Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ном, багш хоёр ус агаар мэт дутагдахад...

"Үндэсний ТОЙМ" сэтгүүл
2014 оны 9 сарын 30
"Үндэстний ТОЙМ" сэтгүүл
Зураг зураг

Ус агаар бол амьдралын үндэс. Гэвч үнэгүй олдох эдгээр хүчин зүйлийг үнэлж үзээгүйнхээ уршигийг бид амссаар удаж байна.

Дүн өвлийн өглөө алхам газар харагдахгүй битүү утаат гудмаар уруудан ажил руугаа алхахдаа бид агаар хичнээн чухал тухай эрхгүй эргэцүүлэхэд хүрдэг.

Амьдралд хамгаас хэрэгтэй зүйлээ зөв зүйтэй үнэлдэггүйн харгай хөл ороосон харгуйгаар бид алхаж явна. 

Амьдралд хамгаас хэрэгтэй нь агаар, уснаас цааш юу билээ? Агаар уснаас цааш агаар ус мэт чухал нэгэн зүйл буй нь “Боловсрол”. Гэхдээ энд улаан, цэнхэр өнгөтэй, улсын соёмботой хавтасыг хэрхэн залуу иргэний гар дээр тавих олон талт үйл явцыг хэлсэнгүй.

Өнгө төрх нь өдрөөр биш цагаар хувьсаж өнөөх цагийн иргэнд хэрэгтэй тэр ухаан, чадварын тухай өгүүлэхийг хүслээ. Хүн төрөлхтөн ухаан чадвараа юунд хадгалж, юугаар түгээж ирэв. Энэ бол ном, багш хоёрын тухай яриа юм.

Сайн ном байгаа бол, түүнийг түгээх сайн багш байгаа л бол боловсролын салбарын тэн хагас нь бүтэх нь тэр. Энэ хоёр хүчин зүйл нь төгөлдөр байх аваас монгол хүүхдүүд ширээн дээрээ дөрвөлөөд хичээллэвч цагийн жамаас хоцрохгүй. Хоцроо ч үгүй гэдгийг үйлдвэржилтийн хориод онд үнсэн самбар дээр үсэг бичиг үсэг сурсан алтан үеийн мэргэчүүлийн түүх бэлээхнээ гэрчилнэ.

ЭРЭЭН ЦААС БҮХЭНД ЭРДМИЙН МӨР ҮГҮЙ

Намрын эхэн сард Өвөрмонголын яруу найрагч Т.Энххад Улаанбаатарыг зорин ирж номоо хэвлүүлээд, нээлт хийхдээ “Ном дотор зам бий” хэмээв. Миний ном хилийн цаана суугаа хоёр монголын ах дүүсийг холбох зам болог хэмээн ерөөв. Тийм ээ. Ном дотор зам бий. Аристотелоос Гегель хүртэл, Арихмедээс Эйнштэйн хүртэлх зам, Ром, Парис, Пушкины хөшөөг зорьж, баларч, сэргэсэн олон замаас бат тодоор дурайж бий. Хэн тэндээс ямар шанагаар хэрхэн утгахаас бүх зүйл хамаарна. 

Харамсалтай нь монголд жинхэнэ номыг жинхэнэ утгаар нь үнэлэхээ байжээ. Үнэлхээ байсан ч гэж дээ. Үнэлж байсан түүх ч ховорхон билээ. “Сударын үгс сул асгарсан сувд мэт монголын тал нутаг руу үерлэж байлаа...” гэж манай буддист сүсэгтэй сэхээтнүүд одоо шогширцгоодог. Чин үнэндээ бага хаадын үеэс Төвдийн өндөрлөгөөс нааш хүчтэй дэлгэрсэн ном, судрын утга учирыг гүймэгч боловч ойлгосон нь монголчуудаас хэд нь билээ.

Буддын үзэл, хоосон чанарын номлолд цагааширч, Төвдийн мэргэдийг гартуулсан бандида нар минь хөх тэнгэрийн доорх тал нутагтаа бол амьд бурхан шиг тахигдаж байснаас жирийн гүдэс ардад хорвоогийн явдалыг тониулсан нь үгүй. Тиймдээ ч эрдэм мэдлэг гээчийг шашны номлолд байна хэмээн итгэсэн идэр эрс хийж бүтээх, тэмцэх идэр насаа хийдийн горломд өнгөрөөж байсан нь ч үнэн билээ.

Улаан хувьсгал ялаад бид цэвэр мэдлэгийг түгээсэн номтой ямх ямхаар ч болов ойртсон ч өрнө зүгийн шинжлэх ухаангүйгээр өөрсдөө хадгалаад л ирсэн сэтгэлийн боловсролоо дэнчинд нь хийсгэж орхив.

