Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хэл ба IT

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 31
IKON.MN

Зөвхөн мэдээллийн технологийн үүднээс Монгол хэлний талаар санал бодлоо бичиж байна. Хэл зүйн эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчид нь юу бодож явдгийг хэлж мэдэхгүй юм.

Яг үнэндээ өнөөдрийн Монгол хэл бичиг нь орчин үеийн технологийн хөгжлийн дэвшилтэй мөр зэрэгцэн явахад гологдоод байна.

Тиймээс ч Монгол хэл бичгийг мэдээллийн технологид хэрэглээнд оруулах асуудал нь “ө, ү үсэгтэй товчлуур”, “програм хангамжийн орчуулга” төдийгөөр хязгаарлагдаж байгаа.

Уг нь бол цаашаа Монголоор бичсэн текстийг дуу хоолой, яриа болгон хувиргах, эсрэгээрээ яриаг текст болгон буулгах, Монгол үгийг бичигдэх явцад нь гүйцээж тааварлах, дараачийн үгсийн боломжит хувилбаруудыг нь төлөвлөх, дарагдах товчнуудын баримжаагаар үг таних, засварлах зэргээр хөгжсөөр хиймэл оюун ухаан бүтээх хүртэл явах ёстой.

Өөрөөр хэлбэл Монгол хэлийг бүрэн ойлгож, санаагаа илэрхийлэхдээ Монголоор ярьдаг робот бүтээх хүртэл хөгжих ирээдүйтэй байх юм.

Ядаж л жижиг дэлгэцтэй төхөөрөмжүүд (smartphone, wearable) дээр түргэн, хялбар бичих шинэ арга технологи хөгжүүлэхэд нэн чухал. Цаана чинь ухаалаг бугуйн цаган дээр товчны байрлалыг багцаагаар тэмтрэхэд л ямар үг бичих гэж байгааг таньдаг болсон байна.

Гэтэл үүнд бэрхшээл учруулж байгаа дараах хүчин зүйлс байгаа юм.

  • Монгол кирилл бичгийн дүрэмд үгэнд дагавар залгах бүрт үндсэн үг маш их хувирдаг. Хувирах дүрэм нь ойлгомжгүй, урьдчилан програмчлахад түвэгтэй. Болдог бол Англи хэл шиг, эсвэл уйгаржин Монгол бичиг шиг дагавар нь салангид үндсэн үгээ эвддэггүй баймаар.
  • Нэг үгийг олон янзаар бичдэгээс үндэс нь төөрөлдөх, ялгаж салгахад хэцүү болгож байна. Тухайлбал “төгрөг”, “дүгрэг” гэсэн хоёр үг уг нь нэг утгатай, уйгаржин Монгол бичгээр ижил бичигддэг ч кирилл бичигт тэс өөр үгнүүд гэж ойлгогддог. Угтаа мөнгөн тэмдэгтээ бид зоосны хэлбэрээр дүгрэг гэж нэрлэсэн юм болов уу гэж ойлгодог. Хэдэн ч янзаар дууддаг бай бичиглэл нь нэг байх хэрэгтэй.
  • Ижил бичигддэг ч өөр утгатай үйл үгс Монгол кирилл бичигт олон бий. Жишээ нь “сур” гэдэг үгийг “асууж сураглахын”, “эрдэм ном сурахын” гэсэн хоёр утгатай. Эдгээрийг ялгаатай бичдэг болох шаардлагатай. Уйгаржин Монгол бичигт “сур”, “сур-a” гэж ялгаж бичдэг.
  • Болж л өгвөл үсгийн тоог багасгах шаардлагатай. 26 үсэгтэй Англи цагаан толгой, 35 үсэгтэй Монгол кирилл цагаан толгойн хоорондох зөрүү нь төдийчинээ бид мэдээллийн технологийн хөгжлөөс хол байгааг харуулна.

Энэ бүгдээс харахад уйгаржин Монгол бичиг нь үнэхээр сонгодог бичиг бөгөөд өнөөдрийн технологийн хөгжилтэй сайн зохицох байж. Магадгүй ганц асуудал нь босоо чиглэлтэйд байж мэднэ.

Тиймээс ядаж одоогийн кирилл Монгол бичгээ уйгаржин бичгийн дүрэмтэй ойртуулж болдог бол Монголын мэдээллийн технологийн хөгжилд том түлхэц болох юм.

Гэхдээ энэ санаа нь зөвхөн IT хөгжүүлэгчийн харах өнцөг юм гэдгийг бодолцоорой.