Хоспис ба хөнгөвчлөх эмчилгээний дэлхийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн ба хавдрын бус хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” сэдэвт бага хурал өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулагдлаа.
Уг бага хуралд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон.
Монголд жилдээ 16192 хүн нас бардаг. Үүний 9715 өвчтөнд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай өвчтөн эзэлдэг.
Манай улсад хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ нь төр засгийн бодлогын нэг хэсэг болж, Эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний стандарт, Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Хорт хавдартай тэмцэх үндэснийхөтөлбөрийн хүрээнд 2017 он хүртэл бодлогоор хөгжих эрхзүйн орчин бүрдсэн байна.
Хүүхдийн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ одоогоор Монгол Улсад эхлэл төдий байна. Энэ тусламжийг голдуу эмчилгээтэй нь хавсрах маягаар явуулж иржээ. Мөн энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Цаашид хүүхдийн хөнгөвчлөх эмчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, өвдөлт намдаах арга барилын стандарт, зааврыг боловсруулан мөрдөх зэргийг үе шаттай хийх шаардлага байгаа аж.
Өнөөдрийн үйл ажиллагаа нь дээрх асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэж хуралд оролцогчид үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!