ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН

Ч.Болортуяа
2014 оны 10 сарын 9
iKon.MN

Дотоод, гадаадын жуулчлалын гол бүсийн нэг болох өмнийн говь буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумд хагас өдөр саатсан юм. 

Томилолтын маань хугацаа тун богино байсан ч жуулчдад зориулсан нэгэн сонирхолтой хөтөлбөрийг тус нутгийн иргэд санаачлан эхлүүлснийг олзуурхан үзэхээр Ханбогд сумын "Ханбумбат" нисэх онгоцны буудлаас 20 гаруй километр газарт орших малчин Ц.Сувданшагайгийнд зочиллоо. 

Нутгийн уугуул, профессор Н.Банди гуай энэхүү айлтай танилцах саналыг тавьж НИТАЖ буюу Нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй тухайгаа ярьсан юм.

  • Тэрбээр  "Нүүдэлчдийн соёлыг жуулчдад танилцуулах ажлыг бид нутгийн иргэдийн оролцоотойгоор эхлүүлээд байна. Манай Ханбогд суманд хоёр ч айл энэ хөтөлбөрийг хийж эхэллээ. Нэг нь бидний зочилж буй Ц.Сувданшагайгийнх юм" гэв.

Өнөө цагт малчдын хэрэглээ нь л өөр болсон болохоос мал маллах, нүүдэлчдийн ахуйн зан заншил хэдэн зууны өмнөх арга барилаасаа бараг өөрчлөгдөөгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч малчин иргэдийн өнөөдөр амьдарч буй хэм хэмнэл гадны жуулчдад тэр чигээрээ үнэт үзмэр, соёлын нэн сонирхолтой хэв загвар болж байна. Нүүдэлчдийн энэхүү бодит амьдралыг л харуулах, таниулах, сурталчлах ажлыг Ханбогд сумд эхэлжээ. 

Энэхүү соёлын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадвал нүүдэлчдийн амьдралыг сурталчилж, жуулчдад танин мэдэхүйн цэгцтэй мэдээлэл хүргэх, тус нутгийг зорин ирэх аялагчдын тоог нэмэгдүүлэх олон ач холбогдолтой. 

НИТАЖ

Говь нутгийн гол брэндийн нэг яах аргагүй тэмээ.

Ц.Сувданшагай гуайн гадаа 600 гаруй тэмээ байх аж. Ах, дүүгийн нийлсэн энэ олон тэмээг хараад л малчин айлынд ирсэн зочид дуу алдаж байлаа. 

Намрын эд налгар өдрүүдэд тарга тэвээрэг сайтай сүрлэг сайхан тэмээн сүрэг шар талд шингэж буй нарантай уялдаж говь нутгийн жинхэнэ зураглалыг хөрснөө буулгана. 

Тэмээн дээрээс наран ойрхон гэгчээр тэмээ унаж үзэх хүслээс эхлээд л энд аялагчдын сэтгэлийг татах зүйл их аж.

Хотоос зочид ирнэ гэсэн сургаар Ц.Сувданшагайгийнх биднийг алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүтэй угтах нь эхнээсээ л сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. 

Ингээд ирсэн зочдоо гэртээ урьж говийн брэнд болсон борцтой, будаатай цайгаар дайлах нь цаанаа учиртай. Амттай будаатай цайны борцноос нь эхлээд л Монголчуудын хоолны соёлын тухай яриа хөндөгдөж эхэлнэ. Тэд жуулчдад зориулан өөрсдийн ахуйгаа яг л уламжлалт байдлаар нь хадгалан үзүүлж байгаа юм. Бидэнд аягалж өгсөн цайны борцыг нь ингэж хатааж байна... гээд шууд л жуулчдад тайлбарлан үзүүлэх аж. 

Хоолны соёлоос эхлээд Монголчууд адуу, үхэр, тэмээний арьс, ширийг хэрхэн боловсруулдаг, ган боловсруулах, чөдөр, ногт, эмээл, хазаар хэрхэн хийдэг талаараа тайлбарлаж өгдөг байна. Энэ бүгдийг танилцуулахдаа дандаа бодит үзмэрүүдийг үзүүлж байлаа. 

Мөн сүү, цагаан идээ хэрхэн бэлтгэх, боловсруулж байгаагаа үзүүлж, тайлбарлаж өгч байна. Түүнчлэн нүүдэлчдийн хувцас хунар буюу дээл, дах, дэгтийний соёлыг ч мартахгүй ярьж өгнө.

Ерөөсөө Монголчуудад үзүүлж харуулах ахуйн олон гайхалтай соёл, үзмэр, хэрэглэлийг энд бүрдүүлсэн байна. Хуучин цагийн айргийн суулга, агар хувин, өөрсдийн хийсэн уур нүдүүрийг үзүүлэхээс гадна дээс томох, тэмээний ноосоор олон эд хэрэглэл хийж буйгаа бодитоор харуулах аж.

