Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд уул уурхай, барилга, зам тээвэр болон бусад үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор мэргэжилтэй ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа юм.
Тус аймагт 1965 онд "Залуу малчдын сургууль" байгуулагдаж 1991 оноос МСҮТ болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Энэхүү МСҮТ-д "Оюу толгой" компанийн 3,5 сая долларын хөрөнгө оруулалтаар оюутны дотуур байр, хичээлийн гуравдугаар байрыг барьж өгснөөр энэ хичээлийн жилээс эхлэн Политехникийн коллеж болон өргөжиж байна.
Өмнөговь Политехникийн коллежийн захирал Ж.Нямсан "Энэ хичээлийн жилд манай сургуульд 1050 хүүхэд суралцаж байна. Шинээр баригдсан оюутны дотуур байранд 150 орчим хүүхэд амьдарч байгаа.
Манай төгсөгчдийн 50 орчим хувь нь захиалгат ажлын байртай болдог. Үлдсэн нь өөрсдөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
"Оюу толгой" компанийн хөрөнгө оруулалтаар шинэ хичээлийн болон дотуур байр, орчин үеийн тоног төхөөрөмжтэй болсон учир наймдугаар сарын 13-ны өдөр сайдын тушаалаар коллеж болсон" хэмээн ярилаа.
"Оюу толгой" компани 2010 онд БШУЯ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд тус сургуульд барилга, тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлыг санхүүжүүлэх юм байна.
Энэ ажлын хүрээнд сургалтын хөтөлбөрийг зах зээлийн хэрэгцээнд суурилсан байдлаар боловсруулахаар Австралийн DFAT болон GIZ байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ.
Энэ жил коллежид элсэн орсон Хүнд машин механизмын засварчны нэгдүгээр курсийн оюутан Н.Ганбилэг "Би хотоос ирсэн. Энэ сургуулийг сургалтын орчин сайтай гэж сонсоод манай аав намайг энд сурахыг зөвлөсөн. Есдүгээр ангиа төгсөөд суралцахаар ирээд дотуур байранд амьдарч байна даа.
Би хотоос ирсэн. Энэ сургуулийг сургалтын орчин сайтай гэж сонсоод манай аав намайг энд сурахыг зөвлөсөн.
Засварчны ангиа төгсөөд ахиад хүнд машин механизмын оператороор суралцана гэж бодож байгаа. Дараа нь уурхайд ажиллана.
Өмнөговь аймгийн суурин иргэдийн хувьд уул уурхайн компаниудад ажиллах мэргэжилтэй боловсон хүчин болж чаддаггүй учир ихэвчлэн үйлчилгээний ажил хийдэг юм байна. Тиймээс Политехникийн коллежийн зүгээс цаашид төгсөгчдөө шууд уул уурхайн компаниудад зуучлан ажиллуухаар төлөвлөж байгаа аж.
Барилгын өрлөг, угсрагчийн нэгдүгээр курсийн оюутан О.Мөнхтуяа "Миний хувьд цаашдаа барилгын менежер болохоор энэ мэргэжлийг сонгосон. Тэгээд бас олон хүнд сайхан байшин, барилга барьж өгмөөр байна.
Энэ мэргэжлийг сонгоод бас нэг том мөрөөдөлтэй болсон. БИ АЙМГИЙНХАА ХАМГИЙН ӨНДӨР БАЙШИНГ БАРИНА. Одоо хамгийн өндөр нь долоон давхар байгаа. Одоогоор яг хэдэн давхар байшин барихаа төлөвлөөгүй байна. Магадгүй 10, 20 гаруй байна байх...
Гэрэл зургийг Ц.Мөнхчулуун
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!