Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

НАРТАД амьдрах НЭГ НАСЫГ ЭЭЖГҮЙГЭЭР туулах ...

Ч.Болортуяа
2014 оны 10 сарын 14
iKon.MN

"С" охин нартад мэндлээд нэг жил болжээ.

Аравдугаар сарын 9-ний өдөр охин нэг ой хүрч төрсөн өдрөө тэмдэглэв. Харамсалтай нь энэ баярт өдрөөр ээж нь байсангүй. 

Хорвоод мэндлээд нэгхэн сарын хугацааг ээжтэйгээ хамт өнгөрүүлэх хүндхэн хувь тавилан "С" охинд заяажээ. 

Дэндүү балчир түүнийг хармагц л сэтгэл өвдөж нэг жил биш нэг насаараа тэр “ээж ээ” гэдэг үгийг төрсөн эхдээ хэлэх боломжгүй гэж бодохоор дотрыг минь хүйтэн мэсээр зурах шиг. 

Чухам яагаад түүний ээж “Ц” өнөөдөр хорвоод байхгүй байна вэ. 

Түүх ингэж эхэлжээ. 

  • 2013.10.08 

Талийгаач “Ц” нь 2013 оны аравдугаар сарын 8-ны өдөр “41-42 долоо хоногтой тулгар жирэмсэн, бэлтгэгдэж байгаа умай хүзүү, илүү тээлт, харьцангуй том ураг” гэсэн оноштойгоор III амаржих газарт төрөлтийн түүх нээгдсэн байна. 

  • 2013.10.09

Клиникийн III амаржих газрын эмч Б.Энхзаяагаар ахлуулсан баг “Ц”-д кесар хагалгаа хийв. 

Хорвоод нэгэн шинэ хүн мэндэлж дуугаа хадаасан баярт үйл явдал энэ өдөр болсон ч “Ц” бүсгүйн зовлон, шаналал ийнхүү эхэлжээ. 

  • 2013.10.10

Хохирогч “Ц” –ийн эцэг, эх түүнийг эргэн очиход “Та хоёр минь битгий хэл ам хийгээрэй. Эмч нар надад дургүй байна. Мөнгө төгрөг бага өглөө гэж уурласан юм шиг байна” гэжээ.

Хохирогчийн гэр бүлийнхэн 50,000 төгрөгийг эмчид нь өгчихөөрэй гэж нэгэн сувилагчаар дамжуулсан байна. Харин 

Энэ тухай “Ц” –ийн аав Ц.Баттулга “Манай эхнэр таньж мэддэг сувилагчаараа дамжуулаад Б.Энхзаяа эмчид мөнгө өгүүлсэн юм билээ. Гэтэл тэр мөнгөнөөс нь сувилагч эмэгтэй бас авсан байсан. Цаашаа мөнгө нь бага очсон юм шиг байна лээ” гэв. 

Хохирогчийн гэр бүлийнхэн 50,000 төгрөгийг эмчид нь өгчихөөрэй гэж нэгэн сувилагчаар дамжуулсан байна. Харин төрөх эмнэлэгт эмч, сувилагч, асрагч тус бүрт нь мөнгө өгөх ёстой бичигдээгүй хуулийг үл мэдсэн тэд ийнхүү охинд нь хайнга хандах шалтгаан болжээ гэж халаглаж сууна. 

  • 2013.10.11

Кесар хагалгаа хийснээс хойш хоёр хоногийн хугацаанд “Ц” бүсгүйг эмч нар нэг ч үзсэнгүй.

Хоёр дахь өдөр нь мөн л аав нь “Ц”-г эргэн очиход эмч нар үзээгүй “Өнөөдөр намайг үзэх байлгүй дээ. Би жаахан халуурч хонолоо” гэж хохирогч ярьжээ.  

Кесар хагалгаагаар төрсөн нялх биетэй “Ц”-д хоёр дахь удаагаа мэс хүргэснээ гэрийнхнээс нь нуусан байна. 

Ингэж ар гэрийнхэн нь гомдол тавьж хэл ам хийснээр “Ц”-г эмч үзэж. Үзэх үзэхдээ нөхцөл байдал эвгүйдсэн байсан тул эмч нар “Ц”-ийн оёдлыг нээж гуурс тавьсан байна. Өөрөөр хэлбэл аравдугаар сарын 9-нд кесар хагалгаагаар төрсөн нялх биетэй “Ц”-д хоёр дахь удаагаа мэс хүргэснээ гэрийнхнээс нь нуусан байна. 

  • 2013.10.18

Гурав дахь хагалгаа.

Эмч нарын авсан арга хэмжээ дорвитой үр дүн өгөөгүй тул III төрөхийнхөн зөвлөх эмч нараа дуудан хохирогч “Ц”-д дахин хагалгаа хийжээ. 

