Нэг дэх асуудал.
ШУДАРГА ЁСТОЙ МАНАН
Өнөөдөр 15.00 цагаас АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдана. Энэ хурлаас ямар шийдвэр гарах вэ. Хамгийн түрүүнд их эвслийн Засгийн газар байгуулах уу, үгүй юу.
УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл багтсан их эвслийн Засгийн газар байгуулагдах нь тодорхой боллоо гэх.
МАН-ынхан, АН-ын зарим фракц хоршин Ерөнхий сайдыг унагасан үйл явдал үүнийг нотлох мэт.
"Улс орны өмнө тулгараад буй хүнд асуудлаа хамтраад шийдэх ёстой юу" гэсэн үгийг ахмад гишүүн Д.Лүндээжанцан санаандгүй унагаагүй биз.
АН-ын ҮЗХ 228 гишүүнтэй. Үүний дийлэнхийг Алтангадас фракцийн гишүүд эзлэх аж. Харин тэдний эсрэг талд МоАХ, Шонхор фракцийн нийлбэр зогсож буйг Н.Алтанхуягийг огцруулах санал хураалтаас олон нийт харлаа. Гэхдээ Алтангадаст найдвар бий. МҮДН-ынхан тэдний талд...
"Фракц тус бүрийн балансыг бодолцвол эргээд л Алтангадасаас Ерөнхий сайд сонгогдох магадлалыг бүр илүү нэмж байна"
Тиймээс ч Засгийн газрыг толгойлох эрхт Алтангадасын давуу байдал хадгалагдах нөхцөл харагдаж байна. Түүнчлэн А намын нөхөд эрүүл саруул бодлогоор явахыг эрмэлзвэл фракц тус бүрийн балансыг бодолцож эргээд л Алтангадас фракцаас Ерөнхий сайд сонгогдох магадлалыг бүр илүү нэмж байна.
Шонхор фракцыг толгойлдог З.Энхболд УИХ-ын дарга. МоАХ фракцаас Ерөнхийлөгч сонгогдсон. Тэгэхээр энэхүү балансыг бодсон ч дараагийн Ерөнхий сайд Алтангадасаас дахин сонгогдох таамаглал баталгаажих мэт.
Алтангадасаас сонгогдох намын дарга бөгөөд Ерөнхий сайдад залуу удирдагчийг тавих эрмэлзлэл буйг эрх баригч намын гэгдэх зарим хэвлэлээс цухалзаад өнгөрсөн билээ. Тэгвэл Алтангадасын залуу лидерүүд Их эвслийн Засгийн газрыг хүсэмжилж буйгаа хаврын чуулганаар илэрхийлсэн удаатай.
Тиймээс өнөөдөр ҮЗХ юуны түрүүнд Засгийн газрын бүрэлдэхүүн буюу аль намтай хамтрахаа шийднэ. Үүний дараа сөрөг хүчин, хамтран түншлэгч намуудтай хэл амаа ололцох нэгэн НАМЫН ДАРГыг сонгох биз... Харин хэн тэдэнтэй хэлэлцээр хийх чадвартай лидер вэ?
Хоёр дахь асуудал.
ЕРӨНХИЙ САЙД
Хамгийн магадлал өндөртэй хувилбар Алтангадас байгаа талаар дээр бичсэн. Тэгвэл энэ бүлэглэлээс дараагийн Засгийн газрын тэргүүн тодорлоо гэж үзэхэд боломжит хувилбар нь Ч.Сайханбилэг болж таарч байгааг улс төрийн хүрээлэл дотор дөрөвдүгээр сараас хойш яригдав.
Алтангадаст олон залуу лидер бий. Гэхдээ л нэр цэвэр нь Ч.Сайханбилэг гэх. Түүгээр ч зогсохгүй улс төр, эдийн засгийн тогтвортой буюу өмнөх Засгийн газрын эерэг ажлуудыг залгамжлан авч явах хүнийг нэрлэ гэвэл ХУВИЛБАР 1 буюу Ч.Сайханбилэг яригдаж таарч байна.
Тэгвэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад тохиромжтой хүн мөн үү гэх асуулт гарч ирнэ. АН-ын бүлгийн дарга, ЗГХЭГ-ын дарга гээд Ч.Сайханбилэг намын бодлогын шийдвэрүүдийг гаргалцаж иржээ. Гэхдээ тэргүүн эгнээнд байх ёстой хүн яг мөн үү. Эсвэл одоогийн ар талын ажлыг хариуцаад явж байх хүн үү. Энэ асуултаас үүдэж АН-ын дараагийн лидерийн өөр хувилбаруудын нэр гарч байна.
Д.Дорлигжав, Л.Гантөмөр
Дараагийн эгнээнд Д.Дорлигжав, Л.Гантөмөр, С.Баярцогт, Х.Тэмүүжин, Х.Баттулга, З.Энхболд.
АН-ын дараагийн лидер Алтангадас бүлэглэлээс биш гэж үзвэл хоёр дахь хувилбар МҮДН. МҮДН-ээс хэн бэ. Хүлээн зөвшөөрөгдсөн лидер ховор. Байсан нь Р.Амаржаргал. Гэхдээ тэрбээр одоо фракцгүй нэгний тоонд ороод буй. Тэгэхээр Р.Амаржаргал дэмжигдэнэ гэдэг бүрхэг таамаглал юм.
