Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Насанбуян: Дуулахаас гадна бүжиглэнэ, шаардлагатай бол жүжиглэнэ

Б.Төрбат
2014 оны 11 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг

Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуянг урьж ярилцлаа. Тэрбээр энэ сарын 28, 29-нд бие даасан тоглолтоо хийх юм. Ингээд түүнтэй уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе. 

-Юуны өмнө танд баяр хүргэе. Дотроо удаан бодож, төлөвлөсөн тоглолтоо хийхээр болжээ?

-Өө, маш их баярлалаа. Анх Улсын филармонид дуучнаар орохдоо л тог­лолтоо хийх талаар бодож эхэлсэн. Гэхдээ яг ямар өнгө аястай тоглолт хийвэл үзэгчдэд илүү хүрэх бол гэж их удаан бодлоо. Харин 2014 он гараад л бие даасан тоглолтоо хийхээр зориг шулуудаж, бэлтгэл ажилдаа орсон. 

-Тэгэхээр бүр 2011 оноос тоглолт хийх талаар бодож эхэлсэн байх нь ээ?

-Тийм ээ.

-Тоглолтын бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ? 

-Тоглолт маань дөхөөд толгой өндийх завгүй л явна. Дээр нь бие даасан хоёр дахь цомог дээрээ ажил­лаж байна. Шинэ цом­гийн маань дуунууд эхнээсээ үзэгчдийн хүртээл болоод эхэлчихсэн. Харин тоглолтын найруулагчаар С.Сүхбаатар гуай ажиллаж байгаа.

Мэргэжлийн дуу­чин, дээр нь мэргэжлийн урлагийн байгууллагад ажил­­лаж байгаа залуу дууч­­­ны хувьд бүх дуугаа амьд хөгжимтэй дуулна. Монгол болон гадаад дуу дуулагдана. “Би...” нэртэй тоглолт маань энэ сарын 28, 29-нд 19:00 цагаас Улсын филармонийн концертын их танхимд болно. 

-Шинэ цомгийн тань хоёр ч дуу үзэгчдийн хүртээл болсон. Өмнөх Насааг нэлээн эвдсэн хөг, аялгуутай дуунууд шиг санагдсан?

-Тийм ээ. Өнгөрсөн до­лоодугаар сард шинэ цом­гийн маань уран бүтээл “Нойр­гүйдэл” дууны клип үзэгч­дэд хүрсэн. Хөгжмийн дуугаралтын хувьд өөр, өм­нө нь дуулдаг байсан Насааг эвдэхийг оролдсон. 

-“Бороо” дууны хувьд?

-Бороо гэхээр л хүн бүрт сайхан болон саар дурсамж бодогддог. Яг л заримдаа хүсэл өөрөө унтардаг шиг. Хайртай хосууд ямар ч тайлбаргүйгээр хагацаж болдог. Дуу маань ч ийм утгатай. 

-Таны тоглолтоос үзэг­чид яг ямар мэдрэмж, таа­шаал авч гарах бол?

-Миний тоглолтыг ирж үзсэнээрээ дуучин Насаа гэж хэн бэ гэдгийг илүү мэдрэх болно. Энэ эмэгтэй ямар зүйл хүсч мөрөөддөгийг ойлгох байх. Хэдийгээр хоёр, гурван үгтэй уянгалсан олон нэр орж ирсэн ч тоглолтоо “Би...” гэж нэр­лэсэн. Тоглолтын нэрнээс л тодорхой, бас сонин, шинэлэг тоглолт байх болно гэдгийг амлах байна даа. 

-Таны ертөнцөөр аялах нь ээ?

-Яг тийм. Насаагийн өөр ертөнцөөр аялна. Миний тухай өмнө огт мэддэггүй байсан зүйлээ олж харах болно.

-Би хувьдаа уран бү­тээлчдийг тоглолтоос тог­лолтод ахиж, цаг хугацаа өнгөрөх тусам улам л чадваржиж байдаг гэж бод­дог. Та энгийн нэг залуу дуу­чин биш, Улсын филар­монийн гоцлол дуучин гэдэг үүднээс асар их хариуцлага үүрч, тэр хэрээр үзэгчид танаас илүү ихийг шаардана?

