10 дугаар сарын 06-13-ны хооронд Шведийн Стокгольм болон Осло хотноо 113 дахь удаагийн Нобелийн долоо хоног үргэлжилж, шинжлэх ухааны энэхүү дээд шагналыг хэн гэдэг эрхмүүд хүртэхийг тодруулж байна.
Энэхүү чухал үйл явдалтай холбоотойгоор бид та бүхэнд Нобелийн шагналын талаар цөөн хэдэн мэдээлэл хүргэе.
Нобелийн шагнал үүссэн түүх
Нэрт зохион бүтээгч Альфред Бернхард Нобель /1833-1896/ физик, хими, анагаах ухаан, физиолог болон утга зохиолын салбарт олгодог энэхүү шагналыг анх үндэслэсэн юм. 1895 онд тэрбээр гэрээслэл үлдээсэн бөгөөд энэ гэрээслэлд тэрбээр өөрийнхөө орлогийг жил бүр таван тэнцүү хуваагаад, шагналтнуудад олгохыг захисан байдаг. 1900 онд Шведийн Стокгольм хотноо энэ шагналын захиргааны байгууллага болох Нобелийн сан байгуулагджээ.
Тухайн үед сангийн хөрөнгө нь 31 сая швед крон байсан бол Нобелийн шагналыг 1901 оноос эхлэн олгож эхлэжээ. 1968 онд Шведийн Улсын банк үүсгэн байгуулагдсныхаа 300 жилийн ойг тохиолдуулан Альфред Нобелийн дурсгалд зориулан эдийн засгийн шагналыг бий болгосон байна. Нобелийн эдийн засгийн шагналыг 1969 оноос эхлэн гардуулж эхлэсэн, гэхдээ шагналын мөнгийг шагналыг бий болгосон Улсын банк олгодог юм байна.
Нобелийн шагналтнуудад мөнгөн шагналаас /2014 онд 8 сая швед крон буюу 1,1 сая ам.доллар олгоно/ гадна диплом, алтан медаль гардуулдаг юм. Медалийн нүүрэн талд Альфред Нобелийн хөрөг байх бол ар талд нь шагнал тус бүрээс хамаарч өөр өөр дүрстэй байдаг гэнэ.
Эдгээр байгууллага тус бүр дээр Нобелийн хороо ажиллаж, шагналтныг тодруулахад тусладаг. Анагаах ухаан, физик, химийн шагналыг олон жилийн өмнө хийсэн нээлтийнх нь төлөө эрдэмтдэд олгодог бол утга зохиолын шагналтнууд ч заавал сүүлийн жилд гаргасан бүтээлээрээ биш харин нийт ажлынхаа дүнгээр ч авах боломжтой юм.
Альфред Нобелийн гэрээслэснээр Энх тайвны шагналыг Норвегийн Нобелийн хороо олгодог. Чухам яагаад ийм шийдвэр гаргах болсноо гэрээслэлдээ тайлбарлаагүй, харин 1814-1905 оны хооронд нэгдмэл байсан Швед, Норвеги гэсэн хоёрт шагналтнуудыг тодруулах үүргийг хуваан өгсөн гэсэн яриа байдаг юм.

Шагнал олгох журам
Шагнал тус бүрийг гурваас дээш хүнд олгодоггүй. Хэрэв шинжлэх ухааны нэг нээлтийн төлөө хоёр эсвэл гурван хүн шагнал авахаар бол шагналын дүнг тэнцүү хуваан өгдөг. Хоёр нээлтийг онцлох шийдвэр ч гаргаж болно. Энэ тохиолдолд нэг нээлт нь хоёр эзэнтэй бол бүгд шагналыг дөрөв хувааж авна гэсэн үг.
Шагнал хүртэхүйц хүнийг олоогүйн улмаас Нобелийн шагналыг гардуулаагүй тохиолдол бий. Тухайлбал Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны үед нэр дэвшигчид цөөн байсны улмаас сонголт хийхэд хүндрэлтэй байжээ. Нэр дэвшигчдийг тодруулах ажил есдүгээр сард эхэлж, дараа жилийнхээ нэгдүгээр сарын 31-нд дуусдаг. Журам ёсоор нэр дэвшигчдийн нэрийг зарладаггүй, 50 жил нууцалдаг ч зарим тохиолдолд нэр дэвшигчдийг санал болгосон байгууллагууд өөрсдөө мэдээллийг задлах нь элбэг.
Шагнал гардуулах ёслол Альфред Нобелийн таалал төгссөн өдөр буюу 10 дугаар сарын 10-ны өдөр Стокгольм болон Осло хотод болдог.
