АНУ-ын Чикаго хотноо 10 орчим жил амьдарч, зохиол бүтээлээ туурвисан Д.Нацагдоржийн болон, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, 2010 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт Зохиолч Д.Энхболд Монголдоо ирээд удаагүй байгаа. Тэрбээр “Паанан”, “Казиног номхотгосон түүх” зэрэг шуугиан тарьсан бүтээлүүд, Монгол ахуй амьдралын хөрсөнд ургуулан бичсэн олон тууж, богино өгүүлэг, кино зохиолуудаараа бүхний танил болсон билээ. Өнөөдөр Улаанбаатарынхаа гудамжаар алхахдаа шинэ бүхнийг сонирхож, шимтэн харж, алив бүхнийг тунгаан эргэцүүлсээр яваа зохиолчтой уулзаж ярилцлаа.
-Монголдоо ирсээр юу амжуулж, ямархан бүтээл туурвиж байна даа?
-Сүйдтэй дориун юм хийсэнгүй. Гэхдээ зүгээр дээшээ хараад хэвтээд байсангүй. Эхнэр бага охин хоёр АНУ-д үлдсэн болохоор гэртээ ганцаараа л гэдэг болж байна. Бага сага юм аялуулж л байна.
Нэг баримтат кино хийгээд захиалагчдад нь хүлээлгээд өгчихсөн. ХАХНХ-ын яамнаас 2014 оныг Гэр бүлийн жил болгон зарласан юм байна. Энэ ч үүднээс ХАХНХ-ын яам, Төрийн банк, МҮОНТ-тэй хамтран гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, нандин бүхнийг харуулахыг зорьсон “Хоймор өнжих нар” гэдэг 50 ангит кинонд дээр яг одоо ажиллаж байна. Эхний 20 ангийнх нь зураг авалт үндсэндээ дуусч байгаа. Саяхан Төв аймгийн Баянжаргалан суманд очиж уурхайтай холбоотой зураг авалтаа хийгээд ирсэн.
Дандаа сайхан залуучуудтай ажиллаж байгаа болохоор сэтгэл тэнэгэр, урамтай сайхан юм. Дараагийнх нь ангийг үзэгчид хүсэн хүлээх хэмжээний аятайхан кино хийчих юмсан гээд зүтгэж л явна.
-Та цахим ертөнцийн нэлээн идэвхтэй оролцогч юм билээ. Харин голдуу л автобусаар явсан, баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам руу алхсан тухай бичсэн харагдсан. Америкаас ирээд унаатай болж амжаагүй л явна уу?
-Хүний нутагт 10 жил болчихоод ирэхэд Улаанбаатар хот маань танигдахын аргагүй, үнэхээр сайхан өөрчлөгджээ. Манай том охиных АНУ-ын Элчин сайдын яамны зүүхэн талд байдаг юм. Тэгээд зээ нараа үнэрлэж, эрхлүүлэх санаатай хүргэнийх рүүгээ явна аа.
Заримдаа хотынхоо бүтээн байгуулалтыг харж, юм бодоод алхаж явахад жигтэйхэн сайхан амралт болох юм. Америкт унаж байсан унаагаа бага охиндоо үлдээчихээд ирсэн. Одоо охины маань ч сургууль соёл нь ч дөхөж байна. Тэгээд машинаа авчрах гэсэн чинь татвар, хураамж нь эндээс нэг дунд зэргийн жийп аваад уначих хэмжээний юм сонсогдож, бүр гайхчихаад л яваад байна. Арай ч ингээд автобусаар таваргаад байлтай биш нэг юмны арга боддог л байх даа.
-Улаанбаатарын гудамжаар алхаж явахад сэтгэл сэргээсэн, урам хугалсан олон зүйлтэй тааралдаж байгаа биз?
-Саар муугаасаа илүү шинэ сайхан бүтээн байгуулалт, тансаг орд харшууд хараа булаах юм. Манай монголчууд хэзээний гоё ганган ард түмэн байсан бол одоо бүр үнэхээр улам л сайхан, улам л өнгөлөг болсон байна. Харин замын түгжрэл, жолооч нарын бие биенээ хүндэтгэх наад захын соёл л жаахан хэцүү юм даа. Алхаж явахад сонин сайхан юм их таарах юм. Би саяхан тохиолдсон нэг явдлыг ярьж өгөх үү.
-Тэг л дээ. Мэдээж сонирхолтой үйл явдал болсон байх гэж бодож байна?
