Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Бадамсамбуу: Хөхийдөө очихоор л сая нэг уужуухан амьсгаа авч сэтгэлийн тайвшралыг мэдэрдэг

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг

“Гараг” студийн захирал аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуутай уулзахаар МҮОНТ-ийн гурван давхарт байх студид нь явж очлоо. “Долоо хоногийн бүх л өдрүүдэд амралтгүй ажиллаж байгаа ч төлөвлөсөн ажлаа амжихгүй л байна. Хоногийн 24 цаг заримдаа нүд ирмэх зуур л өнгөрсөн байх юм. Амждаг бол хийх ажил үнэхээр их байна санж “ хэмээсээр намайг тоссон юм.

Цомхон ажлын өрөөндөө хоёр туслахтайгаа дараагийнхаа нэвтрүүлгийг монтажлаад үнэхээр л чөлөө завгүй ажиллаж байв. Бүх л бичлэгийг нэг бүрчлэн хянаж маш анхааралтай ажиллаж байгаа нь аргагүй л өөрийнхөө ажилд сэтгэл зүрхээ өгч, үзэгч олноо ихэд хүндэлдэгийг нь илэрхийлж байлаа.


-“Гараг” студийн нэвтрүүлгүүдийг үзэж өөрийн тань намуухан дуу хоолойг сонсохоор бие сэтгэл тайвшраад, нэг ёсны сайхан амралт болдог. Харин үзэгч олондоо аялалын сонин сайхнаар сэтгэлийн тайвшрал олгож байдаг тэр нэвтрүүлгүүд тийм ч амар бүтдэггүй бололтой?

- Ерөнхийдөө ажиллагаа нэлээд орно шүү. Дэлхийн олон улс орон, тэгээд төрөлх Монгол орноороо аялан явж бэлтгэсэн материал бол хангалттай байгаа.

Харин түүнийгээ монтажлан телевизийн дэлгэцээр үзэгч түмэндээ хүргэх эцсийн шат дамжлага нь чимхлүүр ажил ихтэй нягт нямбай ажиллагаа шаарддаг онцлогтой.

-Ойрдоо хүйтний эрч чангарч байна. Ийм үед суурин байна биз?

- Хүйтний эрч чангарлаа гээд суугаад байна гэж байхгүй л дээ. Саяхан Өвөрхангай аймгаар явж намрын сүүлийн зураг авч яваад ирлээ.Өвөрхангайд цас ороогүй, дулаахан байна лээ. Харин уржигдараас хүйтний эрч чангарсан сурагтай.

-Өвлийн аялал, зугаалга нь ялангуяа Скандиновийн орнууд, Канад, Аляск тийшээ сайн хөгжсөн юм билээ.Манайд энэ талын аялалын эхлэл тавигдаж байна уу?

-Нэг үе монголын өвлийн улирлыг бүр нэг үхмэл улирал шиг ойлгодог байлаа шүү дээ. Одоо тэр ойлголт үеэ өнгөрүүлж эхнээсээ гэсч байна. Ялангуяа дэлхийн дулаарлыг дагаад өвөл болдоггүй, цас мөс гэдгийг үзээгүй халуун дулаан орны хүмүүс төв Азийн нүүдэлчдийн амьдралыг газар дээр нь нүдээрээ үзэх, эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орны өвлийн улирлыг сонирхох сонирхол нь их болсон. Өвлийн аялал жуулчлал дотроо өвлийн ангуучлал, нохой чаргаар аялах гээд олон хэлбэр байгаа.

Сүүлийн үед манай аялал жуулчлалын салбарынхан тэмээний баяр, мөсний баяр хэмээх шинэлэг ажлууд хийх болсон нь энэ салбараас орох орлогыг нэмэгдүүлэхээс гадна хамгийн гол нь өвлийн улиралд Монгол руу чиглэх жуулчдын урсгалыг байнгын болгох давуу талтай юм.

