Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тод хийгээд ховор хөрөг

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 11 сарын 21
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

2004 оны дундуур шиг санана, Гангаа бид хоёр сэтгүүлч нөхдийн хамт цаст Гималайн уулан дахь Төвд орныг зорилоо.

БНХАУ-ын Гадаад яамныхны хэлснээр бол монгол сэтгүүлчид анх удаа албан ёсоор Төвдөд очиж байгаа нь тэр учраас тун хүндэтгэлтэй угтсан юмдаг. Хэнтэй ч, хэдийд ч тун амархан үг хэлээ ололцдог хэзээний зангаараа Гангаа маань хөтөч төвд залуутай тэр дорхноо л ах дүү болж явчихав. Галсан гэх тэр залуу Гангааг “Гангаар” гэж, Гангаа өнөөхийгөө “Аа муу, Галсан мэйрин” гэлцэх.

Очсон даруй тэндхийнхэн өндөр уулын нөхцөлд цусны даралт ихсэх тул огцом ширүүн хөдлөхгүй, гүйж харайхгүй байхыг сануулаад, пенициллиний шилний дайтай уусмал хүн бүрт арван ширхэгийг өгсөн нь хүчилтөрөгчийн бэлдмэл байв. Үнэхээр ч эндээс очсон хүн бүрийн даралт ихсэж, толгой нэлээд дүйнгэдүү, энд тэнд гишгэлж, гуйваад ч байх шиг санагдсан тул бид өнөөх авралын аминдэмийг булаацалдах нь холгүй, уухайн тас авлаа. Удаа ч үгүй Гангаа “Нэгийг уугаад нэмэр алга. Гурвыг хусчихлаа” гэчихсэн явав.

Маргааш нь өглөө нь хэдэн дүйнгэ юмнууд цайгаа уухчаа болоод хөтөлбөр ёсоор хоттой танилцахаар боллоо. Дэлгүүрт явж байтал мань Гангаа “Бие нэг л биш ээ. Харьж хэвтдэг юм бил үү” гэснээр буудал руугаа хүргэгдлээ. Нэг их юм бодсонгүй. Үдийн цайны цагаар буудалдаа иртэл Гангаад маань хүчилтөрөгчийн баллон залгаад хэвтүүлчихэж. “Үхэх нь ээ” гэж байна. Тэгснээ аманд нь бэхэлсэн хүчилтөрөгчийн маскийг хуу татан авч “Гангар цагаан Гангаа ингэж ч доошоо орохгүй шүү” хэмээн ханхалзав.

Учрыг тодруулбал мань эр өглөө болгон гүйж, гимнастик хийдэг заншлаараа тэр өглөө буудлаа тойрон гүйж, гар дээрээ хэд суниачихсанаас болоод “хэвтэрт” орсон юмсанж.

Ийнхүү хөглөж эхэлсэн аялал маань тун хөгжилтэй хийгээд сонирхолтой болсон юмдаг. 5000 метрийн өндөр даваан дээр бид хоёр асаагуурын гал хөх дөл төдий туниа муутайхан сүүмэлзэж байснаа унтрахыг ажиглан нэгэн шинэ нээлт хийж, зам зуур нэвсийх уугуул төвдүүдийн хар майханд бууж үзэхийн тулд заль зохиож, “Гангаа бөөлжлөө” хэмээн хөтчийг сандаргаж, автобусаа зогсоогоод майхан руу зугтаж, 10 юаниар төвд жаалуудтай патиараа татуулж, Төвдийн эмийн сангаас авсан нэгэн чухал эмийг ууж туршиж, тэрнээсээ болж хоёулаа нойргүй хонож гэх мэтээр мартагдашгүй сайхан өдрүүдийг өнгөрөөж билээ.

Бид хоёр нэлээд эртийн танил, бас ч гайгүй нөхөд явсан боловч чухамхүү Төвдийн тэр аялал л биднийг бие биенд маань бүрэн бүтнээр нээж өгсөн шиг санагддаг.