-Ойлгож байгаа. Ямар ч уран бүтээлч байнга ахиж, хөгжиж байдаг. Өмнөхөөсөө илүү дуулалт, тоглолт хийх ёстой. Тийм ч учраас Улсын филармонид гурван жил ажилласны хувьд тоглолтоо хийх нь зөв, хийх цаг нь болсон гэж бодсон. Өмнө нь нэг л зориг хүрэхгүй байсан. Одоо бол цаг нь ирсэн. Зүгээр нэг цуваа дуунууд дуулахыг хүсэхгүй байна.

Дуу болгон маань бүжигтэй, хоорондын холбоос нь маш гайхалтай байх болно. Өөрөөр хэлбэл, бяцхан хэмжээний зохиомжтой. Би дуулахаас гадна бүжиглэнэ, шаардлагатай үед нь жүжиг­лэнэ. Тиймээс тоглолт маань их сайхан болох байх. 

-Уран бүтээлчдийн ну­лимс нь их ойрхон явдаг. Та хамгийн сүүлд хэзээ уйлав?

-Өнөөдөр, ажлынхаа өрөөнд. 

-Уйлсаныг бүү асуу л гэдэг. Гэхдээ...? 

-Үгүй ээ, яах вэ дээ. Маш их ажил байна шүү дээ. Тоглолт хийнэ гэдэг тийм ч амар ажил биш. Гадаадын том, том одууд зөвхөн дуулалт, бүжгэндээ л санаа зовдог бол Монголд эсрэгээрээ. Бүх зүйл толгой дээр. Тоглолтын тайз, гэрэлтүүлэгээ яах вэ гэдгээс эхлээд ивээн тэтгэгч хаанаас олох вэ, бүжигчдийнхээ цалинг яаж тавих гээд л зовлон дуусахгүй юм. 

-Ингэж өөрийгөө зовоох шаардлага байна уу. Тог­лолт хийхээ больчихвол яасан юм бэ?

-Ямар ч гэсэн тог­лол­тынхоо ард амжилттай гарна гэдэгтээ итгэлтэй байна. 

-Амжилт хүсье. Тог­лолтын талаарх яриаг түр орхие. Ингэхэд таныг Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Саран­туяа­гийн шавь гэдгийг мэднэ. Яаж яваад багш, шавь болчихсон юм бэ?

-Би үнэхээр азтай. Тийм мундаг дуучны шавь болсондоо баярладаг. Анх 1996 онд “Хайрын бурхан” тоглолтыг нь үзэж байсан юм. Тэр цагаас хойш Сараа эгчийн бүх дууг сонсдог, үнэнч фэн нь болсон. Ингэж явсаар 2007 онд анх уулзаж байлаа. Утсыг нь авч, олон ч удаа залгасан. Тэгээд л нэг сайхан өдөр хадаг, сүү барьж очоод шавь орж байсан. Багшийнхаа 70 гаруй тоглолтод оролцож, бараг л дэлхийг тойрсон. 

-“Оддын эрэлд” тэм­цээнд оролцож байсныг тань санаж байна. Дараа нь “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ”, “Universe best songs” гээд л... Магадгүй та үеийнхээ дуучдаас өөрийгөө дэндүү их уралдаан, тэмцээнд сорьсон дуучин байх?

-Магадгүй би зоригтой юм болов уу. /Инээв/ Зарим хүн уралдаан, тэмцээнд ороод хойгуур байр эзэлчихвэл яана аа, нэр хүндэд маань муугаар нөлөөлнө ч гэдэг юм уу, тийм бодолтой байдаг байх.

Би бол тийм зүйлээс ер нь л айхгүй шүү. Дараа нь ордог байж дээ гэж харамсахын оронд орчихоод бахдалтай нь аргагүй сууж байх шиг сайхан зүйл байхгүй. Ялагдсан ч хамаагүй, харамсаж сууснаас л хамаагүй дээр шүү дээ. Аливаа тэмцээн, уралдаанд оролцох тусам надад асар их туршлага, сэтгэлийн хатуужил, тэвчээр авч ирдэг. 