-Хэд хоногийн өмнө хотынхоо гудамжаар алхаж яваад хөл амраах санаатай Чингисийн талбайн өмнө талын цэцэрлэгт хэсэг суусан юм. Хажуугийн сандал дээр хоёр хүүхэн ирж суулаа. Хараад байсан филиппин улс бололтой юм. Хоорондоо өөрийнхөө хэлээр аядуухан яриад бас тэрүүхэндээ жаргалтай өнгөөр инээлдээд,харин надад нэг сонин бодол төрөөд. Хүний газар амьдарч явсан минь санагдахгүй юу. Тэгээд
-Та хоёр филиппин хүмүүс үү гээд асуучихлаа.
-Тиймээ гэж байна.
Улаанбаатар маань ямар санагдаж байна даа гэсэнд ёстой сайхан хот, амгалан тайван гэцгээснээ өвөл жаахан хэцүү гэж байна.
-Тиймээ өвөл хэцүү л гэлээ.
-Гэхдээ бид хоёр өвөл гадуур явдаггүй юм аа гэж байна. Нэг нь хүүхдийн асрагч нөгөө нь зүгээр л гэрийн үйлчлэгч ажээ. Ийм хүмүүст хүнд хэлж чаддаггүй дотоод асуудал байдгийг би гадарлах болохоор
-Та хоёрын зургийг авч өгье гэсэнд жигтэйхэн баярлацгааж байна. Талбай дээгүүр гурвуул явж нөгөө хоёрынхоо зогссон газар болгонд нь зургийг нь дарж өгсөндөө. Тэр хоёрын харцанд нэг тийм баяр баяслын солонго гялалзаад л байна билээ. Тэр солонго тэдний харцанд хэр зэрэг удаан татах бол доо гэж Багшийн дээд рүү явж байхдаа бодсоор л байсан юм даа.
-Таныг багадаа баянхуур хөгжим тоглож сурсан тухай “Гурвантэсээс Чикаго хүртэл” цувралаас тань уншсан. Таны хамгийн тоглох дуртай аялгуу тань ямар хөгжим байсан бол?
-Хэнтийн өндөр ууланд. Намайг багад радиогоор өглөөний 06:40-07:00 хооронд төрөл бүрийн хөгжмийн гоцлолууд нэвтрүүлдэг байсан юм. Аман хуур, баян хуурын гоцлолууд голдуу явна л даа.
Баян хуурын тийм тоглолтуудыг би алгасалгүй сонсдог зарим нэг барилтуудыг нь радиотойгоо зэрэгцээд л баян дээрээ бариад сурчих санаатай оролдож суудаг байсан л даа. Тэдэн дотор Хэдэн гялаан хонь, Хэнтийн өндөр ууланд хоёрын барилт нь онцгой сайхан санагдаад л сурчих юмсан гэж мэрийдэг байсан хэрэг. Гэхдээ яаж тэр улсууд шиг тоглож сурахав дээ өөрийнхөө хэмжээнд л оролддог байсан хэрэг.
-Таны бичсэн “Гурван тэсээс Чикаго хүртэл” гээд арав гаруй цуврал нийтлэлүүд цахим хуудсуудаар тарсан. Энд таны хүүхэд наснаас наашлах дурсамж, нэгэн үеийнхэний амьдралын бодит түүх, жар далаад оны хөдөө нутгийн амьдрал ахуйн тухай нүдэнд харагдтал бичигджээ. Энэ бичлэгүүд уран зохиолын ямар төрөлд хамаарах вэ?
- За даа, дурсамж л юм даа. Гэхдээ ихэнх дурсамж өнгөрсөн цаг дээр бичигддэг. Гурвантэсээс Чикаго хүрсэн замаа бол би арай өөр гэж хараад байгаа юм. Яг иймэрхүү чиглэлийн бүтээлийг манай сайхан ахмадууд маань бас бичсэн байдаг л даа. Ч.Чимид гуайн “Магеллан хаагуур гарсан бэ” бол ууган нь гэж би боддог юм. Тэгээд Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” орно.
Товчхондоо болоод өнгөрсөн явдлыг өнөөчлөх, чадвар хүрвэл ирээдүйчлэх нийт цар хүрээгээр нь аваад үзвэл гурван цагийн хэлхээнд дүрүүдээ амьдруулах гэж хэлж болно л доо. Хэрэв ингэж чадаж гэмээнэ хожим хэн нэг хүн цаг заваа үрээд л цаас нухаж суухгүй миний бичсэнийг уншаад цаг заваа хэмнэчих юмсан даа гэсэн санаашрал бас байгаа юм.
