“Инчеон-2014” Азийн 17 дахь зуны наадамд багаараа амжилттай оролцож, хувийн үзүүлэлтүүдээрээ багаа тэргүүлсэн “SBL Хасын хүлэгүүд” багийн тоглогч Б.Билгүүнтэй ярилцлаа.
-Юун түрүүнд Азийн наадамд багаараа бахдам амжилт үзүүлсэнд тань баяр хүргэе. Та бүхний амжилт Монголд багийн спорт хөгжихгүй гэдэг ойлголтыг өөрчилж чадлаа.
-Баярлалаа. Бид шигшээ багийнхаа өмнөх амжилтыг ахиулсандаа маш их баяртай байгаа. Шахуу хуваарьтай тоглосон хэдий ч багийнхан маань маш сайн тоглосон. Мөн тоглолтууд болсон ордонд монголчууд олон байсан болохоор бидэнд маш их урам зориг өгч, биднийг хурцалж байсан. Тэдэндээ ч гэсэн баярлалаа гэж хэлье.
-Билгүүн хэзээнээс сагсан бөмбөг тоглож эхэлсэн бэ?
-Долоодугаар ангиасаа хойш тоглосон юм байна. 14 настай байсан байх аа. Секц, дугуйлангийн тухайд есдүгээр ангиасаа эхэлж хичээллээд 2005-2006 онд “Баганат-Өргөө” багт орж, мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн.
Өглөө, өдрийн цагаар заалны асуудал хүнд байсан. Үүнийг л төрөөс шийдээд өгчихвөл болох гээд байна.
Түүнээс хойш сонирхогч биш, сагсан бөмбөгчний хэмжээнд бэлтгэл хийдэг болсон.
-Одоо супер лигийн шинэ улирал эхэллээ. Хуучин багтаа тоглоно биз дээ?
-Тэгнэ. Бусад баг урьдчилаад 3-5 жилийн гэрээ хийдэг ч гэсэн манай баг тамирчидтайгаа хийсэн гэрээгээ жил жилээр нь шинэчилдэг. Жил жилээр нь гэрээгээ хийгээд ямар нэг зүйл болбол чөлөөт агент болоод явах боломж олгодог илүү уян хатан гэрээ хийдэг.
-Супер лиг гэснээс нэг багт шигшээ багийн гурван тамирчин байх ёстой гэсэн дүрэмтэй болчихсон. Үүнийг танай баг хэрхэн шийдэх вэ. Танай багт гурваас илүү шигшээгийн тамирчин байдаг шүү дээ?
-Шигшээ багийн таван тамирчин манай багт бий. Бид тэгэхээр хоёр тамирчнаа тоглуулахаа болих уу, эсвэл багаа барьж үлдэхийн тулд шигшээ багаас нэрээ татах ёстой юу гэсэн сонголтод тулаад байгаа. Уг нь энэ хоёр холбооны асуудал шийдэгдчихвэл энэ асуудал нэг тийш болох байх.
-Энэ хоёр холбоо ер нь нэгдэж болдоггүй юм уу. Хоёр холбоо гэхээсээ илүүтэйгээр улстөржилт явагдаад байдаг юм биш үү?
-Сүүлийн үед сагсан бөмбөгт улстөр, аль нэг намын нөлөө хэт орох болсон. Засаг барьж байгаа намаас шалтгаалаад өөр болж. Үүнээс болоод жирийн тамирчин бид хохирох гээд байна. Адаглаад л Спортын төв ордонд бэлтгэл хийх гэхэд заал өгөхгүй, хэн нэг эрх мэдэлтэй дарга заалыг бүтэн жилээр нь түрээслээд авчихсан байх жишээтэй.
-Тэгэхээр та хэд Азийн наадамд явахаасаа өмнө их, дээд сургуулиудын заалыг “гуйж” бэлтгэлээ хийсэн гэдэг яриа үнэн болж таарах нь ээ?
-Сагсан бөмбөгийн тухайд заалны асуудал их хөндөгддөг. Өдөрт нэг удаа бэлтгэл хийхэд заал асуудалгүй. Гэхдээ 2-3 удаа бэлтгэл хийхээр сургуулиудын хичээл эхэлчихсэн гэдэг тул заал өгөх нь ховор байсан.
Тиймээс өглөө, өдрийн цагаар заалны асуудал хүнд байсан. Үүнийг л төрөөс шийдээд өгчихвөл болох гээд байна.
-Ер нь манайд яг олон улсын стандартад нийцсэн сагсан бөмбөгийн заал, танхим байдаг юм уу?
-Стандартын шаардлага хангасан заал гэвэл “Буянт-Ухаа”-гийн спорт цогцолборыг хэлэх байна. Гэхдээ сар гаруйн хугацаанд бэлтгэл хийхэд тэнд бэлтгэл хийх боломж бидэнд олдоогүй.
Их сургуулиудын зааланд бэлтгэл хийж байхад талбайн хувьд хэмжээ нь ижил мөртлөө орон зайн хувьд бага. Тиймээс тэнд очоод тоглоход илүү том заалтай болохоор орон зайн баримжаа алдах асуудал байсан.
-Харин Инчеонд очсон хойноо энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ. Аль нэг холбоо энэ асуудлыг зохицуулсан уу?
