Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шотланд тусгаарлавал Union Jack ямар болох бол?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс задрах эсэхийг ирэх Пүрэв гарагт шийдэх гэж байна.

Есдүгээр сарын 18-нд болох нийтийн санал асуулгаар Шотландчууд тусгаар тогтнох эсэхээ шийдэх юм.

Сүүлийн мянга орчим жилийн туршид Британы арал дээр дөрвөн вант улс оршиж байсныг Англичууд нэгтгэн Нэгдсэн Вант Улс болсон юм.

Энэ хүчирхэг Вант улсын билэгдэл болсон туг далбааг Union Jack гэж нэрлэдэг.

Тэгвэл энэ далбааны бүтэц болон түүхээс өгүүлье.

 

Анхны Англичуудын далбаа цагаан дэвсгэр дээр Улаан хэрээс байсан байна. Үүнийг Гэгээн Жоржийн загалмай гэж нэрлэдэг. Англичууд XIII зуунд Уэльсийг өөртөө нэгтгэхэд уг далбаанд Уэльсийг бэлгэдсэн ямар нэг нэмэлт орсонгүй.

Гэгээн Жоржийн загалмай бүхий Английн далбаа

Харин 1606 онд Шотландыг нэгтгэсний дараа Шотландын далбааг өөртөө агуулах болжээ. Шотландын далбаа нь цайвар цэнхэр дэвсгэр дээр налсан цагаан хэрээс байсныг Гэгээн Эндрюсын загалмай гэдэг байв.

Гэгээн Эндрюсийн загалмай бүхий Шотландын далбаа

Энэ далбааг 1707 онд нэгдлийн гэрээгээр албан ёсны болгож улсаа Их Британи хэмээн нэрлэх болжээ. Ингэхдээ Шотландын цайвар цэнхэр өнгийг Английн тэнгисийн хүчний билэгдэл гүн хөх өнгөөр солисон байна.

Англи, Шотландын нэгдлийн далбаа

Дараа нь 1801 онд Ирландыг нэгтгэснээр Ирландуудын Гэгээн Патрикийн загалмайг нэмж оруулсан юм.

Гэгээн Патрикийн загалмай бүхий Ирландын далбаа

Ингэхдээ Ирландын хэрээс нь Шотландын цагаан хэрээсийг дарахаар байсан тул хэрээсийг таллаж оруулсан байна. Үүнд мөн эрэмбэ тогтоож цагийн зүүний дагуу харахад түрүүлж нэгдсэн Шотландын хэрээс үргэлж Ирландын хэрээсний урд байрлахаар шийджээ.

 

Мөн далбааны намирах чигийг ч гэсэн энэ эрэмбээр тогтоосон байна. Өөрөөр хэлбэл цагаан хэрээс улааны дээр байх талаар нь далбааг зүүж намируулахаар тогтжээ.

Далбааны намирах зөв чиг
Далбааны намирах зөв чиг

 

1921 онд Англи-Ирландын гэрээгээр Ирландын хэсэг тусгаар тогтносон ч Хойд Ирланд нь Нэгдсэн Вант улсад үлдсэн тул далбааг хэвээр үлдээжээ. Үүний дараа Шотландчууд үндсэн цайвар цэнхэр өнгөө сэргээх, Уэльсууд өөрийн элементээ оруулах оролдлогууд гарч байсан ч Union Jack бүх сорилтыг давж чадсан түүхтэй.

Харин энэ удаа Шотландын тусгаар тогтнолын давалгааг тэсч өнгөрөөх үү гэдгийг бид удахгүй харах болно.