Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан тарваган тахал өвчний байдал болон өвчилсөн хүүгийн биеийн байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.
Тарваганы давсаг залгисанаас болж залгиур хоолойн тарваган тахал өвчин туссан 15 настай С.Мягмарсүрэн хүүгийн биеийн байдал сайжирсан байна.
Хүүгийн аав, ээж мөн тус тарваганы хүн мах, цөсийг залгижээ. Тарваган тахал үүсгэгч бактери нь хүний биед долоо хоног амьдрах чадвартай бөгөөд хүүгийн аав ээжид өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Сант сумын засаг даргын захирамжаар 10-ны өдрөөс эхлэн хөл хорио тогтоож, нэгдүгээр хавьталд нийт 62 хүн байгааг тогтоож, иж бүрэн үзлэг шинжилгээнд хамруулсан ба тарваган тахал өвчний шинж тэмдэг илрээгүй байна.Тиймээс маргааш буюу 16-ны өдрөөс хөл хориог цуцлах ажээ.
Тарваган тахлаар өвчилсөн хүүгийн аав зах дээрээс тарвага худалдаж авсныг одоогоор тогтоогоод байна.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал М.Нямсүрэн “Өвөрхангай аймгийн Сант сум нь тарваган тахлын голомтгүй газар. Ер нь бол тарвагагүй газар гэсэн үг. Тарваган тахлаар өвчилсөн хүүгийн аав зах дээрээс тарвага худалдаж авсныг одоогоор тогтоогоод байна. Хууль хяналтын байгууллагууд хэн агнасан хаанаас ирснийг тодруулахаар ажиллаж байгаа” гэлээ.
Манай оронд 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байдаг ба энэ нь нийт газар нутгийн 28,3 хувийг эзэлдэг ажээ. Жил бүрийн зургаа, долоодугаар саруудад тус бүс нутгаар вакцинжуулалт хийгддэг юм байна.
Энэ жил тарваган тахлын дөрвөн тохиодол гарснаас Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан сүүлийн тохиолдлын явцад мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, эмнэлгийн ажилтнуудын нийт 111 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж аймгийн төсвөөс 51 сая, зоонозын өвчин судлалын төв 5,7 сая нийт 56,7 сая төгрөгийн зардал гарсан байна.
Түүнчлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд өдөрт дунджаар 10 орчим тарваганы боодог хураагдан ирсээр байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж хотын эргэн тойронд пост гарган ажиллаж байгаа ажээ.
Нэг хүний хариуцлагагүй хууль зөрчсөн үйлдлээс болж эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед 56,7 сая зардал гарч байна. Иймд иргэд минь эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөө санамжийг биелүүлж, аливаа эрсдлээс өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хөршүүд, хамт олноо сэргийлэн, хууль дүрмээ чанд сахиж байх үүрэгтэйг сануулахын сацуу тарвага агнахыг хуулиар хориглосон нөхцөлд хууль бусаар агнах, махыг нь зарж борлуулах, худалдаж авахгүй байхыг ЭМЯ-наас сэрэмжлүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!