Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа.
Манай улс байгалийн баялгийн нөөц ихтэй газар зүйн бүсэд оршдог бөгөөд 1990 оноос өмнө байгалийн баялаг, түүнийг ашиглахтай холбоотой бүхий л эрх мэдэл төрд төвлөрч байсан бол 1990 оноос хойш зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнтэй холбоотой ашигт малтмалыг хайх, ашиглах үйл ажиллагааг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд чөлөөтэй эрхлэх боломж нээгдсэн билээ.
Уг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олширч улс, орон нутгийн төсвийн тодорхой хувийг уг салбарын орлогоор бүрдүүлж байна гэдгийг хууль санаачлагч хэллээ.
Энэхүү хуулийн төслөөр эрдэс баялгийн салбарын ил тод байдлын зорилт, хамрах хүрээ, зарчим, эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэгч байгууллага түүний бүтэц, бүрэн эрх, мөн эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага тэдгээрийн эрх үүрэг түүнчлэн эрдэс баялгийн ил тод байдлын тайлан түүнтэй холбоотой харилцаа, тайлан гаргах үүрэг бүхий хуулийн этгээд, байгууллагууд, тэдгээрийн эрх үүрэг, санхүүжилт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэх харилцааг зохицуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!