Өнөөдрөөс ургадаггүй маргааш гэж үгүй тэр ургаж гарах үр хөврөлийн биежсэн дүрийг урьдчилж харж чадах уу энэ тухай л бодож байна даа. Ур чадвар, төсөөлөн бодох маш их ажил бий миний уураг тархи харин хаана нь очихыг хэлж мэдэхгүй л байна.
“Нүгэл буян” гэж нэг сүүдэр ший байдаг даа. Дал наяад онд тэр сүүдэр шийг үзээд “Ишш хөөрхий, Намдаг өвөөд өөр хийх юм олдоогүй л юм байх даа” гэж боддог байсан. Гэтэл тэгж бодож байснаасаа гучин жилийн дараа “Намдаг өвөө ямар их алсыг харж байж вэ” гэж өөрийн эрхгүй сүүрс алдаж байна. Утга зохиолын мөн чанар буюу урлан бүтээхийн “сүнс”-лэг чанар уг нь энэ юм.
-Дээрх зохиолд Өмнөговь нутгийнхны аялга үг, өвөрмөц заншил, өв уламжлал, нутаг усаа хайрлан хамгаалах учир утгын тухай олон шигтгээ, дүр дүрслэл, урлал байдаг. Ерөөс зохиолч хүний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг ийнхүү бичиглэн хойч үедээ үлдээх явдал уу?
-Гол санаа нь дээр хэлэгдсэн байхаа даа. Ер нь бол тийм. Хэл гэдэг хөглөгдөөд л хөг нь алдагдаад л эргэж хөглөгдөөд л, хөгжлөө өөртөө тээж явдаг амьд бодгал л даа. Чамирхаж дэгжирхэнэ, нус нулимстайгаа холилдоно, зарим үед тугал хариулж гүйнэ, маргааш нь туг барьчихсан гэдгэр нь аргагүй алхаж явна.
Өнөөдрийн Төвд, Уйгар хэлийг өнөөгийн Немц, Франц хэлтэй харьцуулаад нэг бод доо. “Гунигланам” гэдэг ганц үгээр л жишээлэхэд нэгэнд нь эрх чөлөө эх орон тусгаар тогтнол гэж бууж байхад нөгөөд нь бороотой үдэш шанаагаа тулан хэн нэгнийг хүлээн цонхоор ширтэж суугаа бүсгүй буух жишээний. Гэтэл өнөөгийн монгол хэлэнд миний сэтгэхүйгээр дамжин буухдаа соёл зан заншлын хамаг л нандин бүхнээ үл үзэгдэгч агаарт соруулан алдаж байгаа хүний гуниглал болж буух жишээний. Хутга түрийлээд хот руугаа алхаж байгаа эрийг харсан хэн ч “За мань хүн шөл уух нь” гэж бодох нь ёс.
Харин өнөөдөр интернэт орчинд хэдэн мянган монгол залуучууд “Гэжийгааш дээ болжийш дээ суужийгаан азгүйен” гэх мэтсийг далбагануулаад эх хэлнийхээ, нарийн дээрээ өөрсдийнхөө толгой хоргодсон хот руу харайлгацгааж байна. Шөл гаргах нь ээ. Зуун хоньтой эр нэгээр нь шөл уучихад ерэн ес үлдэнэ. Төрөлх хэлээрээ шөл гаргачихаад дараа нь Англи хэл рүү “ Гэжийгааш дээ” гээд харайлгах юм болов уу. Зөв бичгийн дүрэм, найруулга гэж танагаа алдлаа. “Монголийн” гээд л бичих юм байна шүү дээ.
Монголын гэж бичихийн тулд эхлээд Монгол баймаар. Энэ бүхэн уламжлалаа өгөршсөн шидмэсний дайтай үзсэний л гай. Би өөрийгөө жин хөтлөж яваа эрээр төсөөлөн бодох дуртай. Миний хөсөгт ерөнхийдөө хоёроос гурван түм орчим хүн хамрагдаж явдаг юм. Уншигчид минь юм шүү дээ. Булаг шандаа цэвэр ариун байлгахыг хүсдэг шигээ ядаж энэ хөсөгтөө хэлээ буртаггүй байлгахсан гэж хүсдэг юм.
-Авьяасийн өгөгдөл удамшдаг байх аа гэж боддог. Таны авьяас билэг удамшиж ирэв үү. Өвөг дээдсийнхээ тухай хуучлана уу?
