“Аэро Монголиа” компани Оюу Толгой уурхайн чиглэлд нислэгтэй боллоо.
"Ханбумбат" нисэх буудал өчигдөр анхны арилжааны нислэгээ хүлээн авлаа. "Аэро Монголиа" компани Улаанбаатараас Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрладаг тус нисэх буудал руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхээр шийдвэрлэжээ.
Анхны нислэгээр ирсэн төрийн өндөр албан тушаалтнууд, бизнесийн төлөөлөгчид Говь нутагт анх удаа олон улсын стандартад нийцэхүйц баригдсан нислэгийн зурвас замд бууж тусгай нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцсон юм.
Голланд улсад үйлдвэрлэсэн, 50 хүний суудалтай “Фоккер-50” онгоцоор үйлчлэх энэхүү шинэ нислэгийн нээлт нь уурхайн дэд бүтцээ орон нутгийн ард иргэдтэй хамтран ашиглах Оюу Толгойн хэтийн зорилтод хүрэхэд томоохон ахиц гарсныг харуулж байна.
“Аэро Монголиа” компани нь өнөөдрийн байдлаар 130 гаруй ажилтантай, орон нутгийн 10 чиглэлд, олон улсын хоёр чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.
Улаанбаатараас Ханбогдын энэхүү тогтмол нислэгийн үйлчилгээ бий болсноор зөвхөн Ханбогд сумын иргэдээр хязгаарлагдахгүй ойролцоох Манлай, Баян-Овоо, Цогтцэций сумын иргэд болон Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад үйлчлүүлэх боломжтой болж байна.
Улаанбаатараас Ханбогд сум хүртэл 650 гаруй км. Нутгийн иргэд болон зорчигчид өмнө нь автомашинаар 10 цаг орчим явдаг байсан бол одоо онгоцоор ердөө 1 цаг 30 минут ниснэ.
Улсын нийслэлтэйгээ дөт замаар холбогдсонд нутгийн иргэд тун баяртай байна.
Ханбогд сумд аялал жуулчлалын чиглэлээр олон сонирхол татахуйц цэгүүд бий.
Дэмчогийн хийд, палеонтологи, археологийн олдворууд, зэрлэг ан амьтад, байгалийн үзэсгэлэнт газрууд зэрэг аялал жуулчлалын олон сонирхолтой хөтөлбөрүүдийг жуулчдад санал болгодог. Энэ чиглэлээр ч нутгийн иргэд идэвхтэй ажиллаж байна. Аялал жуулчлалын энэхүү сонирхолтой хөтөлбөрүүдийг идэвжүүлэхэд тус орон нутгийг чиглэсэн тогтмол нислэг үнэхээр чухал үүрэгтэй юм.
Улаанбаатараас Ханбогд руу хийх тогтмол нислэгийн анхны зочдыг "Хамбумбат" нисэх буудалд өчигдөр газардах үед газар орны тэнгэр баярлаж хур бороогоо хайрласан юм.
“Аэро Монголиа” компанийн энэхүү тогтмол нислэгийн нээлт ахмадын өдөртэй таарсан тул энэ сарын турш ахмадуудад 50 хувийн хөнгөлөлттэй, нийт зорчигчдод 30 хувийн хөнгөлөлтэй үйлчлүүлэх шийдвэр гаргасан юм.
Ханбумбат - Улаанбаатар хоорондын чиглэлийн нислэгийг долоо хоногт хоёр удаа Лхагва болон Бямба гарагт хийнэ. "Аэро Монголиа" компани Ханбогд сумд билетийн касс болон төлөөлөгчийн газраа нээгээд байна.
Монголчууд зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Тэгвэл нийслэлээс 650км зайд орших өмнийн говийн Ханбогд сумыг Улаанбаатартай холбосон энэхүү агаарын зам тус газар оронд төдий чинээ хурдтайгаар хөгжлийг түгээх биз ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|