“Соён гэгээрлийн цуврал” булангийн зочноор биологийн ухааны доктор Д.Дөлгөөнийг урилаа. Тэрээр МУИС, Унгарын Сегедийн их сургуулийг төгссөн, молекул болон эсийн биологич, биотехнологич мэргэжилтэй. Ургамлын эсийн дохиоллын систем дэх шинэ гишүүдийг илрүүлж, үүргийг тодорхойлох нээлт хийсэн дэлхийн анхны эрдэмтэн юм.
-“Монгол Улс дэлхийд данстай нэг эрдэмтэнтэй боллоо” гэсэн гарчигтай таны тухай товч мэдээг 2009 онд сониноос уншсанаа санаж байна. Тэр үе таны судалгаа шинжилгээний ажилтай ямар сэжмээр холбогддог вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Тэр миний хийж байсан судалгааны ажлын үр дүнг докторын зэрэг хамгаалах болзлыг бүрдүүлсэн гэж үзсэн үе байсан. Докторын ажлын судалгаа нь заавал шинэ зүйл байх ёстой. Мөн түүнийгээ олон талаас батлах учиртай. Тэр дотроо ургамлын молекул биологийн судалгаа олон жилийн хүч хөдөлмөр шаардсан ажил байдаг. Бодит туршилтууд явуулж, амьд эстэй ажиллана.
Туршилтын арга барилууд тохирох, тохирохгүй байхаас хамааран зарим үед хуурамч үр дүн өгч болно. Өөрөөр хэлбэл буруу үр дүн бус хуурамч үр дүн байх нь элбэг. Тэрийг аваад судалгааг цааш үргэлжлүүлбэл буруу ертөнц рүү оржээ гэдэг нь олон жилийн дараа мэдэгддэг. Цаг ч их алддаг. Би энэ бүхнийг туулж, олон жил судалсны эцэст докторын зэрэг хамгаалсан.
Судалгааны ажлын хувьд 2000-2007 онд Унгарын Сегед хотын Биологийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байх үеэс эхэлж ургамлын эсийн дохиоллын системийн шинэ элементүүдийг нээж олох зорилго тавьсан юм.
Шинэ элементүүд ямар үүрэгтэй вэ, хаана нь байрладаг юм бэ гэдгийг батлахаар судалгаа хийж эхэлсэн нь тэр л дээ. Гэхдээ 2007 онд миний ажил өөрчлөгдөж, Сегед хотын Франц-Унгарын хамтарсан хүний геном, ургамлын биотехнологийн эрдэм шинжилгээ судалгааны төв байгуулагдахад тийшээ шилжиж орсон.
Тэнд миний ажлын үүрэг өөрчлөгдөж, ургамлын гаралтай шинэ төрлийн пептид антибиотикуудтай ажиллах болсон. Миний даалгавар юу байсан бэ гэвэл, тэр антибиотекуудыг ямар амьд бие дотор үйлдвэрлэх вэ, ингэхдээ зардал нь хямд байх ёстой гэсэн лабораторийн төвшний ажил байсан. Үүний дараа үйлдвэрийн төвшинд өөр баг, инженерүүд ажиллах ёстой байдаг. Миний ажил зөвхөн лабораторийн төвшний туршилтууд байсан юм.
-Ургамлын эсийн дохиоллын систем дэх шинэ гишүүдийг нээж олсноор шинжлэх ухаан, хүмүүсийн амьдралд ямар ач холбогдолтой вэ?
-Гадаад орчинд болж буй өөрчлөлтийг мэдэрч түүнд тохируулсан хариу үйлдэл хийх нь амьд эсийн үндсэн үйл ажилгааны нэг юм. Дохиоллын систем эсийн төвшинд явагддаг. Эс хэзээ хуваагдах, эсвэл хэзээ тайван байдал шилжих зэргийг эсийн дохиоллын систем шийднэ. Жишээ нь, хүн бие биеэ харж байгаа нь эсийн төвшинд явж байгаа процесс. Амьтад хүйтрэхээр нүх ухаад орчихдог, дайсан ирэхэд зугтдаг бол ургамал байрандаа байж байна. Гэхдээ эсүүд нь гадны өөрчлөлтийг мэдэрч байдаг. Тэр дагуу хариу үйлчлэл үзүүлдэг, тэр нь молеуклын төвшинд явагддаг. Харин хэрхэн мэдэрдэг нь сонирхолтой үйл явц юм. Амьтдын хувьд энэ маш нарийн судлагдсан байдаг.
