Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

З.Буянхишиг: Гол хөлдөхөөс өмнө нэг сайн цэвэрлээд авнаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

"Сэлбэ" голыг цэвэрлэдэг хэмээн олон нийтийн сүлжээгээр хүмүүст танигдсан З.Буянхишиг хүүд БОНХ-ийн сайд хүндэтгэл үзүүлж, урамшууллаа.

З.Буянхишиг 12 настай Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангид сурдаг. "Сэлбэ" голын орчмыг цэвэрлээд гурван жил болж байгаа юм байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Голын ойр орчмыг цэвэрлээд гурван жил болж байна гэлээ, Яагаад цэвэрлэх болсон юм бэ, танай үеийнхэн бол чөлөөт цагаараа тоглож нааддаг шүү дээ?

-Манайх "Сэлбэ" голын ойролцоо нүүж ирээд найман жил болж байгаа. Бага байхад аав маань голын ойр орчмыг цэвэрлэдэг байсан. Ер нь аав, ээж маань байгаль орчноо хамгаалж, цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй гэж захидаг болохоор гурван жилийн өмнөөс аавыгаа дагаад цэвэрлэдэг болсон. 

-Одоо ганцаараа цэвэрлэдэг гэсэн. Энэ үлгэр жишээ үйлдлийг чинь ангийнхан найзууд чинь хэр хүлээж авдаг вэ?

-Аав ажилтай болсноос хойш ганцаараа цэвэрлэдэг болчихсон. Саяхнаас манай ангийн нэг хүүхэд хамт цэвэрлэж байгаа. Хааяа амралтын өдрүүдээр ангиараа цэвэрлэе гэж тохирдог. Хагас хүүхдүүд нь ирдэг дээ.

-Нэг удаа цэвэрлэхэд хэр их хог гардаг вэ?

-Янз бүр. Тогтмол цэвэрлээд байвал гайгүй байдаг. Нэг удаа намайг хөдөө яваад долоо хоноод ирсэн чинь зөндөө хогтой болсон байсан. 

Намайг хөдөө яваад долоо хоноод ирсэн чинь зөндөө хогтой болсон байсан. 

-Тэгээд өдөр бүр цэвэрлэдэг юмуу?

-Тийм ээ. Өдөр хичээлээ тарж ирээд зав зайгаараа цэвэрлэдэг. Тэгэхдээ одоо хүйтэн болохоор өвөл цэвэрлэж чаддаггүй. Одоо гол хөлдөхөөс өмнө нэг сайн цэвэрлээд авнаа.

Хавар гол гэсэхээр их хог урсаж ирдэг. Ус нь ч бас их бохирдсон байдаг.

-Ухамсартай сайн хүүхэд юмаа. Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Цагдаа болно оо.

-Томчуудад, дүү нартаа хандаж  хэлэх, уриалах зүйл байна уу?

-Томчуудад хандаж хэлэхэд гадуур сайн дураараа цэвэрлэдэггүй юмаа гэхэд, хашаан доторх хогоо сайхан цэвэрлэж байгаарай. Салхиар тараад ойр орчин муухай болоод байдаг юм.

Дүү нартаа харин хогоо битгий хаяарай, байгаль дэлхийгээ хайрлаж байгаарай гэж хэлмээр байна.

З.Буянхишигийн аав Н.Зоригтбаатар "Буянхишиг манай дөрөв дэх хүүхэд ах эгч нар нь зав зайгаараа дүүдээ тусалдаг байсан. Одоо хөдөө сурцгаадаг болохоор хүү маань ганцаараа, заримдаа найз нөхөдтэйгөө гол орчмоо цэвэрлэдэг. 

Манайхыг нүүж ирэх үед голын орчимд хог их байдаг байсан болохоор эвгүй санагдаад цэвэрлэдэг болсон юм. Тэгээд хүүгээ томхон болоод ирэхээр дагуулж цэвэрлүүлж эхэлсэн" хэмээн ярилаа.

"Сэлбэ" голын орчмыг цэвэрлэдэг З.Буянхишиг хүүг ангийнхан нь эко сурагч хэмээн дууддаг болжээ.
 



БОНХ-ийн сайд С.Оюун "Хогны асуудал үнэхээр нийслэлийн хувьд тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. Энэ үед З.Буянхишиг хүү маань ингээд ухамсраараа, байгаль эхээ хайрлах сэтгэлээрээ "Сэлбэ" голын орчмыг цэвэрлэж байгаа нь их бахархалтай байна. Хүүгээ ийм сайхан хүмүүжүүлсэн аав, ээжид нь баярлалаа.

Иргэддээ хандаж хэлэхэд З.Буянхишигийг дэмжээд хог цэвэрлэх хэрэгтэй байна. Мөн хамгийн гол нь хогоо ил задгай хаяхгүй байх шаардлагатай байна" гэлээ.