Үүнээс гадна өвлийн аялалын хамгийн гол брэнд нь “Цагаан сар”-ын баяр ёслолын ажиллагаа мөн. За тэгээд суурин өвлийн спорт аялал жуулчлал хөгжиж байна. Улаанбаатар, Эрдэнэт зэрэг цанын баазуудтай газарт энэ төрлийн аялал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа.

ОХУ, Монгол Улсын иргэд харицан визгүй зорчдог болсон нь өвлийн аялал, жуулчлалд тодорхой дэмжлэг томоохон түлхэц болох нь ойлгомжтой.

Зөвхөн Улаанбаатарын цанын баазыг зорин ирдэг байнгын жуулчдын тоо жил бүр нэмэгдэж байна. Энэ нь өвлийн аялал жуулчлал Монголд жинхэнэ утгаараа хөгжиж эхэлж байгаагийн тодорхой үзүүлэлт юм. Саяхнаас ОХУ, Монгол Улсын иргэд харицан визгүй зорчдог болсон нь өвлийн аялал, жуулчлалд тодорхой дэмжлэг томоохон түлхэц болох нь ойлгомжтой.

Одоо хамгийн гол нь өвлийн суурин жуулчны баазуудыг олноор нь байгуулж, сурталчилгаагаа маш сайн хийх хэрэгтэй байгаа юм.

-Сүүлийн үед Монгол орноороо нэлээн дорвитой аялаад байх шиг санагдсан?

-Эх орныхоо сайхан газруудаар хойшдоо ч аялна. Урьд нь ихэвчлэн Европын орнуудаар аялсан аялал зонхилж байсан. 

-Саяхан Бельгийн тухай үзэж байсан санагдана. Хэзээний аялал байсан бол?

-За байз. 2011-2012 онуудад Европын нэлээн олон орноор дараалсан аялал хийж байсан. Бодвол тэр үеийн аялал байсан болов уу.

Харамсалтай нь Европоор аялсан сүүлийн нэвтрүүлгүүдээ монтажлах нь байтугай нэлээн эрт авсан материалуудаа бэлтгэж амжихгүй л яваад байна.

- МҮОНТ-ийн дэлгэцээр гаргаад байх цаг олдохгүй байна уу. Өөр арилжааны олон телевиз байгаа шүү дээ?

- Хаашаа ч хөдлөхгүйгээр бэлэн байгаа материалуудаа монтажлан долоо хоногт нэг удаа бүрэн хэмжээний нэвтрүүлэг хийгээд байхад хоёроос гурван жил тасралтгүй үзүүлэх бэлээхэн материал надад байж л байна. Шилж сонгоод үзүүлээд байх сонирхолтой нөөц архив бол хангалттай байгаа.

-Та өөрөө хүсэхгүй байна уу, өөр бас шалтгаан байгаа юм уу. Аялалын нэвтрүүлгийг худалдан авах телевиз олон л байх учиртай?

-Сэтгүүл зүйн аялал жуулчлал гэдэг өөрөө тодорхой хэмжээний өртөг зардал шаарддаг ажил. Аялалын нэвтрүүлгийн үнэлгээ одоохондоо их тааруухан байгаа. Өнөөдөр зөвхөн аяланыхаа хэдэн нэврүүлгээ эфирээр цацаад амьдрах боломж байхгүй. Нэвтрүүлгээ хийнгээ завсар чөлөөгөөр нь бусад төсөл, хөтөлбөрүүд дээрээ ажиллаад цаг зав багатай байдаг.

Бидний амьдарч байгаа энэ нийгэм хэн сайн сэтгэж, түргэн шуурхай ажиллана тэр хэрээрээ амьдрал ахуй нь баталгаажиж, хэн залхуураад шинэ юм хийхгүй байна тэр хүн аяндаа шахагдаад үлддэг хуультай. Товчхондоо зөвхөн аялан явж нэвтрүүлэг хийгээд продакшныхаа хэдэн хүмүүсийг цалинжуулан амьдрал ахуйгаа аваад явах боломжгүй тул өөр бусад ажлаа ч хажуугаар нь амжуулан хийгээд явж байгаа гэж ойлгож болно.