-Удамшдаггүй юм гэж үгүй. Хөлийн хурууны хумснаас эхлээд үсний өнгө хүртэл удамшина.
Аав маань Өвөрхангай аймгийн Хужиртын бага сургууль дүүргээд 12 настайгаасаа Архангай аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцаж 16 настайдаа техникумаа төгсөж Өмнөговь аймгийн Ноён суманд малын бага эмчээр ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлсэн юм билээ.
Аавын минь аав тарвагачин Дашхүү гэж олон хүүхэдтэй гүндүүгүй монгол байсан гэдэг юм. Аавыг Хөдөө аж ахуйн дээдэд оюутан болж очихоос өрсөөд би төрөхгүй юу. Тэгээд яахав аав ээж хоёр хоёулаа ою утан болж хот руу явахад нь би ээжийнхээ аав ээж дээр үлдсэн юм.
Эмээ маань ерөнхийдөө нэлээн ширүүн хүн байсан. Намайг суулгаж сургахаас хүмүүжлийн ажлаа эхлүүлж байсныг нь би мартдаггүй юм. “Өрөмний өт шиг гозгоносон амьтан ер олигтой хүн болдоггүй юм, суу наана аа” гээд орны хөлд суулгачихна. Өдөржин сууна шүү дээ. Хааяа нэг аргал түлш оруулахаар гарах шиг жаргал үгүй. Харин хангайн эмээ маань ёстой хурга ишиг цочоохгүй номхон хүн. Олон нялх балчир ач зээ дээр нь намайг нэмж аваачаад юүхэв гэж аав ээж хоёр маань бодсон байх. Тэр эмээг маань аавын дүү нарын хүүхдүүд ноолж өссөн юм.
Би тэнд очсон бол өнөөдөр Орхон, Цагаан гол хоёрын хооронд морины хоёр хажуу руу савчсан амьтан явах байсан байлгүй. Хэзээ хойно сургуулийн амралтаар оччихоод яг тэгж явдаг байсан. Нэг их далбагар нударгатай тэрлэг хэдэрч өргөн бүс ороочихоод согтуу хүн дууриан мориныхоо хоёр тал руу нударгаараа савчаад л ...Номхон морь таарчихаад олигтой явж өгөхгүй бол авга нартаа гомдоллоод л. “Би ямар хонины морь унах гэж танай энд ирээ юү” энэ тэр гэж под подхийтэл хэхрээд явдаг байсан.
Тэгэхээр багын хүмүүжил гэдэг нэг ёсны удамшил. Эхлээд сууж сурсан дараа нь алхаж сурсан. Эмээ маань унаагаа хөтлөж намайг өмнөө оруулаад борви руу шилбүүрдээд л алхчихдаг байсан. Хожим нь миний амьдрал яг тэр хэмнэлээр өрнөсөн дөө. Ингэхээр эмээдээ их баярлаж явдаг минь зүйн хэрэг.
Нөгөө нэг туйл нь миний өвөө. Өвөөг минь Сономпил гэдэг байсан юм. Түвд номтой хангайн эмээтэй маань таарсан бол хоёулаа налайсаар суугаад амьдралаа налайлгачихаж мэдмээр тийм номхон дөлгөөн хүн байсан даа. Хэлсэн үгийг нь хэрвээ бүтнээр нь хадгалаад авч үлдсэн бол би энэ хүртэл даялаж амьдархааргүй байх ч байсан байж мэднэ.
Өвөө маань “Хүн хоёр биетэй гэж ярьдаг байсан. Нэг нь хүнд шууд харагдана. Нөгөө бие нь хэдэн өдөр сар жилийн дараа харагдана. Өнөөдөр харагдах чухал биш алив юманд маргааш, болж өгвөл нөгөөдөр нь харагдаж байвал сайн” гэдэгсэн. Сэтгэлийг хэлээд байнаа даа. Ийм хоёр туйл руу татагдаж өссөн.
Нөгөөтэйгүүр аав маань огт хоосон хүн биш. Нилээн дажгүй ганзгалаатай. Залуудаа найруулал тэмдэглэл, сурвалжлага сайн бичдэг байсан юм. Зохиолч Найманжин гуайтай дотноор нөхөрлөж Лувсанцэрэн гуайтай ч ходийрхож нөлөөнд нь сүрхий автаж бичлэгийнх нь аясаар өгүүллэг ч бичиж байсан гэдэг. Гэхдээ хүн дууриах онцгүй юм байна гэж үзээд хэвлүүлэе энэ тэр гэлгүй устгачихсан гэж ярьдаг юм. Ийм л өв өвлөж утга зохиолын их далайн эрэгт ирсэн хүн л дээ би.
