий л талаар дэмжиж тусалсаар яваа. Ямартаа л Амрааг хөгжмийн сургуульд тэнцээд элсч ороход гэрийнхэн нь бүгд санал нийлэн тайван амгалан төрөлх Булган сумаа орхиод их хөлийн газар Улаанбаатарыг зорин нүүж ирэх вэ.
Ийм их сэтгэл гаргаж тавтай тухтай сурах бүхий л бололцоогоор хангаж, өдий зэрэгтэй хөгжимчин болоход бат бөх ар тал байж өгсөн гэрийнхэндээ их баярладаг, үнэнч нөхөр ятга хөгжимдөө бүр илүү хайртай, тоглолт бүрийн дараа, амжилт бүхнээр ятга хөгжмөө үнсч аргадаад уут саванд хийж нандигнадаг ятгачин Ч.Амарбаясгалан хэдхэн хоногийн дараа оны шилдэг мэргэжлийн уран бүтээлчдийн “Virtuoso-2014” гала тоглолтоор үзэгч олонтой хөгжим, хөг эгшгээр уулзах гэж байна.
Дашрамд дуулгахад оны шилдэг мэргэжлийн уран бүтээлчдийн “Virtuoso-2014” гала тоглолт энэ сарын 4-ний үдэш Улсын филармонид болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!