-“Оддын эрэлд”-д орол­цож байсан үеэ дурс­вал. Хүмүүст хуучны сайхан цаг үеийг сануулсан со­нин, содон дурсамж байх болов уу?

-Тэр үед би СУИС-ийн оюутан байсан. Дуртай нь аргагүй очоод л бүртгүүлж байсан юмдаг. Анхандаа өөрийгөө ч нэг их хүчлээгүй, шалгаруулалт бүрт ороод яваад л байсан. Тэмцээн маань ч маш олон сар үргэлжилсэн шүү дээ. 

-Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Анхандаа түрүүлнэ гэж бодоогүй ээ. Зүгээр л өөрийгөө сорих зорилготой орсон. Тэгсэн шилдэг дөрөвт үлдчихдэг байгаа. /Инээв/ 

-Бодол тань шууд л өөрчлөгдөн биз?

-Тэгэлгүй яах вэ. Шилдэг дөрөвт үлдчихсэн хүн чинь түрүүлье л гэж бодно шүү дээ. Азаар түрүүлсэн. Тэр үед үнэхээр гоё санагдаж байсан. Үгээр илэрхийлэхийн аргагүй, яг л зүүд шиг. Ингээд тэр үеэ дурсахад үнэхээр сайхан байна шүү. 

-Тухайн үед үзэгчид танаас их зүйл хүлээж байсан. Шинэ уран бүтээл, шинэ цомог гээд л. Гэтэл та усанд хаясан чулуу шиг л алга болчихсон. Нэг хэсэг ямар ч уран бүтээл хийгээгүй шүү дээ?

-“Оддын эрэлд”-д түрүүлчихээд уран бүтээл хийхийг маш их хүсч байсан. Яагаад ч юм боломж, нөхцөл нь бүрдээгүй. “Нөхцөл нь бүрдэнэ” гэж байдаг шүү дээ. Арга зам нь олдохгүй, эв нь бүрдэж өгөхгүй яваад л байсан. Уг нь гоё шинэ дуу, клип гаргах юмсан гэж маш их хүсдэг байлаа. Түүндээ дотроо шаналж хэсэг явсан. Гэхдээ цаг хугацаа үр­гэлжилж, өнөөдөр би чиний өмнө ярилцлага өгөөд сууж байна шүү дээ. 
/Инээв/ 

-Тэгвэл анх дуулж эхэлж байсан, уралдаан тэмцээнд өөрийгөө сорьж явсан Насаа өнөөдөр хэр өөрчлөгдсөн бол?

-Уралдаанд анх оролцож, өөрийгөө сорьж байсан Насаа одоогийн Насаа хоёр асар их ялгаатай л даа. Тасралтгүй дуулсаар л байсан. Мэргэжлийн ур чадварын хувьд ахисан гэж бодож байна. Харин хувь хүнийхээ хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй.

-Тийм гэж үү?

-Хүн хэн байснаа хэзээ ч битгий март гэж үг бий. Би хэдий нэр алдартай болсон ч хамгийн нандин чанараа гээхгүй, хүнээрээ байх ёстой гэдгийг үргэлж бодож, мөрдөж явдаг. Хүний сэтгэл, хүн чанар гэдэг их нандин эд юм. Зүгээр нэг материаллаг зүйлтэй харьцуулашгүй. 

-Хүнийг найз, нөхдөөр нь шинж гэдэг. Та хэр найзархаг хүн бэ, бас най­зууд тань ямар зан чанар­тай хүмүүс байдаг вэ?

-Надад амьдралаас олж авсан тоотой хэдхэн найз бий. Амьдралын ямар ч үед тэд миний хажууд байж л байдаг. Тэд маань надтай л адилхан шударга, зарчимч, өөрсдийнхөө зорьсон зүйлдээ тууштай тэмцдэг. 

-Тоглолт тань болох гээд зав зай бага байгаа. Най­зууддаа хэр зав гаргаж байна вэ?