-Байрны асуудал хүнд байсан. Хоёр холбоо аль аль нь үүнийг шийдэж чадаагүй. Гэхдээ манай Ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт хувийн зардлаараа бүх тамирчдаа буудалд байрлуулж, хоол ундны асуудлыг шийдэж байсан. Бас тэнд байдаг монголчууд маань өглөө, оройдоо монгол хоол авчирч өгч байсан.
-Азийн наадмын үеэр шигшээгийнхээ нуруулаг тоглогч гэдэг утгаар танд багагүй ачаалал ирж байх шиг байсан. Өрсөлдөгчөөс ирэх хамгаалалт, ачаалал хэр байв?
-Би лигт гурав дугаартай тоглодог. Харин шигшээд манайхан нуруу нам болохоор хойшоо 4-5-д гарч тоглох шаардлага гарсан. Зарим тоглогч маань бэртсэн болохоор сүүлийн хэдэн тоглолтод төвд тоглосон. Манай багийн хувьд нуруугаар намхан ч гэсэн хамгаалалт, хурдтай довтолгоогоор сул талаа нөхөж тоглосон.
Хүмүүс зөвхөн Т.Санчир бид хоёрыг их ачаалал авсан гэж ойлгоод байх шиг байна. Тийм биш шүү дээ. Бүгд л өндөр ачаалал авсан.
Бидний хувьд эндээс явахдаа 4-5 тоглолтод орно гэж бодож явсан. Сүүлд шигшээ наймд үлдсэн болохоор түүнээс илүү их тоглолт хийсэн.
Хүмүүс зөвхөн Т.Санчир бид хоёрыг их ачаалал авсан гэж ойлгоод байх шиг байна. Тийм биш шүү дээ. Бүгд л өндөр ачаалал авсан. Нөгөөтэйгүүр бид хоёр оноо аваад байна гэдэг нь багийнхан маань бид хоёрт оноо авах боломжуудыг гаргаж өгч байсан гэсэн үг.
-Бусад орны тамирчид зөвхөн сагсан бөмбөгөөрөө хичээллэж, түүгээрээ амьдардаг. Харин та хэдийн хувьд ажлаа хийхийн зэрэгцээ орой нь бэлтгэлээ хийдэг. Ер нь ажил, бэлтгэлээ хэрхэн зохицуулдаг вэ?
-Миний хувьд “Хас” банкны картын төвд ажилладаг. 09:00 цагт ажилдаа яваад, орой 18:00 цагт тараад, харьж цайгаа уучихаад ирж бэлтгэлээ хийдэг. Бэлтгэл маань 22:00 заримдаа 23:00 цагийн үед тардаг.
Иймэрхүү байдлаар л өдөр өнгөрдөг. Тиймээс биднийг мэргэжлийн тамирчин гэж хэлэхэд бас хэцүү.
-Таны хувьд БНСУ-д энэ спортоор сурч байсан. Энэ удаагийн Азийн наадамд тэр туршлага чинь хэрэг болов уу?
-Би 2007 онд БНСУ-д сагсан бөмбөгийн спортоор суралцаж байсан. БНСУ, манайх хоёрын бэлтгэл их өөр. Тэд тамирчдынхаа ар амьдрал гээд бүхий л асуудалд нь анхаарлаа хандуулж, зөвхөн тэмцээнийхээ бэлтгэлд анхаарлаа хандуулахад нь анхаардаг. Монгол тамирчид шиг ажлаа хийгээд хажуугаар нь сагс тоглоно гэж байхгүй.
Бүр арван жилийн 3,4 дүгээр ангиасаа эхлээд яг л тэр чиглэлээрээ байнгын бэлтгэл хийлгэдэг. Зөвхөн сагсан бөмбөгийн тамирчин болж, улсынхаа лигт орно гэсэн зорилго өмнөө тавьсан байдаг. Тэгж байж ч чадварлаг сайн тамирчид төрөн гарч байгаа юм л даа. Бид ч гэсэн удахгүй тийм болох байх гэж бодож байна.
-Тоглолтын үеэр танд БНСУ-аас санал ирсэн гэх яриа байгаа.
-Ганц нэг таньдаг хүмүүс маань буцаад манайд тоглохгүй юм уу л гэсэн. Түүнийг албан ёсны санал гэж хэлж болохгүй байх. Надад хийх зүйл их байна.
-Таны хувьд зөвхөн 17 дахь Азийн наадам ч гэлтгүй олон улсын тэмцээнүүдэд байнга өндөр амжилт гаргадаг. Тэр бүхэнд тоглолтуудыг тань харсан бүсгүйчүүд “Сайхан залуу байна дурлачихлаа” гэдэг үг хэлж байхыг олонтаа сонссон. Гэр бүлтэй болж амжсан уу?
-Амжаагүй байна. Гэхдээ найз охинтой.
-Сониноос удахгүй “NBA” эхлэх гэж байна. Та аль багийг дэмждэг вэ?
-NBA гэвэл “Миами хит”-ийг дэмжиж байсан гэхдээ энэ жил арай сонирхолтой байж магадгүй гэж бодоод “Клэвлэнд Кавалиэрс”-ийг харж байна. Шинэ бүрэлдэхүүнээс сайн тоглолт гарч магадгүй гэж найдаж байгаа.
-Л.Жэймсийг дагаад дэмждэг багаа сольчихож байгаа юм уу гэвэл буруудах болов уу?
-Мэдээж Л.Жэймсийг дагаж байна гэж болох л юм. Өндөр нуруутай, хүчирхэг, бүх байрлалд тоглох чадвартай учраас дэмжиж явдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!