Гэхдээ мэдэгдээгүй зүйлүүд ч маш их бий. Яагаад гэвэл, дохиоллын систем хорт хавдартай маш нягт холбоотой. Дохиоллын систем нь гэмтсэн эсүүд хорт хавдрын янз бүрийн төрлүүд болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, дохиоллын систем эсүүдийг хуваагдах уу, үгүй юу гэдгийг зохицуулна. Эс тайван байдалд орох уу, үгүй юу гэдгээс эхлээд бүхий л үйл ажиллагааг нь зохицуулдаг. Гаднаас ирж байгаа мэдээллийг зөв мэдэрснээрээ хариу үйлдлээ зөв явуулна, тэгснээрээ амьд үлдэнэ гэсэн үг.
Ургамлын дохиоллын систем гэдэг өөрөө маш том сэдэв. Дотроо мөн олон төрөлд хуваагддаг. Тэдгээр нь өөр хоорондоо уялдаатай байдаг.
Аль нь яаж ажиллах вэ, хэрхэн идэвхжих вэ, аль нь унтрах вэ, энэ бүхнээс тухайн амьд эсийн, жишээлбэл ургамлын эсийн тухайд гэхэд жимс нь хэзээ болох вэ, самар зарим жил гарахгүй, зарим жил сагсайтал ургадаг нь хамаарна. Мод тухайн жил жимс гаргахад тохиромжгүй гэдгээ мэдсэн байна.
Тэр яаж мэдэрсэн бэ гэвэл гадаад орчны өөрчлөлтүүдийг мэдэрдэг механизм ажиллаж байгаа гэсэн үг. Үр жимсээ боловсруулж гаргах хүртэл мод маш их энерги зарцуулна. Үр боловсрох тохиромжтой температур, нарны тусгал гээд бүгдийг мэдэрнэ. Шинжлэх ухааны үндсэн зорилго юу вэ гэвэл, хүн төрөлхтөний танин мэдэхүйг тэлэх, тэдэнд ашигтай зүйл бий болгоход чиглэдэг.
-Дэлхий нийт сүүлийн жилүүдэд био аюулгүй байдлын тухай хүчтэй ярих болсон. Тэр тусмаа монголчууд хувиргасан амьд организмуудаас ихээхэн айж болгоомжилдог. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд та юу хэлэх бол?
-Хувиргасан амьд организм аюултай гэдэг хүмүүс бий, аюулгүй гэдэг хүмүүс ч бий. Генетик өөрчлөлт гэдэг зөвхөн хүн л хийж чаддаг зүйл биш. Хувиргасан амьд организм /генийн өөрчлөлттэй хүнс/ -ийг хүн санаатайгаар хийж байгаа ч гэсэн байгаль дээр өөрөө байдаг зүйл. Саяхан би сүүлийн үеийн судалгааны ажлуудын талаар уншсан. 2007, 2009, 2013 онд хэвлэгдсэн материалууд байна лээ.
Генетик өөрчлөлт гэдэг зөвхөн хүн л хийж чаддаг зүйл биш. Хувиргасан амьд организм /генийн өөрчлөлттэй хүнс/ -ийг хүн санаатайгаар хийж байгаа ч гэсэн байгаль дээр өөрөө байдаг зүйл.
Тэнд байгаль дээр байдаг шар буурцаг, түүний үрийн хэмжээ бусдынхаас 25 хувиар илүү байна. Өөрөөр хэлбэл, энэ нь нэгж талбайгаас авах ургацын хэмжээ 25 хувиар илүү болно гэсэн үг. Гэхдээ тэр бол байгаль дээр байдаг уламжлалт аргаар гаргаж авсан сорт, хувиргасан амьд организмд хамаарахгүй гэсэн үг.
Тухайн сортын гадаад шинж чанарын цаана юу байна гээд үзтэл үсэрдэг генетикийн элемент шар буурцагны хромсомд байрлалаа солин генийн бүтцийг өөрчилснөөр сорт үүсгэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, байгаль дээр генетикийн өөрчлөлт хүний оролцоогүйгээр явагдаж байна. Бид ч гэсэн байгаль дээр байгаа зүйлүүдийг ашиглаж генийн өөрчлөлтүүдийг хийдэг. Мэдээж хувиргасан амьд организмуудаас болгоомжлох нь зүйтэй байх. Бас нэг их айх хэрэггүй болов уу.
-Та хувиргасан амьд организм бүтээх, гаргаж авахад хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр ажиллаж байв уу?
