Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баярмаа: Бүжиг бүсгүй хүний нууцлаг гоо сайхныг илэрхийлдэг

Ч.Гантулга
2014 оны 9 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

Саяхан дэлхийн мисст оролцох эрхийн төлөө 10 бүсгүй өрсөлдөж, Азийн топ модель Т.Батцэцэг энэ эрхэм үүргийн эзэн болсон тухай бид мэдээлж байсан.

Тэрээр тэмцээний тайзан дээр уян налархай биеэ гайхуулж, бэлхүүсний бүжиг бүжиглэсэн нь ирсэн зочдын нүдийг баясгаж, сэтгэлийг хөөргөсөн юм. Харин монголчууд бид энэ бүжгийн тухай гурван жилийн өмнөөс мэддэг болсон.

Бэлхүүсний бүжиг бүсгүй хүнийг илүү дур булаам, үзэсгэлэнтэй, харагдуулахаас гадна эрүүл мэнд, гоо сайханд тустай учир Монголын нэр бүхий урлагийн одод "Bellу dance” сурахаар хошуураад байгаа.

Харин энэ бүжгийг Монголд оруулж ирж, хөгжүүлж буй хүн нь “Бэлхүүсний бүжгийн хатан хаан” Н.Баярмаа хэмээх бүсгүй. Түүнтэй уулзахаар клубийг нь зорилоо. Тэрээр их дэлгүүрийн урд байрлах байрандаа хичээлтэй байв. Хаалгаар нь ороход цоглог хөгжмийн аялгуу эгшиглэж, Н.Баярмаа багш сурагчиддаа бүжгийн үндсэн хөдөлгөөнийг зааж байлаа.

Танхимд 20 гаруй хүн байсан нь насны хувьд харилцан адилгүй. Бүр зургаан настай жаахан охин эгч нарыгаа дууриаж, эвлэгхэн бүжиглэх нь эгдүүтэй харагдаж байв. Ихэвчлэн залуу охид болон махлаг бүсгүйчүүд энэ бүжгээр хичээллэх нь элбэг бололтой.

ШАВЬТАЙГАА ДЭЛХИЙН МИССИЙН ТЭМЦЭЭНД БЭЛДЭЭД ЭХЭЛЧИХСЭН

“Монголын мисс” тэмцээний оролцогчид Н.Баярмаа багшаар хичээл заалгаж, бүжиг сурахаар клубт нь хичээллэж байгаа тухай тэрээр сонирхууллаа. Харин мисс Т.Батцэцэгийн хувьд жилийн өмнө багштайгаа танилцаж, “Bally dance’’-ээр хичээллэж эхэлжээ. Бүжгийн багш нь шавийгаа “Дайчин, хөдөлмөрч бүсгүй” гэж магтаад авна лээ. Тэд хэзээний дэлхийн мисст оролцох бүжгийнхээ бэлтгэлд орчихсон гэнэ.

Т.Батцэцэгээс гадна түүнд олон мисс шавь бий. Тэдний нэг нь загвар өмсөгч Ө.Буянхишиг гэв. “Bally dance” нь Арабаас үүсэлтэй бүжиг юм байна. Гэхдээ Египэд төрөл нь дэлхийд алдаршсан тухай бэлхүүсний бүжгийн хатан хаан ярьсан. Мөн Турк маягаар бүжиглэх нь бий гэнэ. Бүжгийн сургуулилтыг харахад эмэгтэйчүүдээс таазны хөдөлгөөн, биеийн уян хатан байдлыг шаарддаг юм байна.

Биеэ халаахын тулд бүсгүйчүүд булчингийн болон сунгалтын дасгал хийж байлаа. Үргэлж шогшоо хөдөлгөөнтэй байдаг учир хэдэн минутын дасгал хийхэд хөлс нь гарч байх нь ажиглагдсан. Амархан хөлөргөж, хөдөлгөөнтэй байлгадаг учир энэ бүжгээр хичээллэсэн бүсгүйчүүд богино хугацаанд илүүдэл жингээ хаях боломжтой гэж Н.Баярмаа багш хэлсэн юм.

