Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Форбес хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдыг нэрлэлээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 11 сарын 7
iKon.MN

Форбес сэтгүүл 2013 оны зургаадугаар сараас 2014 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд хамгийн их ашиг орлоготой байсан эмэгтэй дуучдын жагсаалтыг уламжлал ёсоороо гаргажээ. Энэ жагсаалтыг Америкийн поп дива Бейонсе 115 сая ам.долларын ашгаараа тэргүүлсэн байна. Түүнээс гадна өөр ямар эмэгтэй дуучид энэ жагсаалтанд багтсныг хүргэж байна. 


1. Бейонсе Ноулз



Орлого: 115 сая$

Америкийн поп дива Бейонсе хамгийн амжилттай жилээ үдэж байгаа юм байна. Түүний аялан тоглолт орлого өсөхөд нь нөлөөлсөн бөгөөд тоглолт болгоноосоо 2,4 сая ам.долларын ашиг олжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард ямар нэгэн сурталчилгаа хийлгүйгээр шинэ цомог гаргасан нь тун богино хугацаанд iTunes дэлгүүрийн   шилдэг борлуулалттай цомог болж байлаа. 
 

2. Тейлор Свифт



Орлого: 64 сая$

Кантри дуучин Тейлор Свифт сонгодог поп руу “хальтирч” байгаа нь орлогод нь ч сайнаар нөлөөлж байна. Свифт жилийн дотор цомгийн борлуулалт, тоглолт болон Diet Coke, Keds,  CoverGirl-тэй сурталчилгааны гэрээ хийснийхээ ачаар өнгөрч буй хугацаанд өөрийнхөө хувьд асар их орлого хуримтлуулжээ. Түүнчлэн Свифтийн 1989 цомог нь оны хамгийн гүйлгээтэй цомгоор тодорч мэдэхээр байна. Учир нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л сая гаруй хэрэглэгчийн хүртээл болжээ. 
 

3. Pink



Орлого: 52 сая$

Пинкийн нэр шар сонинуудын эхний нүүрэн дээр залраад байдаггүй л дээ, гэлээ гээд энэ нь дуучны орлогод огтхон ч муугаар нөлөөлдөггүй. Харин ч “тайлант хугацаанд” Пинк 85 амьд шоу хийн, тоглолт бүрээсээ сая орчим ам.доллар олж байжээ. Түүнээс гадна Cover Girl зэрэг алдартай брэндүүдийн сурталчилгаанд тоглох, цомгоо борлуулах гээд түүний орлого өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл их. 


4. Рианна



Орлого: 48 сая$

Барбадос гаралтай 26 настай бүсгүй орчин үеийн хамгийн эрэлттэй поп одуудын нэг. Рианна маш амжилттай синглүүд ар араас нь гаргахын дээр Эминем Jay Z зэрэг бусад одуудтай хамтран уран бүтээл туурвидаг нь түүний нэр хүнд өсөх бас нэг шалтгаан. Түүний Твиттерт гэхэд 37 сая дагагч байдаг бол Фэйсбүүк дэх хуудсыг нь 90 сая гаруй хэрэглэгч “таалжээ”. 


5. Кэти Перри



Орлого: 40 сая$

Хэдийгээр Кэти Перри “тайлант хугацаанд” ердөө 20 тоглолт хийсэн ч рейтинг нь өндөр хэвээр л байна. Түүний хэдэн саяын орлого нь Cover Girl, Pop Chips зэрэг брэндүүдтэй томоохон сурталчилгааны гэрээ хийсэнтэй холбоотой. Мөн дуучин бүсгүй хувийн үдэшлэг дээр дуулан ихээхэн мөнгөн шагнал авдаг нэгэн. 
 

6. Женнифер Лопес


Орлого: 37 сая $

Нэр хүндээ улам бүр алдаж байгаа Америкийн шүтээн шоу Лопесыг шүүгчээр суулгаад ч амжилтаа  эргүүлэн авчирч чадахгүй байгаа. Харин дуучин бүсгүй өөрөө Питбуллтай хамтран дуулсан Бразильд болсон Хөл бөмбөгийн ДАШТ-ийн албан ёсны сүлд дууг багтаасан АКА  цомгоо гаргаж ихээхэн амжилттай яваа юм. 
 

7. Майли Сайрус

Орлого: 36 сая $

Дуучин бүсгүй шинээр тэсрэлт хийсэн нь дүр төрхөө эрс өөрчилсөнтэй нь холбоотой. Өмнө нь байсан даруу, хүүхдэрхүү төрх ард хоцорч, МТV –ийн ёслолын ажиллагаан дээр гаргасан араншин болон нүцгэнээр клипэнд тоглосон зэргээсээ болоод одоо түүний нэр сонин сэтгүүлүүдийн эхний нүүрээс буухаа больсон. Гэхдээ энэ дуулиан шуугиан нь Bangerz цомгийнх нь борлуулалтанд сайнаар нөлөөлсөн гэх юм билээ. 
 

8. Селин Дион



Орлого: 36  сая $

Селин Дион Майли Сайрус шиг хэвлэлийн бай болоод байдаг хүн биш л дээ. Гэхдээ л тоглолтоо амжилттай тавьж, орлогоо олсоор л байгаа од. Селин Дион Лас Вегасд тавьдаг байнгын шоу болон Европоор аялан тоглосон нь орлогыг нь нэмэгдүүлсэн юм. Төрөлх Канад орон нь ч түүнийг анхаарал, мөнгө гээд олон талаар нь дэмждэг. 
 

9. Леди Гага

Орлого: 33 сая $

“Мангасуудын хатан хаан” анх тэсрэлт хийн гарч ирж байснаа бодвол сүүлийн гурван жилд орлого нь арай л буурсан. Түүний хувьд нэр хүнд болон ашиг орлогынх нь оргил нь 2011 он байлаа. Тэр үед Леди Гага 90 сая ам.долларын ашигтай ажиллаж байжээ. Түүний амжилт буурсан шалтгаануудынх нь нэг гурав дахь студийн цомог нь шүтэн бишрэгчид болон шүүмжлэгчдийн хүлээлтийг талаар болгосонтой холбоотой.

Улмаар Леди Гага гэмтэл авснаар дэлхийн аялан тоглолтоо дуусгах боломжгүй болж, олон саяын шагналаа алдсан юм. Гэлээ ч түүний хүч шавхагдах болоогүй ээ, тэр ердөө 28 настай, мөн орчин үеийн хамгийн эрэлттэй дуучдын нэг байсаар л байна. 
 

10. Бритни Спирс

Орлого: 20 сая$

“Britney Jean ” нэртэй сүүлийн цомог нь шүтэн бишрэгчдийнх нь таалалд нийцэж, борлуулалт амжилттай байгаа ч энэ цомог нь Бритнигийн хувьд АНУ-д алтан цомог болж чадаагүй анхны цомог юм. Харин тэрбээр Лас-Вегасд байнга зохион байгуулдаг шоуныхаа ачаар ихээхэн мөнгө олдог. Улирлын эхээр дуучин бүсгүйд шоу тус бүрд 315000 ам.доллар төлж байсан бол одоо энэ шагнал 500000 ам.доллар давсан гэнэ лээ.