Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хлоя Морец: Кино зохиолоо уншаад уйлсан

Б.Даваахүү
2014 оны 10 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

“Hollywood”-ийн шинэ үеийн залгамж халаа болсон чадварлаг жүжигчид бий. Tэдний нэг бол Хлоя Морец билээ.  Хлое Морец эдүгээ 17 настай ч аль хэдийнэ “Hollywood”-ын “Халуухан залгамж халаа” нэр аваад байгаа юм.

Түүний  тоглосон дэлхийн 34 орны уншигчдын нулимсыг дуслуулж чадсан  хамгийн их эрэлттэй зохиолоос сэдэвлэсэн “If I Stay” кино дэлгэцнээ гараад удаагүй байна. Хамгийн сүүлийн уран бүтээлийнхээ талаар дэлгэсэн түүний ярилцлагыг орчуулан хүргэе.

-Зохиолын хувьд нэлээд алдартай. Хэвлэлтэд гараад таван жил өнгөрсөн ч, одоо ч гэсэн эрэлттэй байгаа. Тухайлбал, Нью-Йорк таймс сонины хамгийн сайн борлуулалттай номын жагсаалтыг 19 долоо хоног тэргүүлсэн гэх зэргээр бүх л насныхны унших дуртай номын нэг болсон. Таны хувьд зохиолыг анх уншихад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Би уйлсан. Бодит байдал дээр байдаг л зүйлийг нүдэнд харагдтал дүрслэсэн юм шиг санагдсан. Харин сүүлд Гэйл Форман өөрийн найзаасаа санаа авч бичсэн зохиол гэдгийг  нь сонсоод бодит юм шиг санагдах нь аргагүй юм байна гэж бодсон. Үнэндээ энэ бүтээлийг зүгээр нэг зохиол гэж хэлж болохгүй. Хүнд маш олон зүйлийг бодогдуулж, ойлгуулж ухааруулах бүтээл байсан болохоор надад үнэхээр их таалагдсан.

-Хлое  амьдралынхаа хамгийн том салаа замын уулзвар дээр байгаа 17 настай ахлах сургуулийн сурагч Миагийн дүрд тоглосон гэсэн. Дүрийнхээ талаар ярьж өгөхгүй юу?

-Миа гэнэн томоогүй хүүхэд наснаасаа том хүн болох анхны алхмаа хийх гэж буй охин. Хэдий тийм ч тэрбээр гэнэн цайлган хүүхэд хэвээрээ л байна. Гагцхүү юу хүсч байгаагаа тодорхой болгож, тэр нь юу ч байсан гэсэн түүнийхээ төлөө тэмүүлж, өөрийн болгохоор эрс шийдсэн. Зорилгодоо хүрэхийн тулд түүний амьдралд хэн нэгэнтэй үерхэх төлөвлөгөө огт байхгүй ч, нэг л мэдэхэд хөвгүүнтэй болзож, түүндээ дурлана.

Ингээд Миагийн амьдрал түвэгтэй болж эхэлдэг юм. Хайртай хөвгүүнтэйгээ хамт байхын тулд мөрөөдлийнхөө сургуулиас хүртэл татгалзаж, тааруухан сургуульд сурахаар шийддэг. Гэхдээ морин хийлч болох мөрөөдлөөсөө яасан ч ухарч болохгүй гэдгээ ухамсарлаж буйгаар үйл явдал өрнөдөг юм. Хүн бүрийн амьдралд тохиолдох анхны чухал бөгөөд томоохон зөрчилдөөнийг даван туулах туршлага хуримтлуулж чадсан гэж бодож байгаа.

-Миа морин хийлийг сайн тоглодог. Энэ хэсгийг харуулахын тулд хэрхэн ажиллав?

 -Зураг авалт эхлэхээс 3-5 сарын өмнөөс л энд тэндгүй морин хийл тоглодог болсон. Зочид буудлаас зочид буудал, үүдний өрөөнөөс үүдний өрөө гээд л. Анхандаа Skype ашиглан суралцаж байсан.

Морин хийл доод тал нь 15 жил орчим суралцахгүйгээр тоглочихдог хөгжмийн зэмсэг биш.

Гэвч морин хийл доод тал нь 15 жил орчим суралцахгүйгээр тоглочихдог хөгжмийн зэмсэг биш юм байна. Тийм болохоор хөгжим тоглодог үзэгдэлд Хаген Дэй гэх гайхалтай чадвартай морин хийлчийг өөрийнхөө оронд тоглуулсан юм. Тэр бүсгүйн ачаар зураг авалт маань амжилттай болсон.

-Энэ удаа Хлоеийн хайртай хөвгүүний дүрд “Цасан цагаан ба анчин” киногоор танигдсан жүжигчин Жэми Блэкли тоглосон. Киноноос Жэйми, Хлое нар аль эртнээс л дотно  харилцаатай байсан юм шиг харагдаж байсан?

-Жэйми мэдээж аятайхан залуу. Түүнтэй найз  болоход үнэхээр хялбар байсан. Хамтдаа ууланд гарч, баавгай үзэхээр явж, цанаар гулгаж, тоглолт хамт үзээд л хамт байхад хэзээ ч уйдахааргүй хөгжилтэй байсан шүү. Найз нөхдийн харилцааг бий болгосны дараа хайр сэтгэлийн харилцааг гаргаж, жүжиглэхэд амар байсан юм.

-Сүүлийн асуулт. Энэ бүтээлийг үзэх үзэгчдэд хандан хэлэхийг хүсч буй зүйл тань юу вэ?

-Зүрх сэтгэлд нь хүрч, миний мэдэрсэн зүйлийг үзэгчид маань ч гэсэн мэдрээсэй гэж хүсч байна. Миа, Тэди,  ээж, аав бүгд л бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн тул хүмүүст их ойр. Гунигтай түүх байж болох ч, хүсэл мөрөөдөл энэ кинонд дүүрэн байгаа. Энэхүү бүтээлийг үзсэн хүмүүст бага ч атугай өсвөр насны амьдрал  дурсагдах байх  гэж бодож байна.

Зураг