МОНГОЛ “BALLY DANCE’’-УРСГАЛЫГ БИЙ БОЛГОЛОО

Н.Баярмаа багш өнгөрсөн зургадугаар сард дэлхийн “Bally dance’’-ийн тэмцээнээс тэргүүн байр шагнал авсан. Энэ тэмцээнд 160 гаруй орны 200-гаад бүжигчин оролцсон юм. Харин түүний хувьд монгол хатны тухай шинэ бүжиг дэглэж тавьсан нь шүүгчдийн болон оролцогчдыг алмайруулсан тухай цахим хуудсаар мэдээлж байв.

Тэмцээнийх нь тухай түүнээс асуухад “Би жүжигчин мэргэжилтэй. Тайзан дээр бүжиглэхдээ дүрээ илүү мэдэрч, дүрдээ үүсч чадаж байна гэж шүүгч нар магтсан. Энэ нь миний мэргэжлийн буян. Би бүжгээ дэглэхийн тулд Монголын түүхийг судалсан.

Хатдын өмсч байсан хувцас, загвар, өнгийг нь хүртэл ажигласан. Тэгээд улаан даашинз хийлгэж өмссөн юм. Улаан өнгө бол дайчин өнгө. Монголчууд аян дайнд явахдаа улаан хувцас өмсдөг байсан тухай баримтууд байдаг юм” гэв. Мон Бөртэ чоно, Гоо маралыг бэлгэдэж, эвэр хэлбэртэй малгайгаар гоёжээ.

Тэрээр анх Азийн наадмаас шагнал хүртсэнийхээ маргаашаас дэлхийн наадамд түрүүлнэ гэсэн зорилтыг өөртөө тавьжээ. Тухайн үед тэмцээнд оролцсон бүжигчид үндэсний дэглэлттэй бүжиг бүжиглэхийг нь харсан учир дараагийн удаа үндэсний бүжгээрээ өрсөлдье гэсэн бодол тээсээр санасандаа хүрсэн нь энэ ажээ.

Шүүгчид түүний бүжиглэхийг хараад “Монгол Bally dance” урсгалыг бий болголоо гэж үзээд шууд тэргүүн байрт шагналыг гардуулсан байна. Бүсгүй хүнд дотоод гоо сайхан гэж байдаг. “Bally dance” тэр гоо сайхныг нь илэрхийлдгээрээ онцлогтой юм байна. Бүсгүйчүүдийн жинхэнэ эмэгтэйлэг чанарыг илэрхийлж, дур булаам, сайхан байх ёстойг зааж өгдөг гэв.

БИ БҮЖИГЛЭХЭЭРЭЭ ЗҮГЭЭР Л НИСДЭГ

Бүжигчин Н.Баярмаа оюутан байхдаа амьд хөгжмийн хамтлагт дуулдаг байжээ. Тухайн үед Шакира энэ бүжгийн төрлөөр дэлхийн хүн төрөлхтнийг байлдан дагуулж байсан үе гэнэ. Тиймээс дотны хүмүүс нь түүнийг бүжиглээд, дуул гэж зөвлөжээ.

Мөн “Өнгөт инээд” хамтлагт байхдaa 6үжиглээд дуулсан нь олон хүнээс талархлын үг сонссон учраас “Bally dance’’-ийг мэргэжлийн төвшинд суралцахаар шийдсэн гэв.

Харин тэрээр бүжиглэхээрээ нисэх мэт мэдрэмжийг авдаг гэсэн. Мөрөөдөлдөө хүрэх зорилготой байхад амжилт тийм ч хол байдаггүйг бүжигчин бүсгүй зөвхөн бүжиглэх үедээ мэдэрдэг тухайгаа ярилаа. Н.Баярмаа жүжигчний мэргэжлээ бүжигчнээр сольсондоо хэзээ ч харамсч байгаагүй гэсэн.

Учир нь тэрээр бүжгэн дотроо амьдарч, жүжиглэдэг учраас мэргэжлээрээ ажиллаж байна гэж боддогоо нуугаагүй юм. Энэ бүжиг түүний амьдралынх нь нэг хэсэг болжээ. Тэрээр “Бүжиггүйгээр амьдралаа төсөөлнө гэхэд хэцүү" хэмээн ярьж байв.

Зураг