- Асуулт хариулт -
-Манайхан бөөр, нуруу өвдөж байгаагаа тэр бүр мэддэггүй. Тиймээс энэ хоёрыг яаж ялгах вэ. Нурууны өвдөлттэй хүмүүс бариа заслыг жилд хэдэн удаа хийлгэх ёстой вэ?
Хэнтий аймгийн иргэн С.Баатарцогт
-Бөөр, нуруу өвдөж байгааг нэгдүгээрт, бодит үзлэгээр ялгана. Хоёрдугаарт, шинжилгээний тусламжтайгаар оношлоно. Өвчин хэр сэдэрч байгаагаас хамаарч жилд 1-2 удаа физик болон шавар эмчилгээнд явна. Нуруу нь өвддөг хүмүүс гам сайн барих ёстой.
Тухайлбал, хүнд зүйл өргөхдөө бусдын тусламжийг хүсэх юм уу, ганцаараа ямар нэг хүнд юм өргөж болохгүй. Нуруу, ууц болон дороосоо даарахгүй байх нь чухал. Нуруунд тулгуур болох бүс зүүж, хэвлийн булчинг чанга байлгах ёстой. Хэвлийн булчин сул байх тусам нуруунд ачаалал ихэсдэг. Нурууны эмгэгүүд жин ихтэй, жирэмсэн үед илэрдэг.
/Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн мэдрэлийн эмч Г.Тунгалаг/
Төрөх үйл явцтай түнхний мултрал хамаагүй
-Хийсвэр хийлгэх нь хүүхдийг түнхний мултралтай төрөхөд нөлөөлдөг гэх юм. Энэ үнэн үү?
/Баянгол дүүргийн иргэн Б.Баярмаа/
-Төрөх үйл явцтай түнхний мултрал ямар ч хамаагүй. Эхийн хэвлийд байхдаа шахагдаж буруу байрласан, умайн хавдартай байсан ч юм уу, ураг хэт том, бага жинтэй байх нь хүүхдэд эмгэг согогийн эхлэл. Тухайлбал, тархины гэмтэл, бүх эрхтэн систем дутуу хөгжсөн учраас зүрх нь цоорхой, түнх нь мултархай, тархины саажилттай гардаг. Тиймээс хүүхдийг бүрэн ес, арван cap тээх хэрэгтэй. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс ээжийг сайн хянах ёстой.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн гэмтэл согогийн төвийн удирдагч, анагаах ухааны доктор, профессор Б.Бүдээ
Савны гадуурх жирэмслэлт гэж юу вэ?
-Савны гадуурх жирэмслэлт гэж юу вэ. Энэ нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бэ. Үүнийг яаж эмчлэх вэ?
/Баянзүрх дүүргийн иргэн Д.Уранцэцэг/
-Үр тогтсон өндгөн эс умайн гадна хэсэгт байрласнаар савны гадуурх жирэмслэлт үүсдэг. Өндгөн эс ихэвчлэн үр дамжуулах хоолойд байрласан байдаг ч үүнээс өөр умайн гаднах ямар ч хэсэгт томорсон байж болдог. Энэ нь эх эндэх гол шалтгаан болдог. Тиймээс бүсгүйчүүд бие давхар болсноо мэдмэгц ЭХО-д харуулах хэрэгтэй.
Хөл хүнд эмэгтэйчүүдийн нэг хувьд савны гадуурх жирэмслэлт тохиолддог. Хэрэв үр дамжуулах хоолой урагдаж, цус алдаж эхэлсэн бол яаралтай мэс ажилбар хийхээс өөр аргагүй.
Ингэснээр үр дамжуулах хоолойг гэмтээлгүйгээр жирэмслэлтийг зогсоож болно. Маш цөөн тохиолдолд үр дамжуулах хоолойг тэр чигт нь авахаас өөр аргагүй болдог. Хэрэв цус алдалт явагдаагүй бол түүнд заавал мэс ажилбар хийх шаардлагагүй. Эмчийн нарийн хяналт дор ажиглалт хийн хүлээж болно. Зарим тохиолдолд үр хөврөл томорч, өөрөө амьгүйдэн зулбаж гардаг. Ийм тохиолдолд эхэд дараа нь учирч болох наалдангийн аюулаас хамгаалах хэрэгтэй.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Нөхөн үржихүйн ахлах эмч Г.Энхтуяа
Томуугийн вакциныг ирэх сараас хийнэ
-Сайн дурын дархлаажуулалтын вакциныг хүүхдэд заавал хийлгэх ёстой юу?
Багануур дүүргийн иргэн Р.Мөнхдэлгэр
-Үгүй. Энэ вакциныг зургаан сартайгаас дээш настай хүүхдэд хийлгэж болно. Тун нь хүүхэд, том хүнийхээр байдаг. Сайн дурын дархлаажуулалт гэдэг нь ханиад томуу болон бусад халдварт өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэхийн тулд сайн дураараа хийлгэж байгаа вакцин юм.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг ихэвчлэн эмнэлгийн ажилчдад жил бүрийн арваннэгдүгээр сард хийдэг. Энэ вакциныг хийлгэсэн байхад ханиад томуу хөнгөн тусна.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн амбулаторийн хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Д.Батжаргал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!