-Би хувиргасан амьд организм гарган авч байсан. Миний ажиллаж байсан ургамлууд хүнснийх биш. Модель ургамлууд дээр уураг үйлдвэрлэх туршилтууд байсан юм.
-Манайд хүнсний бүтээгдэхүүнүүдэд тавих хяналт сул байна гэсэн шүүмжлэл гардаг. Хүний генийг өөрчилсөн, аюул дагуулсан зүйл бүртгэгдсэн тохиолдол байдаг уу?
-Генетикийн өөрчлөлттэй хүнснээс болоод үүссэн өвчин, аюулын талаар одоо болтол батлагдсан мэдээлэл байхгүй байгаа. Удаан хугацааны дараа юу болохыг одоогоор хэн ч хэлж чадахгүй. Хувиргасан амьд организмаас гаралтай хүнс худалдаанд ороод 20 орчим жил болж байгаа. Ондоо өнцөгөөс харвал, генетикийн өөрчлөлтийг хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хийж эхэлсэн.
Одоо хүмүүсийн тарьдаг олон сортын ургамал, тэжээдэг олон үүлдрийн амьтан бүгд хүний оролцоотой генетикийн өөрчлөлтөд орсон. Гэхдээ эдгээрийг уламжлалт буюу селекцийн аргаар гарган авсан. Жишээлбэл, МЭӨ 700 жилийн өмнө Төв Америкийн Маяа индианууд зэрлэг эрдэнэ шишээс одоогийн бидний хэрэглэж байгаа таримал хэвшлийг гаргаж авсан .
Одоо бид давуу шинж агуулсан ургамал, амьтдыг молекул биологийн аргаар гарган авдаг. Молекул биологийн аргаар гарган авсан амьд биесийг бид хувиргасан амьд организм гэж нэрлэдэг. Хувиргасан амьд организмгүйгээр бид ирээдүйд хүн төрөлхтний хэрэгцээг хангаж чадахгүй л болов уу.
-Тэгвэл одоо эрдэмтэн, судлаачдын хийж байгаа генийн өөрчлөлт юунд суурилж байна?
-Генетикийн өөрчлөлтэй буюу хувиргасан амьд организмуудыг дараах байдлаар ангилж болох юм. Эхний үеийн хувиргасан амьд организмууд хортон шавьж, бактер, вируст, хүйтэн, хуурайд тэсвэртэй болгож байсан. Дараах үеийн генетикийн өөрчлөлтийг ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор гарган авч байсан. Жишээлбэл илүү том жимстэй, богино хугацаанд боловсордог гэх мэт.
Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг гаднаас авдаг. Бид өөрсдийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь нийгэм, улс төрийн олон шалтгаантай. Миний бодож байгаагаар бол манай орны уур амьсгал эрс тэс, тийм ч учраас монголчууд олон мянган жил нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсний үндсэн шалтгаан нь тэр байх.
Түүнээс монголчууд газар тариалан эрхлэхээс залхуураагүй. Газар тариалан эрхлэх нь маш эрсдэлтэй. Тариалан эрхлээд явж байтал нэг өдөр мөндөр ороод нөгөөхийг нь аваад явчихвал тэр гэр бүл өлсч үхнэ шүү дээ. Энэ тохиолдолд эрс тэс уур амьсгалд тэсвэртэй сортуудыг гаргаж авснаар цааш хөгжүүлэх боломжтой. Хэрхэн гаргаж авах вэ гэвэл, мэдээж молекул биологийн аргаар. Өнөөгийн нөхцөлд эрлийзжүүлэх уламжлалт аргаар гарган авахад хугацаа их орно.
-Энэ талаар эрдэмтэн судлаачид ямар тооцоо судалгаа, эдийн засгийн гаргалгаанууд дэвшүүлж байгаа вэ?
-Хүн ам хурдацтай өсч байгаатай уялдаад хүнсний бүтээгдхүүний эрэлт хэрэгцээ өсч байна. 2050 он гэж эрдэмтэд их ярьдаг, тэр нь айдас төрүүлэх тоо юу, эсвэл гэдгийг би хэлж мэдэхгүй. Ямар ч байсан 2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбум болно гэж ярьж байна.