Энэ онд “Гараг” студидийн хувьд үүсэн байгуулагдсан 15 жилийн хугацаанд даруухан амжилттай буюу цөөвтөр нэвтрүүлэг шинээр бэлтгэн үзүүлсэн жил байлаа. Уг нь бол жилдээ 50 гаруй нэвтрүүлэг байнга гаргадаг байсан. Энэ жил бусад ажил руугаа нэлээн их анхаарал хандуулснаас иймэрхүү үр дүн үзүүлсэн хэрэг. Нэг ёсондоо үнэлгээ муу, хүлээж авах орчин тааруухан байгаа нь манай ажилд нөлөөлж байна.

-“Гараг” студи байгуулагдаад 15 жил болоход ойролцоогоор хэдэн нэвтрүүлэг дэлгэцээр цацаж үзүүлсэн бол.

-“Гараг” студи маань 1999 онд байгуулагдсан. Би 1997 онд Англид сурахаар явсан.Тэндээс тодорхой хэмжээний Англи хэлтэй болоод ёстой л ганзага дүүрэн олзтой ирж байлаа. Ирэнгүүтээ л хүүхэд насныхаа мөрөөдөл болсон дэлхийгээр нэг хэрэн хэсч, аялан жуулчлах ажил маань эхэлсэн түүхтэй.

Хамгийн анхны нэвтрүүлгээ “Бурхан Халдун”-аас бэлтгэсэн 

Хамгийн анхны нэвтрүүлгээ “Бурхан Халдун”-аас бэлтгэсэн материалаар хийж тэр үедээ шуугиулж л байлаа. Өнөөдрийн байдлаар 600-аад нэвтрүүлэг хийсэн байна лээ. Монголд анх удаа тогтвортой аялалын нэвтрүүлэг хийж эхэлснээрээ бахархаж явдаг. Сэтгүүл зүйн аялал жуулчлалын салбар цоо шинээр үүсч хөгжихөд миний оруулсан хувь нэмэр их бий.

-600-аад нэврүүлэг гэдэг маш их хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдсан нүсэр ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Таниас өөр хүн мэдэхгүй адал явдал, санаанаас гардаггүй учрал тохиол олон байгаа даа?

-Аялал болгон адал явдлаар дүүрэн байдаг. Эйдинбургийн цайзны мухарт хоног төөрүүлж, гудамжинд ч хонож л явлаа. 

-Сэтгэлээс гардаггүй сонин учрал тохиолоосоо яриач?

-Израйль улсын нутаг дэвсгэр, Сөнөсөн тэнгисийн хойд эргийн хөндийд Иордан голын баруун эрэгт Масада нэртэй цайз бий. Одоогоос 2068 жилийн өмнө Ромын цэргүүд Израйль улсыг эзлэхэд тэр цайзад 967 хүн бүгж үлдээд гурван жилийн турш харийн булаан эзлэгчдийг эсэргүүцэн тулалдсан гайхамшигтай түүхийг тэр цайз хадгалж байдаг. 

Гаднах ертөнцөөс тусгаарлагдсан цайз бүтэн гурван жил тэсвэрлэн тулалдсаар сүүлдээ аргагүй эрхэнд хоол хүнс нь дуусч, хүүхэд эмэгтэйчүүд нь ядарч туйлдаад ирэнгүүт дайсанд амьдаараа олзлогдож тэдний бах тавыг хангахгүй гээд бүгдээрээ амиа хорлож үхэцгээсэн эр зоригийн дуулал болсон гайхалтай сэтгэл уярмаар түүх байдаг юм.

Еврейчүүд айхавтар ухаалаг холын бодолтой хүмүүс тулдаа цайзын мухрын нүхэнд хоёрхон хүнд хоол хүнснийхээ үлдэгдлийг шавхан өгч нууснаар тэр хоёр нь амьд гарч өөр хаана ч тохиолдоогүй сэтгэл уярч, өр өвдмөөр энэ түүхийг хүн төрөлхтөнд мэдрүүлсэн түүхтэй.

