Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж байна

ikon.mn
2014 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж эхэлжээ. 

2013 оны 6 дугаар сараас 2014 оны 7 дугаар сарыг дуусталх хугацаанд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр хадгалж байв. 

Харин 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор  мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12.0 хувь болгох шийдвэр гаргаад байсан. 

Үүний дүнд инфляцийн түвшин тогтворжиж байгааг эдийн засагчид онцолж байна.

Тэгвэл 2015 онд улсын төсөв мөн л тэлэлттэй байхаар батлагдсан, төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байгаа, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй ийм орчинд мөнгөний бодлогод ямар өөрчлөлт оруулах нь ихээхэн анхаарал татаж байна. 

Учир нь инфляцийг дунд хугацааны зорилтот түвшин болох 7 хувьд байлгахын тулд нэг талаас улсын төсвийг тодотгож, төсвийн зардлыг бууруулж зохистой болгох, нөгөө талаас эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг эрс сайжруулах замаар төлбөрийн тэнцлийг ашигтай болгох, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь чухал байгааг судлаачид онцолсоор байна. 

Бодлогын саналыг 2-3 удаагийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр Мөнгөний бодлогын зөвлөлөөс шийдвэр гаргадаг байна. Ямар шийдвэр гаргах нь ойрын хугацаанд тодорхой болох юм байна.

Б.Үүлэн