Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ахмадууд тэтгэврээ картаар авч болно

Ж.Отгон
2014 оны 10 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

Тэтгэвэр авагч өндөр настнууд сар бүр банкинд ирэлгүйгээр тэтгэврээ картын дансанд шилжүүлэх, хүссэн үедээ картаараа бэлэн мөнгө авах, төлбөр тооцоо хийх боломжтой болсон. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргалаас тодрууллаа. 

-Тэтгэвэр авагч өндөр настнуудад зориулсан карт гаргасан гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу нийгмийн хамгааллын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх буюу нийгмийн даатгалын үйлчилгээнд санхүүгийн шинэ үйлчилгээ, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Ко-брэнд карт гаргасан.

Төрийн болон Хаан банк, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран Нийгмийн даатгалын үйлчилгээний уг картыг гаргасан нь олон талын ач холбогдолтой байх болно гэж тооцоолж байгаа. 

-Яагаад заавал эдгээр банкуудыг сонгосон юм бэ?

-Нийгмийн даатгалын харилцаанд оролцож байгаа талууд болох ажил олгогч, даатгуулагч, тэтгэвэр, тэтгэмж авагч иргэдэд зориулсан Ко-брэнд картыг Хаан болон Төрийн банктай хамтран гаргаж байгаагийн  учир нь нийт тэтгэвэр авагчийн 80-90 хувь нь эдгээр банкнаас тэтгэвэр, тэтгэмжээ авдаг учир сонгосон. Түүнээс санаандгүй байдлаар сонгосон зүйл биш.

Нийгмийн даатгалын харилцаанд оролцож байгаа талууд болох ажил олгогч, даатгуулагч, тэтгэвэр, тэтгэмж авагч иргэдэд зориулсан Ко-брэнд картыг Хаан болон Төрийн банктай хамтран гаргаж байгаагийн  учир нь нийт тэтгэвэр авагчийн 80-90 хувь нь эдгээр банкнаас тэтгэвэр, тэтгэмжээ авдаг

-Ко-брэнд картыг үйлчилгээнд нэвтруулсэн нь ямар ач холбогдолтой гэж үзэж байгаа вэ?

-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг өндөр настнуудад зориулсан уг карт нь банкны шимтгэл хураамжийн хөнгөлөлттэй нөхцөлийг харилцагчид санал болгож байгаа. Түүнчлэн харилцагчийн картын дансны үлдэгдэлд сар бүр хүү бодож олгохоороо давуу талтай. 

Түүнчлэн тус картаар дуртай газраасаа үйлчлүүлэх боломжтой болж байгаа. Тухайлбал, Монгол орон даяар байршсан Төрийн банкны 531 салбар нэгж, 200 гаруй бэлэн мөнгөний АТМ машин, 1500 гаруй картаар үйлчлэгч байгууллага болон бусад бүх банкны цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой. Мөн “Монос”-ын эмийн сангуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг олгож байгаа гэх мэт олон давуу талууд бий. 

-Уг картыг авахыг хүссэн иргэд л захиалах уу. Эсвэл бүх тэтгэвэр авагчдад нэгдсэн журмаар тараах уу?

-Ко-брэнд карт нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг өндөр настнуудад зориулсан л болохоос тухайн банкны олон төрлийн картуудын нэг юм. Тиймээс банкууд энэхүү үйлчилгээг тэтгэвэр авагчдад санал болгоно. Харин тухайн тэтгэвэр авагч хүссэн тохиолдолд л картаа захиалж, авах боломжтой.

Зураг