Ямар ч хүн уран зохиолоор дамжиж номд дурладаг.

Монголын бичиг соёлын тэргүүлэгчдийг хэдэн арван жилээр шоронд хорьж, улсын наадмаар толгойг нь тасдаж, улаан хувьсгалын магтууг ар өвөргүй урсгасан бялдуучид хүнд сурталын шатаар дэвхцэж байсан түүх саяхных.

Гэхдээ энэ цагт биеэ хатамжилж, номтой нөхөрлөж чадсан үндэсний сэхээтнүүд салбар бүрт төрөн гарсан нь үнэн юм. Салбар салбарынхаа номыг үзэл суртлын савраас аль чадахаараа хаацайлан бичиж үлдээсэн нь ч үнэн юм. 

Ардчилсан хувьсгал гарснаар монголд хэвлэлийн дэлбэрэлт болсон. Гэхдээ хэвлэсэн бүхэн ном биш. Хэрэгтэйгээсээ хэрэггүйг нь барласан нь хэтэрхий их. Ямар сайндаа л манай урдаа барьж асан орчуулагчдын нэг П.Чойжил гуай Жеймс Хэйдли Чейзийн адал явдалт роман орчуулж амиа зогоохов. Нийгмийн амьдрал, өнгө төрх эрс сайжирсан эдүгээ цагт ч байдал дээрдсэнгүй.

Хүний нийгмийн сэтгэлгээ, сэтгэхүйн нууцыг өөртөө тээж явах ёстой уран зохиолын суурь боловсролыг бусад хичээлийн агуулгад дүйцүүлэн шингээх бодлогын тухай бодлого боловсруулагчид ярьсаар лавтай дөрвөн оныг үдэв. Үндэсний уран зохиолын өв гэдэг эвтэйхэн бичиж, найруулах, урнаар илтгэх дасгал төдийхөн биш.

Гэтэл энэ хичээл хавсарга шинжтэй явсаар одоо бүр өдөр унасан мах болох төлөвтэй. Эх хэл, уран зохиолын сурах бичиг дэх аргазүйн хомсдол ч үүнд буруутай. Уран зохиолын онол түүхийн хувьд хоцрогдсон эрдэмтэдийн баг танилын халуун хүрээ, сураг төдийхнөөр сурах бичиг, хөтөлбөр боловсруулдгаас уран зохиолд хар багаасаа шунан дурлах ёстой балчир оюун ухаанд уйтгарын 45 минут болж хувирчихаад байгаа нь нууц биш. Ямар ч хүн уран зохиолоор дамжиж номд дурладаг.

Тэгж байж бусад шинжлэх ухааны суурь онолын зузаан ботиудын ард гарах бэлтгэлтэй болдог. Амьдралаас тасархай мэдлэгийн тогтолцоог ямар ч хялбарчлалгүй тайлбарласан эх хэлний сурахаас байгалийн ухааны сурах хүртэл жил бүр үйлдвэрлэгдэн тарж байна. Араас нь зүсэн зүйлийн төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлсэн бараг л сексийн байрлал тайлбарлахаа алдсан сурах бичгүүд, элдэв сайхан нэртэй шинэ хичээл хөтөлбөрүүдийн хамт орон даяар тарна.

Энэ бол ном биш, анхан шатны боловсрол бол бүр биш. Энэ номуудаар зайгүй нүдүүлсний харгайгаар үр хүүхдүүд минь номноос жийрхдэг хүмүүс болон өсөж буй юм. 

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХҮН ӨРӨӨЛД МЭДЛЭГ ТҮГЭЭДЭГ

Хуучин нийгмийн үед багш шиг өндөр үнэлэмжтэй мэргэжил байсангүй. Багш хүнд хаана ч очсон нэр төртэйгээр амьдрах санхүүгийн, сэтгэлзүйн боломж байсан. Харин өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ эргэжээ. Төгсөх ангийн хүүхдээсээ нунж дорой хувцастай багшийн асуудал ч өнгөрч.

Харин тэднээсээ дор мэдлэгтэй багш нар хэтэрхий олон болжээ. Энэ бол багшийн мэргэжилийн үнэлэмжтэй холбоотой асуудал. Мэргэжлийн үнэлэмж унах ганцхан шалтгаан байгаа.

Мөнгө. Хамгийн чухал зүйлдээ хайхрамжгүй ханддаг гүндүүгүй монгол зангаараа зарим чухал мэргэжилд өнөө маргаашаа аргацаах байдалтай хандаж ирсний нэг нь багш. Ялангуяа дунд сургуулийн багш. Дээд мэргэжил эзэмшээд ажлын талбарт гарахад амьдралын наад захын хэрэгцээ хангахгүй цалин авах бол хэн л хүний нялх үрсийн өмнө гүрээний судсаа гүрэлзүүлж зогсох мэргэжил сонгох билээ. 

