МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр Төрийн ордонд саатаж “Шударга ёс” бүлгийнхээ гишүүдтэй бүх сэдвээр нээлттэй ярилцлаа. “Шударга ёс” эвслийн бүх гишүүд энэ уулзалтад оролцсон бөгөөд хурал нэг цаг гаруй хугацаанд үргэлжилсэн юм.
Хурлын дараа МАХН-ын дарга Н.Энхбаяраас юу ярилцсан, Засгийн газрын шинэ бүтцэд ямар саналтай байгаа талаар нь асууж сонирхлоо.
- Танай эвслийн хамтарсан Засгийн газар шинэ бүтцээр ажиллахаар болсон. Та шинэ бүтцэд ямар саналтай байгаа бол. Хурлаар энэ тухай ярилцав уу?
-Шинэ бүтэцтэй ажиллах гол санаачлагыг Ардчилсан нам гаргасан шүү дээ. Миний хувьд эвслийнхээ гишүүдээс мэдээлэл авч байна. Нэг зүйлийг онцлон хэлэхэд эвслийнхээ гишүүдээс мэдээлэл авах гэж л уулзсан болохоос биш тодорхой асуудал хэлэлцээд шийдвэр гаргасан зүйл байхгүй.
Эвслийнхээ гишүүдээс мэдээлэл авах гэж л уулзсан болохоос биш тодорхой асуудал хэлэлцээд шийдвэр гаргасан зүйл байхгүй.
Бид чинь удаан хугацаанд уулзаагүй хүмүүс шүү дээ. Уулзалгүй удсан найз нөхөд, хамт олон чинь уулзахаараа биенийхээ амар мэндийг асууж энгийн яриа өрнүүлдэг биз дээ. Тийм л уулзалт гэж ойлгох хэрэгтэй.
-Танай нам засагт хамтарч ажиллаад хоёр жил өнгөрлөө. “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөр хэр хэрэгжиж байна. Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгч байна?
-Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг би дүгнэхээс илүү Ерөнхий сайд өөрөө дүгнэх ёстой. УИХ-ын төвшинд хэрэгжиж байгаа эсэхээ тайлагнаж ярилцах нь илүү зохимжтой. Түүнээс биш би гэдэг их мэдэгч царайлаад бусдын хийсэн ажлыг дүгнээд яриад байх нь зохимжгүй. Ёс суртахууны хувьд ч тийм байж таарахгүй.
-Энэ хурлаар эвслийн гишүүд танд ямар мэдээлэл өгч байх юм. Юу ярилцсан тухайгаа тодруулж болох уу?
-Манайхан “Өнгөрсөн хугацаанд ингэж ажиллалаа. Ийм санаачлага гаргасан. Ийм санаачлага гаргаж ажиллаж чадсангүй. Улс төрийн бусад намууд ингэж ажиллаж байна.
Би Монголынхоо уужим агаараар амьсгалж, сэтгэл сэргээм уул усаа харж баясах гэж ирсэн юм шүү.
Улс орны амьдрал ахуй, ард түмний санаа сэтгэл ийм байна” гэх зэрэг зүйл ярилцсан. Улс төрийн албан тушаалтай хүмүүсийн ярьдаг л зүйлээр хөөрөлдлөө.
-Засгийн газрын шинэ бүтцийн талаар яриагүй гэж үү?
-Бүрэлдэхүүний тухай яриагүй ээ.
-Таныг эх орондоо ирэнгүүтээ Төрийн ордонд хурал зохион байгуулж байгаа нь зарим хүнд хардлага төрүүлж байх шиг. Улс төрийн шалтгаанаар ирсэн гэж ойлгохоор байна?
-Бүлгийн хуралд оролцооч гэдгийг эвслийн гишүүд маань өөрсдөө хүссэн. Тэд урьсан. Тэгээд л урилгыг нь хүлээж авч оролцлоо шүү дээ. Би Монголынхоо уужим агаараар амьсгалж, сэтгэл сэргээм уул усаа харж баясах гэж ирсэн юм шүү.
Хөдөөгүүр нуур усны голын эрэг дээр очиж болж өгвөл малчдынхаар бууж, цагаан идээ амсаад ч болов буцахыг хүсэх юм. Малчин түмэнтэйгээ жирийн нэгэн яриа өрнүүлж, уулзах юмсан гэж бодож байна. Түүнээс биш ямар нэгэн улс төрийн шалтгаан зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх ёстой. Улс төрийн асуудал надад гол зорилго биш.
Г.Шийлэгдамба: Засгийн газар байгуулахад хийсэн гэрээгээ баримтлах ёстой
Харин бүлгийн хуралдааны талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас зарим зүйлийг тодруулахад ийн хариулав.
-Н.Энхбаяр даргын оролцсон бүлгийн хурлаар сайд нарынхаа асуудлыг ярив уу?
-Н.Энхбаяр дарга өөрөө хэлсэн дээ. Харилцан мэдээлэл солилцох уулзалт болсон гэж. Мэдээж эвслийн даргын хувьд өөрийнхөө байр суурийг тодорхой болгосны дараа дахин уулзалт зохион байгуулж таарах байх.
Бид Засгийн газрын анх байгуулахад хийсэн гэрээний доторх 75:25 гэсэн зарчмаа баримтлах ёстой гэсэн байр суурь дээрээ хатуу зогсоно.
Н.Энхбаяр даргын хувьд төлөвлөгдсөн уулзалтаа хийсний дараа Засгийн газрын шинэ бүтцийн талаархи ярилцах уулзалтыг дахин хийнэ гэж зарчмын асуудал ярьсан байгаа.
-Шинээр томилогдох сайд нарыг УИХ-ын гаднаас байхыг Ерөнхийлөгч сануулж байна. Танай намынхан үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Өнгөрсөн зургадугаар сард МАХН-ын удирдах ажилтнуудын зөвөлгөөн болсон. Зөвлөгөөнөөс УИХ, Засгийн газрын гишүүнийг албан тушаалыг давхар хашихгүй байхыг баримтлаж ажиллана гэж байр сууриа нэгтгэсэн. Хэрэв шинэ бүтэц парламентын гаднаас байх ёстой гэвэл бид шийдвэрийг дагана.
-Нөгөө талаас сайд нараа сэлгэж ажиллуулна гэх мэдээлэл байна?
-Албан ёсны сэлгээ хийж ажиллуулах тухай шийдвэр гараагүй. Хамгийн эхэнд Засгийн газрын бүтцийн асуудал тодорхой болох ёстой. Хэлэлцээр үргэлжилж байгаа учраас нам дотроо ярих асуудал нь албан ёсоор яригдаагүй байгаа. Гэхдээ тийм шаардлага гарвал сэлгэх бололцоо боломж нь байна.
-“Шударга ёс” эвслийн квотыг гурав болгож бууруулж магадгүй гэх юм. Тодруулбал, нэг яамаа АН-д өгөх болж байгаа юм биш үү?
-Эцэслэж асуудлыг шийдээгүй байна. Ер нь янз бүрийн зүйл яригдаж байх шиг байна. Бид Засгийн газрын анх байгуулахад хийсэн гэрээний доторх 75:25 гэсэн зарчмаа баримтлах ёстой гэсэн байр суурь дээрээ хатуу зогсоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!