Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Баялаг дуусах нь тодорхой учраас..."

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Манай улсад ирсэн жуулчдын 80 хувь өмнийн говийг зорьдог.

10-аад жилийн өмнө аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэлээ болгож байсан Өмнөговь аймагт уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Үүний тод жишээ нь тус аймаг 2012 онд эдийн засгийн үзүүлэлтээр Орхон аймгийн дээр гарсан анхны аймаг болж, тухайн жилд өгсөн татвараараа улсад тэргүүлжээ

Түүнчлэн орон нутгийн төсвөөсөө сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьсан анхны аймаг болоод буй Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдлыг сурвалжиллаа.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН УНАЛТ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШУУД НӨЛӨӨЛЖ БАЙНА

Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой 18 орд газрын гурав нь тус аймагт байдаг.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун “Манай аймагт байдаг стратегийн гурван том орд болох Таван толгойн нүүрсний орд, Оюу толгойн алт зэсний орд, Нарийн сурхайтын хүрэн нүүрсний ордыг дагаад төрийн, хувийн гээд олон уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр уул уурхайн компаниудад манай суурин иргэдийн 35 орчим хувь ажилладаг.

Уул уурхайн компаниудад манай суурин иргэдийн 35 орчим хувь ажилладаг.

Харин сүүлийн нэг, хоёр жилд уул уурхайн салбарын уналт манай аймгийн эдийн засагт шууд нөлөөлж байна” хэмээн ярилаа.

Өмнөговь аймгийн хувьд улсаас ямарч татаас авалгүй цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн бүх зардлаа орон нутгийн төсвөөс гаргадаг юм байна. 

2013 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 5,3 тэрбум төгрөг нь Боловсрол соёлын салбарт, 5,9 тэрбум төгрөг нь Эрүүл мэнд нийгмийн салбарт, 4,6 тэрбум төгрөг нь дэд бүтцэд, 16,0 тэрбум төгрөг нь авто болон явган хүний замд, 3,2 тэрбум төгрөг нь төрийн захиргааны байгууллагад, байгаль хамгаалах чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтанд 2,8 тэрбум төгрөг тус тус зарцуулагдсан байна.

НАЙМАН ЖИЛИЙН ӨМНӨХТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ТӨРӨЛТ ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Тус аймгийн суурин хүн ам 58555 бөгөөд  үүн дээрээ уул уурхайн салбар эргэлтэд орсноор 40-50 мянган хүн ирж ажиллаж нийтдээ 100 гаруй мянган хүн амтай болоод  байна. 

Мөн найман жилийн өмнөх үетэй харьцуулахад  хүн амын төрөлт хоёр дахин нэмэгджээ.

Өмнөговь аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамъяанхорол “Манай аймаг сүүлийн хоёр гурван жилд эрүүл мэндийн салбар түлхүү анхаарч “Өмнөговийн иргэд нутагтаа бүх эмчилгээ оношилгоогоо хийлгэж байя” гэсэн уриан дор энэ салбарт  10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулаад байна. 

Ер нь бол баялаг дуусах нь тодорхой учраас суурин хүн амынхаа мэдлэг боловсорлыг дээшлүүлэх, дан ганц уул уурхай гэлгүй, аялал жуулчлал, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тал дээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа” гэлээ.

Гэрэл зургийг Өмнөговь аймгийн албан ёсны цахим хуудаснаас авав.

Баялаг дуусах нь тодорхой учраас суурин хүн амынхаа мэдлэг боловсорлыг дээшлүүлэх, дан ганц уул уурхай гэлгүй, аялал жуулчлал, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тал дээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа.

Аймаг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөндөө зүүн бүс нутагтаа уул уурхай, баруун бүс нутагтаа эрчимжсэн мал аж ахуй, хойд бүс нутагтаа уламжлалт бэлчээрийн мал аж ахуй хөгжүүлэхээр тусгажээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласаны төлбөрөөс төсвийнхөө нэлээд хэсгийг төвлөрүүлдэг тус аймгийн хувьд газрын тосны хайгуулын ажлыг хийж эхэлжээ.
Энэ ажлын хүрээнд Ханбогд сумын орчимд 14 гүний өрөм  тавьж газрын тос байгаа эсэхийг шалгахад 13-аас нь гарсан байна. Тиймээс газрын тосны олборлотод нутгийн иргэдээ татан оролцуулахаар ажиллаж байгаа юм байна.

Мөн уул уурхайн салбарыг дагасан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.