Энэ талаар хохирогчийн аав Ц.Баттулга “Хоёр дахь хагалгааг бид охиноосоо л дуулсан. Бидэнд огт хэлээгүй. Харин гурав дахь удаагаа хагалгаа хийхдээ албан ёсоор гэрийнхэнд нь хэлсэн. Өвчтөнг эмчилж хүчрэхээ больсон тул Б.Бүлтэн зэрэг эмчийг дуудаж гурав дахь хагалгааг хийсэн. Энэ үеэр би Б.Энхзаяа эмчтэй уулзаад “Та хариуцлагаа хүлээх ёстой. Миний хүүхдийн амь нас эрсдэх юм бол чамтай ярина"” гээд бүх үгээ хэлжээ.

Ингээд гурав дахь хагалгаа дууссаны дараа эмч нар “Танай хүүхдийн гэдэс дотор усархаг шар юм байна. Үүнийг нь цэвэрлэлээ. Мөн  сэмжинд нь өнгөр тогтсон тул бид дээж авлаа” гэж гэрийнхэнд хэлжээ. 

  • 2013.10.20

Гурав дахь хагалгаанд орсноос хойш хоёр хоногийн дараа Ц.Баттулга эмнэлэг дээр очиж шинжилгээний хариу гарсан эсэх талаар лавлаж эхэлсэн байна. 

Харамсалтай нь хохирогч “Ц”-ийн сэмжнээс авсан дээж шинжилгээнд яваагүйгээр барахгүй сэмж нь хаана байгааг эмч нар мэдэхгүй байжээ. 

Ар гэрийнхэн нь асуудал тавьсны дараа дээжийг нэгэн сувилагч хогийн саванд хийсэн байсныг олж шинжилгээнд хугацаа хожимдож явуулжээ

Төрөөд сар хүрэхгүй хугацаанд гурван удаа хагалгаанд орж асуудал хүндэрснийг мэдсээр байж эмч, сувилагчид ийнхүү хайхрамжгүй, хариуцлагагүй нь дэндсэн үйлдэл гаргасаар байсан нь үнэхээр хачирхалтай. 

Ц.Баттулга гуай таньдаг сувилагчаасаа дам сонсох нь ээ “Хохирогч “Ц”-ийн сэмжнээс авсан дээжийг эмч Б.Энхзаяа сувилагчдаа шинжилгээнд явуулаарай гэж хэлэхээ мартсан байж. Улмаар ар гэрийнхэн нь асуудал тавьсны дараа дээжийг нэгэн сувилагч хогийн саванд хийсэн байсныг олж шинжилгээнд хугацаа хожимдож явуулсан” гэжээ.  

Ингэж дуншиж байж шинжилгээний хариу гарахад өвчтөний дотор ямар нэгэн идээт үрэвсэл байна гэсэн хариу гарсан байдаг.

  • 2013.10.29

Хохирогчийг үзүүлэхээр “Ачтан” эмнэлгийн Батсүх эмчид хандсан байна.

Талийгаач “Ц”-г үзчихээд Батсүх эмч охины аавд хандан “Энэ хүний алтан амь л чухал шүү. Авах юм байвал аваад амийг нь л авраарай” гэж. Ингэж хэлэх болсон шалтгаан нь “Ц”-ийн баруун өндгөвч нь үрэвссэн, савны хажуу тал нь үрэвсэн дотроо идээ тархсан байсныг хэлжээ. 

Б.Энхзаяаг дагуулж авч явж үнэнийг нь улаан нүүрэн дээр нь хэлүүлсэн байна.

Ингэж Батсүх эмчид үзүүлэх үед “Ц”-д анхнаас нь хагалгаа хийсэн III төрөхийн эмч Б.Энхзаяаг дагуулж авч явж үнэнийг нь улаан нүүрэн дээр нь хэлүүлсэн байна. Энэ хүртэл ар гэрийнхэнд нь нууж явсан бүхэн ийнхүү ил болжээ. 

Тиймээс ч “Ц”-г яаралтай хагалгаанд оруулахаар болов. 

  • 2013.10.30

Дөрөв дэх буюу хамгийн сүүлийн хагалгаа.

Үүн шиг төгс хагалгаа гэж байхгүй” хэмээн эмч нар тухайн үед хэлж байжээ. 

Сүүлчийн хагалгааны өмнө ар гэрийнхэн нь эмч нараас “Охины минь биеэс авах юу байна. Тэр бүгдийг нь аваарай. Бид хангалттай гарын үсэг зурж өгнө. Хамгийн гол нь энэ хүний алтан амийг л аварч өгөөрэй” гэж гуйжээ. 

