Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин санаачилсан юм.

Шүүх байгуулах тухай хуульд нийслэлийн төвийн 6 дүүргийг хоёр бүсэд хуваан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг нэгтгэн зүүн бүс, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийг нэгтгэн баруун бүс гэж хэрэг, маргаан хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоон шүүхүүдийн байрших газрын нэрийг зөвхөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гэж тогтоосон. Энэ нь шинээр өөрчлөн байгуулагдах шүүхүүдийг байршуулахаар шүүхүүдийн байрны нутаг дэвсгэрийн харьяаллаас шалтгаалан Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөрчих нөхцөл байдал үүсээд  байгаа аж.

Харин нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрших дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 1, 2 дугаар нийт 4 шүүхийг байршуулах шүүхийн цогцолбор байр баригдаж ашиглалтанд ортол тухайн дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа шүүхүүдийн байрнаас гадна одоогийн ашиглаж байгаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийн байранд байршуулж, шүүн таслах ажиллагааг алдагдуулахгүй хэвийн явуулах боломжтой гэж үзэн төсөл санаачлагчийн зүгээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Зарим гишүүд хууль санаачлагчаас асуулт асуув

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүн  асуулт асууж хариулт авлаа. Гишүүдийн зүгээс цаашид цэгцтэй, зохион байгуулалттай бодлого явуулах нь зүйтэйг хэлж, хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд нухацтай ярилцах шаардлагатай гэсэн байр сууринаас хандаж байв.

Ингээд хуралдаанаар гишүүд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.