Өнөөдрөөс эхэлсэн iOS-ын 8.1 шинэчлэл дотор Apple Pay гэгдэж байгаа мобайл төлбөр тооцооны шийдэл багтжээ.
Ер нь эртнээс шинжээчид Apple компани мобайл төлбөр тооцооны салбарт хамгийн их амжилт гаргах боломжтой тоглогч гэж харж ярьсаар ирсэн юм.
Учир нь ганцхан Apple-д л 800 сая гаруй хэрэглэгчийн iTunes данс байдаг, тэдгээрийн ихэнх нь төлбөрийн картаа холбосон байдаг.
Тэгэхэд Amazon компанид 250 орчим сая хэрэглэгч, PayPal компанид 150 орчим сая хэрэглэгчийн данс бүртгэлтэй байдаг юм.
Харин Apple компанид төхөөрөмжийн шийдэл нь бэлэн биш байсан. Тэгвэл NFC чиптэй iPhone 6, 6+, iPad Air 2, iPad Mini 3 төхөөрөмжүүд, дээр нь нэмээд Apple Watch ухаалаг бугуйн цаг ирэх онд нэмэгдэхээр болоод байгаа. Мөн TouchID хурууны хээний баталгаажуулалтыг энд мартаж болохгүй.
Ингэж бүх тохироо бүрдсэний дараа тэд Apple Pay-г зах зээлд гаргаж байна. Гэхдээ одоохондоо зөвхөн АНУ-д.
Apple Pay ашиглахад юу хэрэгтэй вэ?
Дээр дурдсан ухаалаг гар утас болон таблетуудын нэг заавал байх хэрэгтэй.
Мөн тэдний үйлдлийн систем нь өнөөдөр гарч байгаа iOS 8.1 ба түүнээс хойшх хувилбараар шинэчлэгдсэн байх ёстой.
Картаа хэрхэн оруулах вэ?
Apple Pay нь таны iTunes дансандаа холбосон төлбөрийн картыг автоматаар системдээ бүртгэнэ. Хэрвээ шинэ карт оруулах бол iPhone эсвэл iPad төхөөрөмжийнхөө Passbook-т ороод баруун дээд булан дахь “+” товчийг ашиглан “Credit and Debit Cards” хэсэгт нэвтэрч зааврын дагуу картны мэдээллээ оруулна.
Зарим банкнууд нэмэлт баталгаажуулах код шалгаж магадгүй.
Хэрхэн төлөх вэ?
Дэлгүүр, үйлчилгээний газрын ПОС машин “contactless payment” гэсэн таних тэмдэгтэй байвал ашиглаж болно гэсэн үг. Эдгээр ПОС машинууд нь Apple-ын онцгойлж гаргасан эд биш, төлбөрийн нэгдсэн стандарттай ердийн ПОС машин байх юм.
Ингээд хуруугаа утасныхаа TouchID сканнер дээр тавиад утсаа ПОС машин дээр ойртуулж барина.
Apple-ын мэдэгдэлд дурдсанаар гүйлгээ амжилттай болсон эсэхийг дэлгэц рүүгээ заавал харж мэдэх шаардлагагүй. Гүйлгээ хийгдмэгц утас зөөлөн чичирхийлэхийн хажуугаар дохио дуугарч амжилттай болсныг мэдээлнэ.
Утсанд хэд хэдэн карт хадгалж болох тул шууд төлөхөд default карт сонгогдох юм. Өөр картаар төлнө гэвэл Passbook рүүгээ орж солих шаардлагатай.
Төлөх боломжтой газрууд
АНУ-д 500 орчим банк, McDonalds, Walgreens, Nike, Whole Foods, Apple-ын өөрийн дэлгүүрүүд гэх мэт 220,000 орчим үйлчилгээний газруудыг оруулаад байгаа гэнэ.
Тэдгээрт тусгай ПОС машин хэрэггүй, “contactless payment” технологитой бүх машин ашиглагдах юм.
Хэр нууцлалтай вэ?
Одоогийн уламжлалт аргаас хамаагүй илүү баталгаатай. Учир нь карт оруулах хамгийн эхний үйлдлээс хойш төлбөрийн картны дугаар дахин ашиглагдахгүй. Утсанд ч хадгалагдахгүй. Оронд нь хэрэглэгчийг таних тусгай нууц дугаар л хадгалагдаж, төлбөр хийх бүрт дамжигдана. Тиймээс картны дугаараа алдах эрсдэл байхгүй.
Гүйлгээ бүр нь хурууны хээгээр баталгаажина.
Утсаа алдлаа гэхэд Find My iPhone үйлчилгээг ашиглан Apple Pay-г зогсоож болно.
Мөн хэрэглэгчийн хувийн мэдээлэл үйлчилгээ эрхлэгчдэд үлдэхгүй. Бүрэн алгасна. Харин ч зарим үйлчилгээнийхэн Apple Pay-г хэт эзэн биегүй (anonymous) байна гэж шүүмжилж байгаа ажээ.
Бусад мобайл төлбөрийн шийдлүүд энэ бүх мэдээллийг нь хадгалж үлддэгээрээ сул талтай.
Шимтгэл нь хэр их вэ?
Apple компани гүйлгээ бүрийн дүнгээс маш бага хувийг хасч авах, эсвэл нэмж авч байгаа гэнэ.
Гэхдээ үйлчилгээ эрхлэгчээс биш, банкнаас авдаг гэжээ. Apple энэ бизнесээс ашиг олохыг төдийлөн сонирхохгүй байгаа, гол нь Apple Pay тэдний утас, таблетуудын борлуулалтыг нэмэх ач холбогдолтой.
Тиймээс Apple Pay-гээс олох Apple-ын ашиг нь шууд бус.
Монголын зах зээлд нэвтрүүлэх боломж
Apple-ын мэдээлэлд VISA, Mastercard, American Express мэтийн төлбөрийн картуудтай ажиллана гэсэн байгаа.
Гэхдээ манай банкнуудын гаргадаг картнууд хамрагдах эсэх нь тодорхойгүй байна. Ядаж л олон улсын эрхтэй картнууд нь боломжтой байх гэж найдаж байна.
Хэрвээ тийм бол ПОС машинуудын сүүлийн загварууд нь NFC буюу “contactless payment” боломжтой байгаа байх.
Тэгвэл бусад асуудал нь зөвхөн хэрэглэгчээс хамаарна. Гар утас, карт хоёртой байхад л технологийн дэвшлийг хэрэглэж эхлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!