-Тэгвэл хамгийн их өртөг зардлаар аялсан аялалынхаа талаар сонирхуулахгүй юу?

-50 сая төгрөгөөр бүтээгдсэн Туркийн тухай аялалын цогц нэвтрүүлэг байгаа. Манай нэг телевизээр Туркийн талаар таагүй мэдээлэл гарч тэндээс улбаалан Монголчуудад хүрсэн Туркийн тухай буруу ташаа ойлголтыг залруулах үүднээс Туркчууд надад хандснаар хамгийн их өртөг зардлаар бүтсэн энэ аялалаа хийсэн.

Миний нэвтрүүлгүүд бол сонгомол аялалынх буюу классик төрлийн аялал.

Ерөөсөө бүх л зүйлээ урьдчилан төлөвлөж зөвхөн аялалд өөрийгөө бүрэн дүүрэн зориулсан хүний ажил байгаа юм. Сүүлийн үед арилжааны телевизүүдээр сонирхогчийн журмаар хийсэн аялалын нэвтрүүлгүүд гарах болсон нь сайшаалтай хэдий ч мэргэжлийн хүний нүдээр харахад дутуу дулимаг зүйл их байна. Ер нь бол сэтгүүлч болгон аялагч, судлаач байх ёстой юм.

Миний нэвтрүүлгүүд бол сонгомол аялалынх буюу классик төрлийн аялал.

-Увс, Ховд, Баян-Өлгийгөөр ойр ойрхон явдаг юм шиг байна лээ. Ялангуяа Увсын Зүүнхангай сумаар?

-Монгол хүний аль ч орон газрын хүмүүсээс ялгардаг онцгой ялгаа нь нутгаа санах өвчин буюу “носталгия” байгаа юм. Би ч адилхан төрсөн нутгаараа жилдээ заавал нэгээс хоёр удаа очдог. Тэгээд ч Хан Хөхийн нуруунд төрсөн хүү нь байтугай сонссон хүн дахин дахин очдог тийм л гайхамшигтай сайхан хангай байгаа юм.

Увсын Зүүнхангай, Өндөрхангай, Цагаан хайрхан, Баруунтуруун гэсэн дөрвөн суманд Элжгэн халхууд амьдардаг. Бүр эртний домогт овог аймгууд одоо хүртэл хэвээрээ хадгалагдан үлдсэн. 13-р зуунаас өнөөдрийг хүртэл нэгэн цул болж, үндэс угсаагаа алдалгүй барьсаар ирсэн энэ дөрвөн суманд Элжгэн халхын цөм нь байгаа. Энэ түүхийг яривал бид хоёрын цаг, цаас хүрэлцэхгүй урт түүх хөвөрнө. 

Элжгэн халхууд мэргэн ухаантай заргач байдлаараа, шилийн сайн эрсээрээ, хурдан мориороо, цуутай сайн бөхөөрөө,халхад зартай сайн дуучдаараа гэсэн таван шинж чанараараа үеийн үед алдартай. Засагт ханы хөх харчууд гэдэг чинь уг нь Хан Хөхийн эрчүүдийг л хэлдэг байсан юм. 

-Хан Хөхийгөө ярихаар л өөрийн тань нүд сэргээд явчихлаа?

-Хөхийдөө очихоор л сая нэг уужуухан амьсгаа авч сэтгэлийн тайвшралыг мэдэрдэг болохоор тэр. Өнөөдрийн энэ их эрчимжсэн нийгэм, тэсч яадсан шунал хүсэл, уур бухимдлаас түр ч болов зугатаж байгаа л хэрэг юм даа. Гэхдээ хойшдоо хүн төрөлхтөн сэтгэлгээний амар амгаланг эдэлж, тайван амьдралыг хэзээ ч үзэхгүй байх аа. Хичнээн мөнгө төгрөгтэй баян чинээлэг болох тусмаа мөхөл рүүгээ ойртож байх шиг аймшигтай санагдах боллоо. Хүн төрөлхтөн аймшигт шалгуурын өмнө тулж ирээд, яах аргагүй хүчин мөхөсдөөд зогсчихлоо шүү дээ. 

