Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Оюутолгой” төслийн далд уурхайн хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл цэгцгүй байгаа талаар онцлоод “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ хуралдаж далд уурхайн хөрөнгө оруулалтын техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч баталгаажуулахаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгсөн талаар мэдээлэв.
УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ “Оюутолгой” ХХК-ийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт нь 4,9 тэрбум ам.доллар хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан ч 9 тэрбум ам.доллар болж яригдах болсон нь төслийн хөрөнгө оруулалтын гэрээний заалттай холбоотой юм.
Бид гэрээгээр баталгаажуулсан анхны хөрөнгө оруулалтыг нөхөөгүй атал дахин хоёр дахин их хөрөнгө зээлээр гаргавал Монгол Улсын төсөв даахгүй. “Оюутолгой” төсөлтэй холбоотой анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт болон олон маргаантай асуудал шийдэгдээгүй байхад нэмж 9 тэрбум ам.долларын өр тавихыг би эсэргүүцэж байна.
Хэрэв энэхүү гэрээг хүлээн зөвшөөрвөл миний бие Монгол Улсын Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд өргөн мэдүүлнэ” гэв.
Мөн тэрээр “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн тайланг олон нийтэд мэдээлэхгүй байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!