Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах худалдааны төвтэй болох гэнэ. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны газрын дарга Ц.Баярмаагаас тодрууллаа.
-Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах худалдааны төвтэй болох гэж байгаа гэсэн. Энэ талаар товчхон мэдээлэл өгөөч?
-Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихээр хийсэн олон ажил бий. Нэг үеэ бодвол үйлдвэрлэгчид маань идэвхтэй болж байна. Гэвч тэдэнд тулгамддаг бэрхшээл нь борлуулалт. Үйлдвэрлэгчийнхээ дотоодын борлуулалтыг өгөхийн тулд үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төвийг байгуулах нь зүйтэй гэж үзсэн.
Ингээд өнгөрсөн онд ярьж, санаачлага гарган, зураг төслөө боловсруулсан. Гэвч хөрөнгө санхүүгийн асуудал шийдэгдэхгүй байсаар өдийг хүрсэн. Харин газрыг нь зохицуулах боломж байсан. Тухайлбал, үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийнхөө газарт худалдааны төвийн барилга барих боломжтой гэдгийг хэлж байлаа.
Уг цогцолбортоо үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломжтой.
Цаашлаад гадна дотны жуулчдад үйлчлэх тав тухтай орчин бүрдүүлэхээр төлөвлөж байсан юм. Мөн түрээсийн байранд байрладаг үйлдвэрүүдийг нэг дор байрлуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ мэтчилэн олон зүйлийг тусгаж өгсөн.
Нэгдсэн худалдааны төвтэй болох нь аж ахуйн нэгж болон хүмүүсийн борлуулалтыг эрс өсгөнө.
-Нээлтээ хийх гэж байгаа худалдааны төвийн байрны асуудлыг хэрхзн шийдвэрлэсэн бэ?
-Бид холбоодтойгоо хамтраад худалдааны, төвийн ажлыг хөрсөнд хэрхэн буулгаж болох талаар ярилцсан. Ингээд "Нар-Мон” компани өөрийн эзэмшлийн байрныхаа 1, 3 давхарыг үндэсний үйлдвэрлэгчдэд зориулах боломжтой гэдгээ хэлсэн юм.
Хоёрдугаар давхарт нь хуучин түрээслэгчид нь ажиллана. Одоогоор засварын ажил хийгдэж байгаа. Ирэх сарын нэгэнд нээлтээр хийхээр шаргуу ажиллаж байна.
-Талбайн түрээсийн үнэ хэд вэ?
-Компанийн зүгээс нэг ам метр талбайн түрээсийн үнэ нь 68 мянган төгрөг. Гэхдээ үндэсний үйлдврлэгчдээ дэмжиж байгаа учраас 45 мянган төгрөг болсон.
-Монголд үйлдвэрлэв гэсэн хаягтай ганц нэг дэлгүүр байдаг шүү дээ. Нэгдсэн худалдааны төв байх гэсэн санаа хаанаас төрөв?
-Байгаа ганц нэг дэлгүүр нь зай талбай багатай, машины зогсоолгүй, сонголт хийх боломжгүй зэрэг бэрхшээл бий. Томоохон үйлдвэрүүд нэрийн барааны дэлгүүрээрээ борлуулалтаа хийчихдэг Зах зээл дээр эрэлт нь байгаа учраас борлуулалтыг нь дэмжих гарц хайж байсан.
Нэгдсэн худалдааны төвтэй болох нь аж ахуйн нэгж болон хүмүүсийн борлуулалтыг эрс өсгөнө. “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаар 14-21 хоногийн дотор 3-4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийдэг. Тиймээс энэ санааг, ажил хэрэг болгохоор зорьсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!