Өдгөө багш нар ТҮ-4 зэрэглэлээр цалинжиж байна. Залуу багш нар 560 мянга орчим төгрөгийн цалин тогтоолгодгоос, гар дээрээ 500 хүрэхгүй мянган төгрөг авч байгаа.

Салбартаа 20-иос дээш жил ажиллаж байж энэ тоонд чанарын бага зэрэг өөрчлөлт гарна. Тэр нь хэтрээд 700 мянган төгрөг. Дунд сургуулийн багшийн хувьд арга зүйч, тэргүүлэх, зөвлөх гэсэн гурван зэрэглэл бий. Зөвлөх багш цалингийн 20 хувийн нэмэгдэл тооцуулдаг байна.

Гэхдээ энэ зэргийг авах гэж авснаасаа их эсээ үхүүлж, шалгуур давах хэрэгтэй болно. Ийн насаараа ажилласан багш нарын тун цөөхөн хувьд нь гавьяатын тэмдэг зүүж өгнө.

Гэхдээ ихэвчлэн ахиад хөдөлмөр эрхлэх нөөц, чадваргүй болж тэтгэвэрт суухын аман дээр гэж байгаа. Нэрийг нь энд дурдахыг хэрхэвч үл хүсэх нэгэн хүндэт багш минь Монгол Улсын гавьяат багш болсон.

Өөртөө итгэсэн хүн л сая өөрөөсөө давж гарч, сайнаар ч бай, муугаар ч бай өрөөлд нөлөөлж чаддаг. 

Хамт олныхоо нүүрэнд гэж санаа зовсон буурал багш байраа барьцаалан эр зээл тавьж байж гавьяатын найраа хийв. Хэзээ ч төлж дуусах өр юм. Хэнд ч хэрэгтэй гавьяат юм. Хэлэхэд хатуухан ч бодоход үнэн энэ л эргүүлгэнд эгэл жирийн дунд сургуулийн багш нар амьдарч байна. 

Өнгөрөгч хаврын элсэлтийн шалгалтанд хүүхдүүд суурь хичээл дээр ташраараа унасан талаар дээр дооргүй шуугив. Дүнгийн хүснэгтийг энд тэндгүй нийтлэн чичилж, бидний үед арай ч ийм байгаагүй хэмээн шогширгоосон. Бидний үед ийм байгаагүй ээ. Бидний үед сайн багш нь өнөөдрөөс арай л олон байсан юм.

Бас л нэрийг нь энд хэрхэвч дурдамгүй санагдах нэгэн хүндэт багш маань нэгэнтээ, дунд сургуулиа дундаас доогуурхан дүнтэй төгссөн шавь нар минь багш болж ирэх боллоо гэж харуусан толгойгоо сэгсэрсэн юм. Цалингаа дагаад үнэлэмж нь унасан багшийн мэргэжлийг чухам эрдэм дэлгэрүүлэх ёстой гавал толгойнууд биш, аль ч үед стандартаа дөнгөн данган хангаад явдаг нөхөд энэ мэргэжлийг эзэмших болсон нь бидний хүүхдийн сурлагын чанар уруудсаны гол шалтгаан.

Басхүү шохой, самбар хоёроос зугатаж үнэлэмж өндөртэй мэргэжил сонгосон атлаа бүхэл бүтэн салбарын ажил үйлсийг хүүхдийнхээ муу дүнтэй дэвтэр бариад чичилж суух эрх ч бидэнд үгүй юм.

Банкны теллерээс ч бага цалинтай багш таны хүүхдийн өмнө зогсож байна. Тэр хүн давхар ажлын тухай бодно уу гэхээс, мэргэжил ур чадвараа дээшлүүлэх талаар мэрийх нь юу бол. Мэрийвч мэдлэг чадвар гэдэг орчин цагт хичнээн үнэтэй билээ?

Гадаад үнэлэмж нь өндөр бол хүн өөртэй итгэлтэй болдог. Өөртөө итгэсэн хүн л сая өөрөөсөө давж гарч, сайнаар ч бай, муугаар ч бай өрөөлд нөлөөлж чаддаг. 

Гэхдээ л монголчууд хүн төрөлхтний түмэн жилийн эрдэмийн шалгуурт дүйцсэн ном цөөхөн ч гэсэн бичиж байгаа, номын утга, амьдралын үнэнийг нүдний өмнө нээх мэргэн багш нар ажлаа хийсээр байгаа. Ингэж итгэхийг хүснэ. Ийм итгэлийг би номоос, номоос мэргэн багш нараасаа өвлөж авсан юм.

Я.Баяр

Зураг