Ингэж хагалгаа дуусахад хохирогч “Ц”-ийн нэг өндгөвчийг бас савыг нь авсан байна. “Үүн шиг төгс хагалгаа гэж байхгүй” хэмээн эмч нар тухайн үед хэлж байжээ. 

  • 2013.10.31 

Өвчтөнд төгс хагалгаа хийсэн гэсэн ч “Ц” маргаашнаас нь дахин халуурч эхэлжээ. 

  • 2013.11.08

Хохирогч “Ц” “Аав аа, би энэ бузрын эмнэлгээс гармаар байна. Тамлагдаж дууслаа. Эндээс гарчихвал зүгээр болчих юм шиг санагдаад байна” гэжээ. Тухайн үед нь ч н.Цовоо хэмээх одоо хэрэгт татагдаад байгаа эмч нарын нэг “Өвчтөнүүд заримдаа гэртээ гараад бие сайжрах тохиолдол байдаг юм” гэж хэлсэн байна.  

Тиймээс ч эцэг, эх нь шулуудаад охиноо эмнэлгээс гаргаж авчээ.  

  • 2013.11.09

Өвчтөн “Ц”-г эмнэлгээс гарахад нь маргааш 12.00 цагт эмчилгээнд ирээрэй гэж хэлсэн байна.

Тиймээс 2013 оны арваннэгдүгээр сарын 09-нд өвчтөн “Ц” өдрийн 12.00 цагт эмчилгээ хийлгэхээр эмнэлэг дээр ирсэн ч хоёр цаг гаруй түүнийг хүлээлгэж гаднаа уяжээ. 

“Ц” халуун шөл уугаад жаахан амс хийхдээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Төрөөд дөнгөж сар болсон. Нийтдээ дөрвөн удаа хагалгаанд орсон нялх биетэй өвчтөнийг эмчилгээ хийлгэхээр хоёр цаг гаруй эмнэлгийн гадаа суулгажээ.  

Хамгийн хачирхалтай нь түүнд витамины комплекс л хийж өгөөд явуулсан байдаг. 

Ингэж ядарч гэртээ ирсэн “Ц” халуун шөл уугаад жаахан амс хийхдээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Үрийн зулай үнэрлэж энэ хорвоод эх хүн хэмээх алдрыг хүлээсэн "Ц" ердөө 22 настай байжээ.

  • 2013.12.27 

Шүүх эмнэлгийн дүгнэлт

  1. Талийгаач Ц нь төрсний дараах эрт үеийн хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвслийн улмаас цусан үжлийн шалтгаант уушгины тараагуур судасны бүлэнт бөглөөдсийн улмаас нас барсан болно.
     
  2. Талийгаач Ц нь нас барахаас өмнө үхэлд хүргэх ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан болно.
     
  3. Талийгаач Ц нь 2013 оны 10-р сарын 8-ны өдөр “41-42 долоо хоногтой тулгар жирэмсэн, бэлтгэгдэж байгаа умай хүзүү, илүү тээлт харьцангуй том” гэсэн оноштойгоор III амаржих газарт төрөлтийн түүх нээгдсэн байна. III амаржих газрын эмч нар илүү тээлттэй, том ураг бүхий жирэмсний төрөлтийг буруу удирдсан, кесар хагалгааны явцад хэвлийн хөндийд эхсийн хэсэг хаягдсан, шархны цус тогтоолт хангалтгүй хийгдсэнээс хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл, цусан үжил үүсэх шалтгаан болжээ. 
     
  4. Талийгаач нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болно.
     
  5. Талийгаачийн цусны бүлэг нь А (II) бүлгийн харьяалалтай байна гэжээ. 

 

  • 2014.10.08

Шүүх хуралдааны мэдээлэл (Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх) 

Дүүргийн I прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхзаяа нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс 2014 оны 10 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: 

Мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу шүүгдэгч нар гэмт хэргийг үйлдсэн арга сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай шүүхийн тогтоол гарсан байна.

  • 2014.10.09  

"С" охин нэг нас хүрлээ. 

Түүнийг тээж төрүүлсэн эхийнх нь амь насаа алдсан хэргийг өмнөх өдөр нь мөрдөн байцаалтад буцаасан байв. 

Шалтгаан нь мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэв. Шүүх хуралдааны үеэр талийгаачийн аав Ц.Баттулгын өгсөн мэдүүлэг дутуу хагас бичигдсэн байгааг мэдсэн байна. 

Чухам яагаад Ц.Баттулгын өгсөн мэдүүлгүүд ийнхүү дутуу бичигдсэнийг хохирогчийн ар гэрийнхэн мэдэх боломжгүй. 