Ийнхүү бодит үзүүлэнгүүдийг гэрийн эзэн, эзэгтэй нар тайлбарлаж өгсний дараа ирсэн зочид тэмээ унаж үзэхээр гарсан юм. Уналгааны олон сайхан номхон тэмээг зочид унана.

Зөөлөн явдалтай, дулаан элч төөнөсөн сүрлэг сайхан тэмээ унасан зочид сэтгэгдэл тун өндөр байх аж. 

Ингэж өөрт байсан маш богинохон хугацааг Монгол ахуйгаараа аялан өнгөрүүлэх нь гадны жуулчин байтугай хотожсон бидэнд ч гайхалтай сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. 

Энэхүү айлынд дагуулж очсон Н.Банди гуай Хустайн Цогцолборт газар ТББ-ын захирлаар ажилладаг. Тэрбээр "Хустайн эргэн тойронд нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлал хамгийн сайн хөгжсөн. Малчид бүлэг болоод хамтарч ажиллаж байна. Жишээ нь Баянсонгинот гэдэг нэг бүлэг 2013 онд  гэхэд л 384 жуулчин хүлээн авч 7,5 сая төгрөгийн орлого олсон байдаг.

Өвөл хүртэл Японоос хоёр охин ирж хонь хариулж нүүдэлчдийн амьдрал судалсан байсан. Энэ бол нэг л жишээ юм" гэж ярьж байлаа.

Хустайн цогцолборт газарт НИТАЖ-ыг хөгжүүлсэн энэхүү туршлагаасаа Н.Банди гуай өөрийн нутгийн иргэддээ ийнхүү хуваалцаж байгаа аж. 

Өмнөговь аймгийг зорьсон жуулчид, аялагчдад үзэх, харах олон сайхан байгалийн үзэсгэлэнт газар, түүхийн үзмэр бий. Үүний хажуугаар Монгол нутгийн жинхэнэ нүүдэлчин ахуйгаар аялах гайхалтай боломжийг санал болгож байгаа нь энэ аж.

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 67 тоот тогтоолоор “Өмнөговь аймгийн есөн гайхамшиг”-ийг тодруулан батламжилсан.

Үүнд:

  1. Хонгорын элс- Зүүн шургуул, Баруун шургуул
     
  2. Баянзаг- Цахиуртын хөндий, Төгрөгийн ширээ
     
  3. Говь гурван сайхан уул- Ёлын ам, Дүнгэнээ, Мухар шивэртийн ам
     
  4. Нэмэгт, Хэрмэн цав- Зуун мод, Зулганай, Наран даац
     
  5. Ноён богд,  Толь хад- Саран хөндий, Гурван түшмэл
     
  6. Алгуй улаан цав- Сэврэй хайрхан, үлэг гүрвэлийн яс, Тогоонтөмөр хааны ордны буурь
     
  7. Галбын говь- Галбын гурван хийд, Ундайн гол, Ханбогд хайрхан, Мэлхий цохио, Ловон чомбын агуй, Шар цавын үлэг гүрвэлийн мөр
     
  8. Сангийн далай хийд
     
  9. Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэл зэргийг нэрлэжээ. 
 

 

Дэлхий ээжийн хайрласан байгалийн арвин их ашигт малтмалыг газар дороо нөөцөлсөн, эрт галавын түүхийг хадгалсан геологи палентологийн гайхамшигт олдворууд, байгалийн хосгүй үзэсгэлэнт газруудтай элсэн улаан говийн гайхамшиг дуусашгүй ...

 


Аялал жуулчлалын талаар товчхон:

2013 оны байдлаар манай улс 418 мянга орчим жуулчин хүлээн авсан байна. 2012 онтой харьцуулахад энэ нь 12.2 хувиар буурсан дүн аж.

2014 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын хилээр нийт 3.2 сая зорчигч хил нэвтэрсэн. Үүнээс 2.4 сая нь Монгол Улсын иргэн,  800 мянга нь гадаадын иргэн байна. Эдгээр гадаадын иргэнээс жуулчин 97 мянга гаруй, хөдөлмөр эрхлэгч 81 мянга гаруй, суралцагч 1961 байна гэж Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газраас мэдээлсэн юм. 

Хэдий жуулчдын тоо багасч байгаа ч 2020 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах боломжтой гэж салбарынхан нь хэлдэг. 

Манай улсын Төв, Өвөрхангай, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл аймгаар жуулчид түлхүү аялдаг.  

Аялал жуулчлалын салбар 2012 онд гэхэд 286,5 сая ам.доллараар хэмжигдэж орлого олсон байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.