-Аялагч Г.Бадамсамбуу судлаач болсон гэж сонсогдоод байгаа?

- 2011 оноос судалгааны ажил хийж байгаа. Гэхдээ эрдмийн зэрэг хамгаалах гэхээсээ илүүтэйгээр өөрийн биеэр судалмаар зүйлүүд удаан хугацаанд анзаарагдсан учраас өөрийнхөө хэмжээнд шинжлэх ухааны ажил руу орохгүй бол болохгүй боллоо. Хөгширлөө. Би багын судалгаа шинжилгээний ажилд их дуртай байсан.

Уран зохиол, яруу найраг, сэтгүүл зүй гэж баахан явлаа. Нэг мэдсэн гараас гарсан зүйлгүй, өөрт байгаа жаахан нөөцийг гаргасан зүйлгүй байна. Тийм учраас судалгааны ажил руу эрчимтэй орсон. Гэхдээ гэнэт судалсан юм биш. Ер нь оюутан байхаасаа түүх, угсаатны чиглэлээр ганц нэг өгүүлэл бичдэг, эрдэм шинжилгээний илтгэл тавьдаг байсан. Судалгаа гэдэг чинь мөнгө олдог зүйл биш шүү дээ.

Судалгааг хийж байгаа хүнд нь хэцүү. Гэхдээ судалгааны бүтээлээр хүмүүс хооллодог. Дэлхий ертөнц юугаар хооллож байгаа юм. Энэ машин, техник, компьютер чинь шинжлэх ухааны үр дүн. Түүх, үнэт зүйлс нь мэдэгдэж байгаа болохоор үүнийг хүмүүс судалж үлдээсэн учраас хүмүүс оршиж байгаа юм. Тиймээс түүхийн чиглэлээр судалгаа хийж байна.

Төв Азийн хээр талд нүүдэлч иргэншлийн хамгийн супер нь Морьт иргэншил

-Сүүлийн үед нүүдэлчдийн соёл иргэншил мөхөж байна гэж их ярих боллоо? 

-Тийм. Энэ иргэншил удаан оршиход хэцүү. Яг сонгодог уламжлалд тулгуурласан сүүлчийн нүүдэлчид нь монголчууд юм. Тэр дундаа Төв Азийн хээр талд нүүдэлч иргэншлийн хамгийн супер нь Морьт иргэншил юм. Гэтэл хамгийн супер иргэншил нь бусад иргэншлийн бүслэлтэнд орчихоод байна. Өөрөөр хэлбэл суурьшмал иргэншил нь хумиж явсаар биднийг суурьшмал иргэншлийн үнэт зүйлс, тэдний давуу талыг зайлшгүй хүлээж авахад хүргэлээ. Сүүлийн хорин жилд бид цэвэр даяар буюу суурьшмал иргэншлийн хамгийн давуу үнэт зүйлсийг хүлээгээд авсан гэсэн үг.

Үүний өмнө 5000 жил оршсон нүүдэлч иргэншил гараа өргөөд бууж өгч байна. Яг хутганы ирэн дээрх шиг үед бид амьдарч байна. Бид 20-р зуунаас түүхээ шинжлэх ухаанч маягаар судалж ирсэн. Гэхдээ тэр нь үзэл суртлын хүрээнд хязгаартай судалж байсан. Харин сүүлийн хорин жил чөлөөт байдлаар, их өргөн хүрээнд, хэлхээ холбоотойгоор судлах бололцоо гараад ирж байгаа юм. Энэ бол монголын судлаачид өөрсдөө Төв Азийн нүүдэлчдийн иргэншлийн асуудлыг судалж эхэллээ гэсэн үг. 

Зураг