-Тийм ээ, ойр ойрхон уулзаж амжихгүй байгаа. Гэхдээ хүнд худлаа биш, чин сэтгэлээсээ шалтгаанаа хэлчихдэг байх хэрэгтэй. Найзууд маань ч гэсэн ойл­гож байгаа байх аа. /Инээв/ Тэгээд ч найз, нөхөд­гүй бол хүний амьдрал утгагүй шүү дээ.

-Тантай санал нэг байна. Зовлон, жаргалаа хуваалцах найз, нөхөдгүй бол амьдрал ямар ч хөггүй болсонтой адил биш үү?

-Магадгүй, тийм байх. Гэхдээ надад урлагийн олон найз, нөхөд бий. 

-Аяга хоолоо хуваагаад идэж суусан нөхөр олон жилийн дараа мартагдах тохиолдол бий. Ялихгүй зүйлээс болж сайн найзыгаа гомдоож, зам мөр салах үе бишгүй л байдаг. Танд ийм найз байдаг уу?

-Чиний хувьд. 

-Надад бий. Явуулахад хайран, дурсамж нь үнэтэй санагдаад огт холбоогүй байж чаддаггүй юм. Гэсэн ч урьдынхаараа хэзээ ч байж чаддаггүй?

-Харин надад байхгүй ээ. Би хэн нэгэн найзыгаа гомдоосноо санахгүй байна. 

-Тэгвэл таныг гомдоосон тохиолдол бий юу?

-Байгаа. Намайг гом­доосон хүнийг би уучилж чаддаггүй. Яагаад ч юм болдоггүй юм. Зарим хүнийг харахаар их сонин. 

-Юу нь?

-Хүнийг ашиглах зорилготой худлаа найдвар төрүүлдэг. Би тийм хүнд дургүй. Миний хувьд боломжтой л бол найз, нөхөддөө туслахыг хичээдэг. Гэхдээ хүнд бас боломжгүй үе гэж байна. Түүнийгээ ч би шударга хэлдэг.

-Тэгвэл би шударга асууя. Та “од” мөн үү?

-Биш. 

-Яагаад?

-Би өөрийгөө “од”, лаг гэж огт боддоггүй. Миний хийж бүтээсэн зүйл маань олонд хүлээн зөвшөөрөгдөж байж өөрийгөө “од” гэж бодно уу гэхээс ганц цомог гаргачихаад ингэж явих нь утгагүй.

Ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуутай болсон хойноо өөрийгөө “од” гэж хэлүүлнэ үү гэхээс хоёр, гуравхан дуу дуулчихаад “од” гэж хэлүүлэх утгагүй.

Надаас олон жил урлагт зүтгэсэн хүмүүс бий. Тэдний хажууд миний хийж бүтээсэн зүйл өчүүхэн шүү дээ.

-Ийм даруухан байх шаардлага байна уу?

-Ямар утгаараа.

-Яах аргагүй та олны танил, “од”. Учир нь намайг нэг хүн таньж байхад таныг 10 хүн танина. Тэр олон жил урлагт зүтгэсэн хүн тэр цаг үедээ л үлдсэн. Өөрөөр хэлбэл, тэр цаг үедээ л “од” байсан. Харин та, таны үеийн дуучид энэ цаг үеийнхээ “од” биш гэж үү?

-Миний хувьд олон жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж, тэрнийхээ үр дүнд нэр алдарт хүрдэг гэж боддог. 

-Уучлаарай, залуу уран бүтээлч болгон л тань шиг ийм утгатай зүйл ярьдаг. Ахмад уран бүтээлчдэдээ яагаад тал засаад байдгийг ойлгохгүй юм?

-Ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуутай болсон хойноо өөрийгөө “од” гэж хэлүүлнэ үү гэхээс хоёр, гуравхан дуу дуулчихаад “од” гэж хэлүүлэх утгагүй. Тэгээд ч би өөрөө өөртөө маш өндөр шаардлага тавьдаг. Тиймээс би тэр “од” болох хаа ч байсан юм. 

-Ярилцсанд баярлалаа. 

Зураг