Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Барилга дээр гарч байгаа ослын 43% нь техникийн бүрэн бус байдлаас үүдэлтэй

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

МХЕГ-аас сүүлийн үед барилгын осол гэмтлүүд дараалан гарах болсонтой холбогдуулан осол, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, кран, дүүжин кран зэргийн талаар мэдээлэл хийлээ.

Барилга хот байгуулалтын яамнаас 2010 онд барилга дээр ашиглах дүүжин өргүүр, краны үйл ажиллагаатай холбоотой журмыг баталжээ.

Уг журмын хүрээнд МХЕГ улсын хэмжээнд 1000 гаруй өргүүр, кранд хяналт шалгалт хийж, ашиглах зөвшөөрөл олгосон бөгөөд одоогоор 200 орчим үйл ажиллагаа явуулах эрхгүй өргүүр ажиллаж байгаа юм байна.

Өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч Н.Буйдан “БЗД 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Илсон Деволопмент" компанийн захиалгаар баригдаж байгаа "True L" орон сууцны хотхоны  103 дугаар барилга дээр гарсан ослын хувьд мөн өргүүртэй холбоотой.

Гүйцэтгэгч “Зуншин” компаний ашиглаж байсан тус өргүүр 2012 онд ашиглалтын зөвшөөрлөө авсан байсан. Харин энэ барилга дээр угсарч ажиллуулахдаа мэргэжлийн хүнээр угсруулж, баталгаажуулсан баримт байхгүй байгаа” гэлээ.

Өргүүрийг ажиллуулж байсан ажилтнууд мэргэжлийн бус хүмүүс байсан аж.

Барилга дээр гарч байгаа ослын шалтгаан

  • 43 хувь нь техникийн бүрэн бус байдал
     
  • 28 хувь нь мэргэжлийн бус хүн ажиллаж байсан
     
  • 29 хувь нь  хөндлөнгийн хяналт, стандарт шаардлагуудыг хангаж ажиллаагүйгээс үүдэн гарсан байна.

Мөн өчигдөр “Макс-Өргөө” компанийн захиалгаар “Зуншин” компани гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа “Болор мэлмий” орон сууц эмнэлгийн зориулалттай барилгын гурван давхар буюу 6-7 метрийн өндрөөс 30 настай эрэгтэй ажилтан унаж бэртсэн хэрэг гарчээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Б.Буяннэмэх "Манайхаас барилгын салбарт тогтмол шалгалт хийж, компаниудад шаардлага тавьж үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргадаг ч хууль бусаар барилгын ажлаа үргэлжлүүлсээр байдаг. Улсын байцаагчийн шийдвэрээр  барилгын үйл ажлыг албадан зогсоох эрх зүйн зохицуулалт байхгүй.

Тиймээс хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, албадан зогсоох хуулийн зохицуулалттай болох талаар барилга хот байгуулалтын яаманд саналаа хүргэж байгаа" гэлээ.