УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.55 цагт 53,9 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин нар хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлын өвчин нь хувь хүний эрүүл мэндийн нууцлалд хамаарах нь зүйтэй, уг мэдээлэл ил болсон нь хувийн нууцын хамгааллын эрх зүйн дэглэм хөндөгдөхөд хүрч байгаа тул Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.
Мөн хуралдаанаар Хувь хүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ...-ыг хуулиар хамгаална,” мөн зүйлийн 17 дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-ыг хангах зорилгоор задруулж үл болох... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална,” Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуй... хууль зүйн... баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжжээ.
Харин Байнгын хорооноос цэцийн дүгнэлтийг дэмжсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!