Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг 2007 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн 70 гаруй орны нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус 11 байгууллага дээрх үйл ажиллагаанд нэгдэн ороод байгаа ажээ.
Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг хэрэглээгүйгээс гарах сөрөг үр дагаварууд нь хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдварт өртөх явдал юм.
ЭМЯ-ны мэргэжилтэн М.Хишгээ “Энэ жилийн Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдрийг “Хүүхэд бүр хүссэн байх ёстой” гэсэн уриан дор зохион байгуулж байна.
Манай улсад үр хөндөлтийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр байгаа бөгөөд эдгээр тохиолдлын 70 орчим хувь нь давтан үр хөндүүлэлт байгаа юм.
Манай улсад зөвшөөрөлгүй үр хөндөх болон хууль бус зулбуулах эмийн худалдаа байсаар байгаа.
Гэхдээ энэ зөвхөн үр хөндөх тусгай зөвшөөрөлтэй эмнэлгүүдээс авсан тоо. Манай улсад зөвшөөрөлгүй үр хөндөх болон хууль бус зулбуулах эмийн худалдаа байсаар байгаа” хэмээн ярилаа.
Дэлхий дээр жил бүр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 41% буюу 85.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байна.
Мөн жилд 15-19 насны охидын 16 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаа бөгөөд энэ насны бүлэг дэх нас баралтын зонхилох хувийг жирэмслэлттэй холбоотой шалтгаан эзэлдэг ажээ.
Манай улсад 1000 эмэгтэй тутмын 552 буюу 55,2 хувь нь жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслээс сонгон хэрэглэдэг ба энэ хэрэглээ бага байгаа нь хүсээгүй жирэмслэлт, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдварт өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
2014 онд энэ өдрийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Мари Стопс Олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна.
Энэ өдрийг угтан оюутан залуучуудын дунд жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн талаарх мэдээлэл сургалт, сурталчилгааг энэ сарын 10-22-ны хооронд 1000 оюутны байр I, II, Батлан хамгаалахын их сургууль, ШУТИС, МУБИС-ын дотуур байр болон хичээлийн байранд зохион байгуулжээ.
Цаашид зохион байгуулах ажлууд:
26-ны өдөр
Мари Стопсын эмнэлэгт 9:30-17:30, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 8:00-17:00 "Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгсэл"-ийн "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгуулагдаж, иргэдэд зөвлөгөө өгч, ЖХЭХ үнэ төлбөргүй тараана.
"Хүслээр ирсэн бэлэг" уулзалт, ярилцлагыг "Aroma Cafe"-д зохион байгуулна.
27-ны өдөр
10:00-13.00 цаг "Гэр бүл төлөвлөлтийн өртөө"- зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагаа Чингисийн талбайд зохион байгуулагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|