Тэгэхээр дэлхий нийтийн хүнсний хэрэгцээ нэмэгдэнэ. Гэтэл тэр хэрээр бид хүнс үйлдвэрлэх талбайгаа нэмэгдүүлж чадахгүй. Тиймээс хувиргасан амьд организмаас зайлах бус түүнийг шинжилж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаануудыг явуулж өөрсдийн болон хөрш зэргэлдээ орны хэрэгцээг хангаж чадахуйц хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах юм бол эдийн засгийн хувьд маш ашигтай.
-Хувиргасан амьд организмын нөлөөгөөр хүний ген өөрчлөгдсөн, хор хохирол учруулсан зүйлүүд бүртгэгдсэн тохиолдол байдаг уу?
-Ийм тохиолдол байхгүй. Чоно хонь барьж идээд хонины гентэй болдоггүй шүү дээ. Байгаль дээр ургамлын генд өөрчлөлт орж физиологи нь өөрчлөгдсөн тохиолдолын талаар шар буурцагны жишээг түрүүн хэлсэн. Харин түүнийг хүнд хортой эсэхийг судалсан судалгаа өнөөг хүртэл алга. Нэгэнт байгалийн замаар үүссэн учраас тэрийг хэн ч судлахгүй. Яагаад гэвэл уламжлалт гэдэг нэр томъёонд хамаарагдах учраас.
Харин хүн гаргаж авсан бол янз бүрийн шаардлага тавьж, биологийн эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ. Харханд идүүлэх, амьтан дээр турших зэргээр тэнд өвчин үүсч байна уу, үгүй юу гэдгийг шинжилдэг. Байгаль дээр ч, лабораторид ч генетикийн өөрчлөлт явж байгаа. Тийм болохоор айгаад байх шаардлагагүй. Хувиргасан амьд организмтай холбоотойгоор болзошгүй аюул гэсэн нэр томъёог хэрэглэдэг.
-Болзошгүй буюу болоогүй аюул гэж үзэж байгаа ч тэнд яаж хяналт тавьдаг юм бол. Ер нь хяналтыг ямар байдлаар бий болгох боломжтой вэ?
-Болзошгүй аюул гэдэг бол болоогүй байгаа гэсэн үг юм. Хэзээ ч болохгүй байж болно. Болзошгүй аюултай холбоотойгоор тухайн бүтээгдэхүүний бүртгэлжүүлэлт хийх шаардлагатай. Бүртгэлжүүлэлт гэдэг нь хэн, хаана, хэрхэн хийсэн, хаашаа хэрхэн тээвэрлэсэн, хаана, хэн ямар зориулалтаар ашигласан зэргийг хэлж байгаа юм.
Удаан хугацааны дараа ямар нэгэн аюул учирлаа гэхэд бүртгэлжүүлэлтийн тусламжтайгаар тухайн бүтээгдэхүүний замыг хөөж болно. Мөн хариу арга хэмжээг шуурхай авч болно.
-Шинжлэх ухааны үүднээс, мөн судлаачийн нууцлалд хамаарахгүй бол та сүүлийн үед ямар судалгаа хийж байна?
-Би 2010 оноос ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн ахлах багшаар ажиллаж байна. Сүүлийн үед сургуулийнхаа лабораторид чацарганатай холбоотой судалгаа, шинжилгээ эхлүүлээд байна.
-Монголд судалгаа хийхэд тоног төхөөрөмж,зориулалтын лабораториос өгсүүлээд боломж ямар байдаг вэ?
-Нэг үеэ бодоход манайд судалгаа шинжилгээний боломжууд нэмэгдсээр байгаа. Хамгийн том бэрхшээл бол манайд судалгаа хийхэд өртөг өндөр, мөн дэд бүтэц хүндрэлтэй байдаг. Баруунд нэг ам.долларын үнэтэй зүйл манайд гурваас таван ам.доллар байх жишээтэй.
Санхүүжилтээ шийдлээ гэхэд манайд дэд бүтэц муу хөгжсөн. Судалгаанд шаардагдах бодис урвалжуудыг худалдаж авахад заавал нийлүүлэгч компанид хандаж тухайн байгууллага оруулж ирнэ. Хэзээ яаж оруулж ирэх, оруулж ирсэн тохиолдолд хэр баталгаатай байх вэ гэдэг хүндрэлтэй.
Гэхдээ болохгүй биш аль болох болгох, бүтээх талаас ажилладаг. Манайд судалгаа хийхэд улсын байгууллага нь ч, хувийнх нь ч ийм бүтээгдэхүүн хийгээдэх, тэгвэл төсөв гаргаж өгье гэх байдлаар ярьдаг. Үнэндээ бүтээгдэхүүн бий болгох, эсвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хоёр өөр асуудал. Шинжлэх ухаанд хоёр чиглэл бий. тэр нь хэрэглээний шинжлэх ухаан, суурь шинжлэх ухаан. Тэр хоёрыг харьцуулах юм бол суурь шинжлэх ухаан бараг 90 хувийг нь эзэлдэг.