Харин улстөрд өөрийн нөлөөллөө улам бүр тэлж буй Ерөнхийлөгчийн фракцаас буюу МоАХ-с гэж үзвэл Д.Дорлигжавыг нэрлэж болно.
Ерөнхийлөгчийн фракцаас буюу МоАХ-с гэж үзвэл Д.Дорлигжавыг нэрлэж болно.
Н.Алтанхуягийг унагаах ажиллагаанд ч прокурорын байгууллагыг оролцсон байх магадлалтайг хэвлэлээр таамаглан гаргаж ирээд буй. Тэгэхээр Д.Дорлигжавын сонирхлыг хэн ч таашгүй.
Ч.Сайханбилэг биш юм гэхэд Д.Дорлигжав л байх магадлалтай гэх хувилбар ч аль хэдийнээс ниссэн.
Энэ хоёрын араас Ерөнхий сайдад яригдах нь Л.Гантөмөр. Нэг Ардчилал фракцийн гэгдэх тэрбээр харьцангүй нэр цэвэр. Дээрээс нь одоо толгойлж буй боловсролын салбарын шинэчлэл ч нэр хүнд сайтай үргэлжилж байна. Гэхдээ тэр зөв хувилбар мөн үү...
Х.Тэмүүжин, С.Баярцогт
Х.Тэмүүжин, С.Баярцогтын тухайд тэд оффшор данс, Сарангэрэл гэх зүүтгэл зүүгээгүй байсан бол хамгийн түрүүнд яригдах залуу лидерүүд байсан биз.
Харамсалтай нь нэгэнт зүүсэн хар тэмдэг балрахад цаг хугацаа шаардана.
Хамгийн инээдтэй нь санаанд оромгүй шийдвэрийг гаргадаг АН тэднийг гаргаад ирлээ гэхэд Х.Тэмүүжингээс С.Баярцогт нь магадлал илүү. Х.Тэмүүжингийн холбогдсон таагүй үйл явдал өнөө хүртэл үргэлжлэн хэвлэлийн хуудаснаа бичигдсээр байх.
Улстөрчийн хувьд ч арвин түүхтэй С.Баярцогтын уучлалт гуйсан ярилцлага түүнд ямар тактик байсан бэ гэдэг асуултыг дагуулна.
Их эвслийн Засгийн газар байгуулагдлаа гэхэд хамгийн найрсаг аргаар түүнийг жолоодох хувилбар С.Баярцогт байхыг үгүйсгэхгүй.
Хэдий хууль бус зүйлд нэр холбогдсон хүмүүс улс төрийн тавцанд дахин гарч ирэхэд хэцүү ч тэдэнд боломж байдгийг дэлхийн том гүрний удирдагчдын нэг биш жишээ харуулна. Гэр бүлээс гадуурх амрагийн харилцаа, санхүүгийн хууль бус үйлдэлд орооцолдсон ч ард түмэн нь тэднийг уучилсан ойрын түүх бий.
Гэхдээ С.Баярцогтыг уучлах цаг болсон уу, үгүй юу гэдэг өөрөө асуудлын гол сэдэв. Их эвслийн Засгийн газар байгуулагдлаа гэхэд хамгийн найрсаг аргаар түүнийг жолоодох хувилбар С.Баярцогт байхыг үгүйсгэхгүй. Нас залуу ч АН-н санах ой гэгддэг С.Баярцогт Ерөнхий сайдын суудлаас мултрах нь тодорхой болоод байсан намын даргадаа өглөө нь орж өөрөө огцрох санал тавьсан ч тусыг эс олсон гэдэг.
Хувилбар 1 буюу Ч.Сайханбилэг намын дарга боллоо гэхэд түүний ард С.Баярцогт байсаар байх нь ойлгомжтой билээ.
Х.Баттулга, З.Энхболд
Хавсарч мэх хийж ямар хүч гаргаж болох вэ гэдгээ тэд харуулсан. Тэгэхээр дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдгийг тэд тооцоолоогүй байна гэж үгүй. Намынхаа нэр хүндээр дэнчин тавин энэхүү ээдрээт байдалд оруулсан тэдний ямар нэгэн санаархал шинээр байгуулагдах Засгийн газарт хүчтэй тусах нь ойлгомжтой биз ээ.
МоАХ-ын тэргүүн Х.Баттулгын тухайд Ерөнхий сайдад яригдах эсэхээс өмнө АН-аас хөөгдөх үү, үгүй юу гэдэг нь хамгийн тэргүүний асуудал болоод байна.
Гэхдээ түүний дотор 2017 оныг тооцоолсон шийдвэр гаргалтууд эргэлдэж буйг үгүйсгэх аргагүй билээ.
АН-ын Хяналтын хорооноос түүнийг хэдийнэ хөөх шийдвэр гаргаад буй. Тэгэхээр Ерөнхий сайдад түүнийг тооцоолох их эрсдэлтэй таамаглал болоод байна.
Харин АН-ын даргын сонгуульд Н.Алтанхуягтай өрсөлдөж байсан Шонхор фракцийг толгойлдог З.Энхболдын хувьд ямар санаатай нь тодорхой бус. Уг нь тэр УИХ-ын дарга. Гэхдээ түүний дотор 2017 оныг тооцоолсон шийдвэр гаргалтууд эргэлдэж буйг үгүйсгэх аргагүй билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!