Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хугацаа нь дууссан бэлэн гоймон, дүрдэг цай борлуулж байжээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN

Хугацаа нь дууссан бэлэн гоймон, дүрдэг цайны савлагаанд дээрх хугацааг будаг арилгагчаар арилгаж, зориулалтын машинаар хуурамч хугацаа дарж, их хэмжээгээр борлуулж байсныг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас олж илрүүлэн олон нийтэд мэдээллээ. 

НМХГ-аас “Грийн Сити” ХХК-ийн Нарантуул захад байрлах агуулах болон Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах төв агуулахад шалгалт хийхэд энэ зөрчил илэрчээ.Тус компани хүнсний сүлжээнээс хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнээ буцаан төвлөрүүлж, гоймонгийн саван дээр хугацаа нь дууссан дүрдэг цайг дагалдуулан борлуулж байсан аж. 

Шалгалтаар Солонгосын Nong Shim үйлдвэрийн Хятад дахь үйлдвэрээс импортлосон “Mutton noodlesoup”, “Carry Ramen” нэрийн 8360 ширхэг бэлэн гоймон, “Solomon’s seal tea” нэрийн 154 хайрцаг дүрдэг цай, нийт найман сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүнийг устгуулахаар холбогдох газар нь шилжүүлсэн байна. 

Харин тус компанийн орлогч захирал Ж.Энхтуяад хуулийн дагуу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу таван сая 760 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байсан тул ЦЕГ-ын Зохион байгуулалттай тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна. 

 

 

 

ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш 
-Илэрсэн зөрчлийн талаар тодруулна уу?

Бид иргэдийн гомдол мэдээллийн дагуу тус компанид шалгалт хийсэн. Шалгалтаар энэ компани хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийхээ хугацааг санаатайгаар арилгаж, хүчинтэй хугацааны дардас дарсан байсан

-Хэдэн төрлийн гоймон импортолдог компани вэ?

Шалгалтын үр дүнд дээр дурдсан хоёр төрлийн гоймонгоос зөрчил илэрсэн. Бид нар зөрчлийг нь үндэслээд төв агуулахад байсан найман сая гаруй төгрөгийн барааг хураан авсан. Мөн захиргааны шийтгэл оногдуулсан. 

-Гадуур худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнийг нь хэрхэн татах вэ?

Гадуур худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнээ татан авах албан шаардлага тавьсан байгаа. Мөн бид тус бүтээгдэхүүнүүд худалдаанд байна уу гэдгийг найман дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудаар дамжуулан хяналт шалгалт хийж байна.