-Саяхан таны “Сүүлчийн хорчин” өгүүллэгийг уншив аа. Хавт Хасарын удмын Хорчин овогт өвгөн ... наймаа бол нүүрийн буянтай хүний ажилдаа гээд ...саранд хүрэхэд ч бэлэн алхдаг хэсэг бий. Уул нь тэр өгүүллэг... өтөл насандаа дарагдаад салхинд хийсч унах нуу гэмээр л эхэлдэг шүү дээ. Өвгөнд сэвэлзтэл алхах дотоод хүч хаанаас өгөгдвөө гэж гайхмаар байдаг. Наймаа хийж олсон хэдээрээ чихэр жимс авч хүүхдүүдэд тарааж, танил нөхдөө дайлах “...нүнжиг буянтай Монгол эр шүү” гэсэн залгаад нь өрнөх санаагаар гагнаж, дархалж өгсөн зохиолчийн урлал уу. Зохиолчийн бодлыг сонсмоор байна.?
-Тэр өвгөн Ван-Жэ-Шин нэртэй Хорчин хүн. Хорчингууд бол Хасарын удам хожмоо Манжийн эзэнт гүрний сумны зэв болж явсан түүх байдаг. Хаана бослого тэмцэл гарнав манай сайн эрс очиж дардаг.
Монголчуудаа ч дарж явсан гашуун үнэн бий. Хорчины удам одоо ч тасраагүй. Тасарчих вий гэмээр нарийссан нь бол харин чухам үнэн. Ийм эмзэглэлээр бичсэн юм. Хорчин удам тасарчихвал дараа нь хэн бэ гэсэн асуулт гарнаа даа.
Түүхэнд бид чухам чивчиртэл чангарсан сур шиг болж явсан улбаа мөр тодхон бий. Яана даа тасарчих вий гэмээр. Тэгж чивчирч чивчирч байснаа гэнэт тэсрээд гараад ирдэг. Удмын тэр чанар мөнөөх Ван-Жэ-Шинд хүссэн хүсээгүй цогцлоод явааг нь харуулах гэсэн юм. Нанхиад нэртэй хэн ч харсан нанхиад өвгөн. Үхчихэв үү дээ гэтэл босож ирээд байгаа биз. Мөнөөх Хорчин удмын цус нь тэгж босгоод байгаа юм.
Өнөөдөр Монгол үндэстэн нэг үеэ бодвол өргөсөж тэлж байна. Халимаг, Буриад, Тагнын урианхай, Өвөрмонгол, Хөх нуурын монголчуудын дунд монгол соёлын дэгдэлт дахин сэргэлт гэмээр явагдаж байна. Арван хэдэн жилийн өмнө би ингэж тэслэхсэн гэсэн хорхойдоо хөтлөгдөн төсөл биччихээд тамгатай бүхний өмнө бөхөлзөж тахартай төрийн хурууны үзүүрт цухалдаж явсан.
Харин өнөөдөр түүнийгээ ийм сайхан хэрэгжиж байхыг үзээд бах ханаж суугаа. Цаана чинь буриадууд шуудаг өмсөж углааш углачихаад барилдаж байна. Тонгорч байна. Сээрэн дунгуй хийж байна. Тагнын урианхайчууд жинхэнэ монгол бөхийн өмсгөл өмсчихөөд жинхэнэ монгол барилдаанаар барилдаж байна наадамдаж байна. Халимагт манай дуу хуургүй найр хуримыг найр хурим гэж тооцохоо больсон байна.
Өвөрмонгол Хөх нуурын монголчуудын дунд халх монголын яруу найраг манайхаас ч илүүтэй өргөн олныг хамран дэлгэрч байна. Захын Өвөрмонгол залуу Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би гэж уншиж байна. Шилийн гол аялгыг албан ёсоор Өвөрмонголын гол аялга гэж тооцдог байсан ах дүү нар маань жинхэнэ халх аялгаар ярьж сурах гэж мачийж байна.
Даяар монгол сэрж байна. Үндсэндээ таван зуун жил чивчирч чангарсан МОНГОЛ тэсэрч эхэллээ. Соёлын дээвэр эзэнт гүрний дээврээс хамаагүй бөх юм шүү. Монгол соёлын том дээвэр дахиад л дархлаажиж байна даа.
