ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр сая зөгийтэй "Пагма Нандинцэцэг"

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 10 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Зөгийн бал олон төрлийн бактерийг устгаж, ханиад намдаадаг, ой тогтоомжийг нэмэгдүүлдэг,  шарх эдгээдэг, улирлын чанартай харшлыг бууруулдаг гээд түмэн ач тустай.

Мөн зөгий нисээд байвал хэчнээн салхитай байсан ч дулаардаг хэмээн тэнгэр шинждэг. Хүмүүс зөгийн бал хэрэглэхийг чухалчилдаг ч зөгийн аж ахуй болон зөгийг хэрхэн арчилж зөгийн бал гаргаж авдгийг төдийлөн сайн мэддэггүй.

Зөгийн бал таримал, органик гэж бий. Таримал нь өөрсдийн тарьсан ургамлаас бал түүлгэж зөгийн бал хурааж авах бол цэвэр нь хээр талд ургасан байгалийн цэцэгнээс бал авахуулах аж. Бид органик зөгийн бал “үйлдвэрлэж” байгаа зөгийн аж ахуйг зорьсон юм. Зорилго маань Төв аймгийн Батсүмбэр суманд биелэлээ.

Биднийг очиход зөгий аж ахуй эрхэлдэг П.Нандинцэцэг эгч арван литрийн хувин дүүрэн зөгийн бал жижиг шилэнд савлаж, хаяг нааж байв. Ингэж савлаад литр зөгийн балыг 30 мянган төгрөгөөр зардаг гэнэ. Зөгий бараг өвөлжөөндөө орох дөхөж байгаа болохоор сүүлийн зөгийн балаа савлаж байгаа нь энэ аж.

Харин зөгийнүүд нь ууланд оторт байгаа гэнэ. Гэрийн эзэд бидэнд агуулахад байгаа зөгийн бал савладаг шилнүүд, зөгийн үүр, зөгийн бал хураадаг тусгай машин зэргийг үзүүлээд зөгийн аж ахуй руу хөдөлсөн юм. Батсүмбэрийн төвөөс холгүй яваад зөгийн аж ахуйд ирлээ.

22 ширхэг модон хайрцаг эгнүүлэн тавьжээ. Энэ нь 22 бүл зөгий гэдгийг нь илтгэж байгаа юм байна. Нэг бүлдээ 60-70 мянган зөгий байгаа гэнэ. Тэгэхээр 1,6-2 сая зөгий байна гэсэн үг. Зундаа үүнээс их харин өвөлдөө арай цөөрдөг аж. Хайрцгыг нээхдээ хүзүү хүртлээ тортой малгай өмслөө. Тэгэхгүй бол хатгах аюултай гэнэ.

Уг нь зөгийнд хатгуулахаар үе мөчний өвчинд сайн байдаг ч хатгаад шууд үхдэг болохоор хүмүүс тэр бүр хатгуулдаггүй тухай зөгийчид хэлж байв. Хавар дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн байгалийн сайхныг шилж оторлоод арваннэгдүгээр cap гаргаад өвөлжөөнд нь оруулдаг юм байна. Зундаа хоёр удаа бал хураачихна.

Жинхэнэ зөгийн балыг хуурамчаас ялгахын тулд халбагаар хутгаад дусаагаад үзэхэд тасалддаггүй.

Цаг агаар сайхан байгаад тарваган шийр, нарийн навчит хөвөн оройт, цэнхэр дэгд зэрэг балт ургамал элбэгтэй бол зөгийн бал сайн хураана. Харин балт ургамал багатай газар оторлож хол нисэж цэцгийн тоосоо цуглуулах юм бол зөгий амархан ядардаг амьтан гэнэ.

Зөгийг яаж арчлах, балт ургамал ихтэй газар сонгон оторлуулах зэрэг нь зөгийчингөөс л шалтгаалдаг хэмээн гэрийн эзэн Ч.Санждорж ярьсан юм. Эднийх гэр бүлээрээ “Пагма Нандинцэцэг” аж ахуйг байгуулж зундаа хүмүүсийг авч ажиллуулдаг байна.

Намар өвөлжөөндөө ороход нь нэг бүл зөгийнд найман килограмм элсэн чихрийн уусмал бэлдэж өгөхөд л өвлийн идэш нь болчихдог. Мөн зөгийг тав хоногтоо эргэж өндөглөлт бал зэргийг нь үзэхгүй бол дүүрчихээд ажилгүй болох эрсдэлтэй. Нэг өндөглөхдөө 1500-2000 өндөг гарч  14 хоноод ажилчин зөгий болно гэхээр зөгий их хурдан өсдөг амьтан юм.

Мөн хурдан ч үхнэ. Янз бүрийн байдлаар үрэгдэхээс гадна хатгасан тохиолдолд шууд л үхнэ. Бас ажилчин зөгийнүүд цөөхөн сарын настай. Харин хуурамч, органик зөгийн балыг хооронд нь хэрхэн ялгах талаар П. Нандинцэцэг “Жинхэнэ зөгийн балыг хуурамчаас ялгахын тулд халбагаар хутгаад дусаагаад үзэхэд тасалддаггүй.

Тасалдсан ч нөгөө үзүүр нь хурдан агшдаг. Зөгийн балыг 18-21 хувийн устай байна гэж үздэг. 25 хувийн устай болоход л зөгийн бал унжралдаж дусдаггүй. Ус шиг под под гэж дусдаг. Дөрөвхөн хувийн ялгаа балны чанарыг муу болгодог” гэсэн юм. Эднийх нутагтаа зөгийн аж ахуй эрхлээд 30 гаруй жил болж байна.

Зөгийнөөс гарч байгаа бүтээгдэхүүн хэмжээ нь бага ч өртөг өндөртэй учраас зардлаа нөхөөд олчихдог ашигтай амьтан гэнэ. Зундаа 100 гаруй литр зөгийн бал авч гурван сая гаруй төгрөгийн орлого олно.

Зөгийн аж ахуйг ногоо болон мал аж ахуйн хажуугаар туслах аж ахуй болгон ашиглахаас гадна өөрсдөө цэвэр зөгийн бал хэрэглэж эрүүл мэнддээ анхаардаг байна.

Зураг