Суурь судалгаанд аль ч байгууллага мөнгө зарцуулах дургүй байдаг. Гэтэл хөгжилтэй орнууд, мөн Хятад, ОХУ суурь шинжлэх ухаанд их мөнгө зарцуулдаг.
Суурь шинжлэх ухааны зорилго мөнгө хийх бус, танин мэдэхүйг /судалгаанд/ тэлэхэд чиглэдэг. Тухайлбал, ургамлын навчийг том болговол бүтээгдэхүүний гарах хувь нэмэгдэхээр байгаа бол эсийн аль дохиоллын системийг өөрчлөх вэ гэдэг талаас судална гэсэн үг. Энэ бол суурь судалгаа. Ингэж нэгэнт бий болсон суурь судалгааны бааз дээр хэрэглээний шинжлэх ухаан бий болно.
Гэтэл манайх шууд хэрэглээний шинжлэх ухаан руу явах гээд байдаг. Тэрийг шууд хийх гэхээр мэдээж суурь шинжлэх ухаан дутна шүү дээ. Барилгаар бол суурь, ханаа бариагүй байж дээврээ барьж болохгүй шүү дээ. Баттай суурин дээр бөх, нурж унахааргүй байшин барина.
Суурь судалгаанд аль ч байгууллага мөнгө зарцуулах дургүй байдаг. Гэтэл хөгжилтэй орнууд, мөн Хятад, ОХУ суурь шинжлэх ухаанд их мөнгө зарцуулдаг. Учир нь суурь шинжлэх ухааны салбарт мэдлэг туршлага эзэмшсэн хүмүүс хэрэглээний шинжлэх ухааныг бий болгодог.
-Эрдэмтэн, судлаачид судалгаа, шинжилгээний ажилдаа цаг заваа зориулдгаас тэр бүр ам нээдэггүй, уулзах гээд хөөцөлдөхөд тэр бүр таарах нь ховор байдаг. Уулзаж ярилцсан энэ завшаанд монголчууддаа хандаж таны хэлэх үгийг сонсмоор байна?
-Улс эх орон маань хөгжиж байгаа ч хийх зүйл их бий. Мэдээж тав, арван жилийн өмнөхтэй харьцуулахад дээшилсэн, сайжирсан зүйл зөндөө байна. Хэдэн жилийн дараа илүү сайхан болох болно.
Цаг үе болгонд асуудал байдаг ч тухай бүртээ шийдэгдээд явдаг. Тиймээс манай улсад ирээдүй бий. Хууль эрхзүйн орчноос өгсүүлээд харах юм бол манайд хүндрэл бэрхшээл их байдаг ч нөгөө өнцгөөс харахад тэр нь эерэг тал, боломж, эрх чөлөө юм. Улс эх орон хөгжинө. Хөгжил гэдэг баян болохыг бус монгол хүний хөгжлийг хэлнэ.
Өөрөөр хэлбэл монгол хүний бие нь эрүүл, ухаан нь саруул, боловсрол мэдлэг, соёлоор илүү их болно. Түүнээс мөнгөтэй болчихвол хөгжинө гэж бодвол эндүүрэл.
Африк, Өмнөд Америкийн зарим орон түүхийнхээ тодорхой цаг хугацаанд маш их мөнгөтэй байсан ч үүнийгээ ард түмэндээ огт зарцуулаагүй. Тансаглалд зарцуулсан.
Ард түмнийхээ эрүүл мэнд, танин мэдэхүйд мөнгө зарцуулалгүй явсаар нэг мэдэхэд хөгжлийн доройтолд орж, иргэний дайн, цэргийн диктатурт автан олон арван жилээр хүнд байдалд орсон. Бид тийм замаар явж болохгүй.
Бусдын алдаанаас суралцаж чаддаг хүнийг ухаантай гэдэг. Алдаагаа давтдаг хүнийг тэнэг гэдэг. Эцэст нь хэлэхэд Монгол Улсад маш их ирээдүй бий. Өнөөгийн Монголын ажиллах хүчин болсон бид нарт хийх юм маш их байгаа. Зөв чиг баривал Монголын ард түмний амьдрал улам улам сайхан болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!