Гэхдээ л Ван-Жэ-Шинийг мартах эрх бидэнд үгүй. Тангуд мөхөөгүйг өглөө бүр сануулж бай гэж эзэн богд маань айлдсан шиг билээ.
-Тэгвэл “Тавын даваа” өгүүллэгийн... начны даваанд барилдахаар болсон хоёр найз аварга, арслангуудын ам авахыг хүлээх хэсэг байна. Өгүүлэмжийнхээ яруу сайханд умбаад орчихсон уншигч авхай гэнэт “үгүй энэ хоёр хоорондоо туначихсан юм биш байгаа” гэмээр түр зогсолт бий. Тэрхэн агшинд нөгөөх хоёр бөх залуу багш ламынхаа хэлж өгсөн тарнийг бувтнан гэж зүлэг тасдаад л... Уншигчаа хөтөлж аваачаад тэгж хөвсөлзүүлж байгаа нь зохиолчийн зохион бичиж буй арга уу, эсвэл?
-Энэ өгүүллэгийг бичиж байхдаа би “За тэнд нь тэгж зогсосхийгээд энд нь ингэж ухасхийх юм шүү “ гэж үнэндээ бодож төлөвлөөгүй. Тархи оюунд их удаан тийчилж байж төрсөн өгүүллэг л дээ. Бичихийн хувьд бол нэг орой л ер нь үндсэндээ хоёр цагийн дотор л биччихсэн юм.
Сүүлд нь нэг уншиж суусан чинь өөрийн тань анзаарсан тэр зогсолт гэх юм уу даа нэг тийм морины хусуур шиг юм анзаарагдсан. Гэхдээ сул унжаагүй , уяачийн бүсэнд яг л байх ёстой газраа байж байгаа хусуур шиг.
Аливаа зохиол бүтээлийг бичиж байхдаа зэрэгцүүлээд бодвол түүхийрнэ. Буузны халив сөхөхөөр түүхийрдэг шиг. Идэр есийн жавар дунд хаалга онголзуулаад байвал гэрт жавар хурганаа даа түүнтэй утга нэг. Уншигчийн сэтгэлийг онголзуулаад , хурдны хайрцаг нь гэмтчихсэн машин “ондого, ондого” гээд байдаг шиг ондогонуулаад байвал ном унших гэсэн биш ондууцлыг нь хүргэж мэдэх осолтой. Миний зарчим ийм л юм.
Их боддог. Бодоод л яваад байдаг. Зарим дүр олон бариулсан гэрийн хана шиг дорхноо эвлэдэг бол зарим нь үгүй. Ёстой хуран сарын бух шиг зөрүүдлэдэг. Тэр нөхрийн аяыг харахаас өөр аргагүй болдог. Тэгээд л бодоод байдаг. Тэгж явтал нэг өдөр ч юм уу нэг шөнө л гэнэт асгараад л буучихдаг. Бэлтгэл муутай үед сандарч тэвдэх ч тохиолдол гардаг.
Нилээн дээр автобусанд явж байхад өгүүллэг буух гэж сандаргаад эхний хэдэн өгүүлбэрийг нь амандаа давтаад л үглээд л явсан. Тэгтэл дундах хэсэг нь орж ирээд л нөгөөхийг тогтоогоод авах юмсан гээд үглэж байтал төгсгөл нь урсаад л замбараагаа алдаж байгаа юм.
Автобуснаас буугаад гэртээ харайлгаж орж ирээд бичих гэтэл байдаггүй. Нөгөөх чинь цэцгэн дээр буугаад нисчихсэн эрвээхэй шиг огт алга болчихсон байсан. Их сайхан өгүүллэг байсан санагдаад одоо хүртэл харуусдаг юм.
Түүнээс хойш дэвтэр харандаа биенээсээ салгаагүй, одоо диктофон авч явдаг юм. Нөхөр Балдан хэзээ ч хэл хөлд орж мэднэ тэр цагийг алдалгүй л барьж авах хэрэгтэй. Тэгсэн байхад уншигчдаа гэдэгнүүлээд годогонуулаад байхгүй. Өгүүллэг ч тууж ч эхлэх газраа эхлэж төгсөх цагтаа төгсөж чадна. Дээрх хоёр залуу бөхийн тухайд ч тийм л юм болсон юм.
-Сонины зай талбайнаас болоод та бид хоёрын яриа өндөрлөж байна. Танд уран бүтээлийн их амжилт хүсье?
-Ерөөлөөр болог.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|