...2000-аад он хавьцаа гэнэтхэн л нэг жижиг шар нөхөр “Өдрийн сонин” хавиар үзэгдээд байх болов. Сураг дуулбал Мийгаагийн дүү гэнэ. Шархүүгийн Батмөнх дагуулж орж ирж анх танилцахад жигтэйхэн спорт ярьсан нөхөр байв. Сураг дуулахнээ хүндийг өргөлтийн спортын мастер, аймгийн заан цолтой гэнэ. Харахад аймгийн цолтой бөх гэхээргүй шавилхан шар залуу бөхгүй говийн аль нэг аймгийнх биш, бүр Төв аймгийнх гэнэ.

Төв аймгийн наадамд үзүүрлэж, заан цол хүртэнэ гэдэг баргийн аавын хүүгийн барах ажил биш тул шууд л биширлээ.
Эндээс л бидний зам нийлсэн. 

Сэтгүүлчийнх нь хувьд үнэнийг хэлэхэд нэг их анзаараагүй ч тэр цөөхөн жилийн дотор өөрийгөө таниулж чадсан. Сэтгүүл зүйн хаалгыг сэвхийтэл нээгээд шулуухан орж ирсэн шигээ тун богино хугацаанд байр сууриа бататгасан. Бид хэд “Энэ Жамбал гуайн хүүхдүүд авьяастай золигнууд юм аа” гэсээр түүнийг хүлээн зөвшөөрсөнсөн.

Тэр манай сонины сэтгүүл зүйд том сэтгүүлч явав. Өөрийн гэсэн өнгө төрхтэй. Бараг л нэг хэвэнд цутгачихсан мэт ижил бичлэгтэй, залуучууд нь хэн нэгнийг дуурайсаар байгаад хэн нь мэдэгдэхээ байчихдаг өнөөгийн манай сэтгүүл зүйд Гангаа анхнаасаа л өөрийн гэсэн хэлбэр, хэв маягтайгаа орж ирсэн юм. Задгай, өвөрмөц сэтгэнэ. Дүрслэл их сайтай. Жишиж, харьцуулах арга барил нь цаанаа л нэг өөр. Гарчиг нь хүртэл “Харь Буриадын нутаг дүүрэн цагаан нулимстай”, “Ус мөрөн байвчиг говийг минь тойрно”, “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ”, “Цагаан сараар л юмдаг” гэх мэт цаанаа л нэг донжтой. Ж.Гангаа гэсэн нэр, гарчиг хоёрыг нь хараад уншиж үзэх хүсэл хэнд ч өөрийн эрхгүй төрнө. Тэрбээр Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналыг 2012 онд хүртсэн. 

Хүнийхээ хувьд эгэл цагаахан. Жаахан дүрсгүй гэмээр хүүхэд төрхтэй. Их шооч.  Бараг өгүүлбэр бүхнийхээ араас ёжтойхон инээд дайна. Шударга шулуухан. Санаснаа “Энэ юу гэх бол” гэж огт бодохгүйгээр шулуухан хэлж орхино. Зөвөө батлах гэж маргана. Маргахаараа дийлдэнэ гэж бараг байхгүй дээ. Зургаар бол тэр тод хийгээд ховор дүрслэлтэй, дотроосоо нэвт гэрэлтсэн том хөрөг байжээ. Бие нь жижиг ч хамт байхад дулаахан, нөмөр нөөлөг ихтэй сайхан найз маань буцаж ирдэггүй холын аяндаа явчихлаа. 

Хийсэж ирдэг хэцүүхэн өвчин туссаныг тэр ч, би ч мэдэж байсан. Гэхдээ уулзахаараа өвчний тухай сэдвийг бид огт хөндөж байсангүй. Нөгөө байдаг л Гангаа хэвээрээ. Гэрэл гэгээтэй сайхан төрх нь янзаараа байсаар хорвоог орхилоо. Хамгийн сүүлд аравдугаар сарын эхээр Сандагаагийн өрөөнд тааралдаж, сэтгүүл зүйн тухай, БАЛДОРЖ шагналын үнэ цэнийн талаар яриа өрнүүлж байгаад л салсан даа.

Тэр сайхнаар дурсагдах зам мөртэй хүн. Ийм мөр, дүрийг хүний сайхан чанараараа, сэтгэл зүрхээ шингээн байж бичсэн бүтээлүүдээрээ арилшгүй зурж үлдээгээд одож. Тэр мөр Монголын сэтгүүл зүйд, бидний сэтгэл зүрхэнд тодоос тод дурайсаар байх болно.

С.Батбаатар

 

Зураг