Энх тайвны шагналыг Осло хотноо Норвегийн Нобелийн хорооны тэргүүн Норвегийн хааныг байлцуулан гардуулдаг. 1990 оноос эхлэн ёслолын ажиллагаа Норвегийн нийслэлийн захиргааны танхимд болдог болсны дээр ёслолын ажиллагааны үеэр шагналтан үг хрэлдэг юм. Үлдсэн шагналуудыг Шведийн хаан Стокгольм хотноо гардуулдаг. Хэрэв шагналтан нэр нь зарлагдснаас хойш шагналаа авч чадаагүй бол мөнгөн шагнал сангийн мэдэлд үлддэг байна.

Нобелийн шагналын тухай тоо, баримт
Өнөөгийн байдлаар Нобелийн шагналын жагсаалтанд 876 шагналтан, 22 байгууллага байдаг. Шагнал хүртсэн хүмүүсийн дунд 44 эмэгтэй, шагналтнуудын дундаж нас 59.
Өнөөг хүртэл хамгийн залуу Нобелийн шагналтанд тооцогдож байгаа хүн нь Английн физикч Лоуренс Брэгг. Тэрбээр 1915 онд 25 настайдаа “Рентген цацрагийн тусламжтайгаар талстуудыг судлах үйлсэд оруулсан гавьяа”-ыхаа төлөө Нобелийн шагнал хүртэж байжээ. Харин хамгийн ахмад Нобелийн шагналтан бол 2007 онд энэхүү эрхэм шагналыг хүртсэн 90 настай Леон Гурвиц юм.
Нобелийн шагналыг хэдэнтээ хүртсэн эрдэмтэд
Нобелийн шагналыг хоёронтоо хүртэж байсан хүмүүс ч бий.
Олон улсын улаан загалмайн нийгэмлэг 1917, 1944, 1963 онуудад Энх тайвны шагнал хүртэж байсан бол НҮБ-ын Дүрвэгсдийн асуудлыг хариуцсан дээд комиссарын газар 1954, 1981 онуудад Энх тайвны шагнал хүртэж байжээ.
Нобелийн шагналтнууд дунд гэр бүлийн 4 хос байдаг. Мария болон Пьер Кюри (1903, физик), Ирэн Жолио-Кюри болон Фредерик Жолио (1935, хими), Герти, Карл Кори хоёр (1947, физиолог, анагаах ухаан ), Гуннар Мюрдаль (1974, эдийн засаг) болон Альва Мюрдаль (1982, Энх тайвны шагналт) гэсэн гэр бүлийн хосууд Нобелийн шагналын эзэд болжээ.
Нэхэн шагнагдсан алдартнууд
Нобелийн шагналыг нэхэн олгосон тохиолдол бий. 1931 онд Шведийн яруу найрагч Эрик Карлфельдт утга зохиолын шагналтнаар нэхэн шагнагдаж байжээ.
Харин 1961 онд Энх тайвны шагналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга агсан Даг Хаммаршельдэд нэхэн олгожээ. Тэрбээр шагнал гардуулахаас сарын өмнө буюу 1961 оны есдүгээр сард онгоцны ослоор амиа алдсан байв. 1974 онд Нобелийн сан нэхэн олгохыг хориглосон юм.
Шагналаас татгалзсан тохиолдлууд
Зарим шагналтнууд Нобелийн шагналаас татгалзаж байлаа. Тэдний дунд Германы эрдэмтэд болох Рихард Кун (1938, хими), Адольф Бутенандт болон Герхард Домагк (1939, хими, физиолог, анагаах ухаан ) нар байжээ.
Нацистын Германд Нобелийн шагнал авахыг хориглосон тул тэд ийнхүү шагналаас татгалзахаас аргагүй болсон гэдэг. Тэд гурвуулаа Дэлхийн хоёрдугаар дайны дараа диплом, медалиа гардан аввчээ. 1958 онд төр захиргааны дарамтын улмаас Борис Пастернак шагналаас татгалзаж байв. ЗХУ-д хилийн чанадад хэвлэгдсэн түүний “Доктор Живаго” романыг үзэл суртлын хувьд хортой гэж үзэж байв. Харин түүнд олгосон диплом, медалийг 1989 онд Стокгольм хотноо хүүд нь гардуулж байв.
Францын философич Жан Поль Сартр ч мөн шагналаас татгалзаж байв. Тэрбээр Нобелийн хороонд явуулсан албан захидалдаа хувийн шалтгаантай гэж тайлбарласан байжээ.
Вьетнамын улс төрийн зүтгэлтэн Ле Дык Тхо Нобелийн энх тайвны шагналаас татгалзаж байлаа. Тэрбээр 1973 онд Генри Киссинжерийн хамт Вьетнамд энх тайвныг сэргээх хэлэлцээр байгуулсныхаа төлөө энэ шагналын эзэн болсон ч улс оронд нь цэргийн үйл ажиллагаа үргэлжилсээр байсны улмаас энэ шагналаас татгалзжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!