Эрүүл мэндийн салбарын "Нээлттэй хаалганы өдөр"-т Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн оролцлоо.
Тэд өнгөрсөн 9 дүгээр сарын 25-нд ашиглалтад орсон СЭМҮТ-ийн шинэ цогцолбор, брэнд бүүкээ танилцуулж, төвийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн шинэчлэл, оношилгооны тест, сэтгэц нөлөөт эм бэлдмэлүүдийг олон нийт, өдөрлөгт оролцогч бусад байгууллагуудад сурталчлан танилцуулав. Мөн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хийсэн бүтээлүүдийг үзвэр болгон дэлгэсэн нь содон байлаа.
Энэхүү эрүүл мэндийн салбарын нэг өдрийн нээлттэй өдөрлөгт СЭМҮТ-ийн нийт 200 гаруй эмч, эрүүл мэндийн ажилтнууд оролцсоноос АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, СЭМ-ийн клубын 60 багш, оюутнууд оролцжээ.
Тус төвөөс өдөрлөгт оролцсон 295 хүний артерийн даралтыг үзэж, биеийн жин, өндрийг хэмжин зөвлөгөө өгч ажилласан байна. Түүнчлэн сэтгэл зүйн зөвлөгөөг 38, донтох эмгэгийн талаарх зөвлөгөөг 65 хүнд тус тус өгсөн тухай мэдээлж байна.
Мөн 30 ширхэг зурагт хуудас, “Сэтгэл зүй, оюун санааны эмчилгээний хөтөлбөр” миннесота загвар эмчилгээний ном 50 ширхэгийг бусад оролцож буй байгууллагууд, нийт хүн амд тараасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!