"Миний бодлоор III төрөх эмнэлэгт төрнө гэдэг хүний азын л асуудал болж. Аз байвал энэ эмнэлгээс амьд мэнд гарах боломжтой"

Жил орчим үргэлжилж буй энэ хэргийн шүүх хурал нэг юм болох гэтэл ийнхүү мөрдөн байцаалтад дахин буцжээ. 

Хохирогчийн аав Ц.Баттулга “Миний бодлоор III төрөх эмнэлэгт төрнө гэдэг хүний азын л асуудал болж. Аз байвал энэ эмнэлгээс амьд мэнд гардаг юм байна. Манай охиноос хойш дахиад хоёр, гурван алдаа гарсан. Б.Энхзаяа эмч гэхэд яг охинтой маань адилхан хэргээр давхар шалгагдаж байна. Тиймээс энэ хэргийг цуг оруулж ирэх шаардлагатай учраас шүүх хурал хойшлогдох нэг шалтгаан болох шиг боллоо” гэв. 

Хохирогч “Ц”-д сүүлийн хагалгаануудыг хийхэд III төрөх эмнэлэгт цус шүүх аппарат байхгүй учраас тухайн тоног төхөөрөмжийг өөр эмнэлгээс авчруулах асуудлыг ар гэрийнхэн нь хөөцөлдөж байж шийдэж байж. 

Ц.Баттулга “Эцэстээ бид анх эмч нарын гарыг цайлгадаг мөнгийг нь ахиухан өгчихсөн бол охин минь өнөөдөр амьд сэрүүн явж байх ч байсан юм билүү гэж харамсах үе бий. Гэхдээ л энэ III төрөхөд төрнө гэдэг үнэхээр аз л мэдсэн асуудал болж дээ. III эмнэлэг гэлтгүй бусад төрөхөд ч эх, хүүхдэд тавих анхаарал, эмч нарын ёс зүйн асуудал хүнд байгааг бид бүгдээрээ мэднэ” гэлээ.
 

  • 2014.10.10 

Хэрэгт холбогдоод байгаа нэгэн эмчээс тодруулга яриа авахыг хүссэн ч тэрбээр татгалзсан юм. Түүний хүсэлтээр ярьсан зүйлийг энд нийтлэхийг урьтал болгосонгүй. Ямартаа ч “30 хоног тэр өвчтөнг эрүүл болгох гэж эмч нар зүтгэсэн. Гэхдээ үүнд би өөрийгөө өмөөрөхийг хүсэхгүй байна” хэмээв. 

Монгол улс эхийн эндэгдлээр 20 жилийн өмнөхөөс зургаа дахин буурч өндөр гэсэн ангиллаас дунд гэдэг үзүүлэлт рүү орсон гэдэг.

“30 хоног тэр өвчтөнг эрүүл болгох гэж эмч нар зүтгэсэн. Гэхдээ үүнд би өөрийгөө өмөөрөхийг хүсэхгүй байна”

Тодруулбал, 1993 онд 100 мянган төрөлтөд 241 эх амь насаа алдаж байсан бол энэ тоо 2013 онд 35 болж буурчээ.

Хөгжингүй орнууд буюу Ирланд, Норвеги, Бельги, Австрали, Дани улсад 100 мянган төрөлт тутамд жилд 2-3 эх энддэг байна. 

Монгол улсад гарч байгаа эхийн эндэгдлийн 60 хувийг эх барихын шалтгаантай эндэгдэл эзэлж байгаа бөгөөд аюултай үр хөндөлтийн шалтгаантай эхийн эндэгдэл нийт эндэгдлийн 25  хувийг эзэлдэг байна. 

Цөөхөн Монголчууд энэ мэт хорвоод нэгэн шинэ амьдрал хайрлаж буй эхчүүдээ амьтнаас дор үзэж яг энэ эрчээрээ явсаар байвал хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм гэдгийг мартах хэрэгтэй болох биз ээ. 

Ярилцлагын төгсгөл сонсох:

Хохирогч “Ц”-ийн ээж Т.Эрдэнэцэцэг “Дандаа эх хүмүүс тэнд ажиллаж байгаа шүү дээ. Өдрөөс өдөрт над шиг үхэж яваа олон ээж байгаа байх даа” хэмээсээр хохирогчдын ар гэрийнхэнтэй хийсэн уулзалт маань дууссан юм. 

Дөнгөж өчигдөр нь нэг нас хүрсэн бяцхан "С" охиныг эгцлэн харахад ч эвгүй юм. Гэнэн цайлган өхөөрдөм түүний харцнаас хорвоо ямар хатуу юм бэ гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлэх аж. 

Нартад түүнийг эх барьсан ачтай эмч нар харин түүнд ээжгүй байх хувь тавиланг заяажээ.  

 

Ч.Болортуяа - Bolortuya@ikon.mn