Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд Киевийг дайлаар мордсон нь

Б.Барс
2014 оны 9 сарын 15
Зууны мэдээ

Украйнд болж буй иргэний дайнд москали буюу монголчуудын байгуулсан Москва төвтэй Оросыг эсэргүүцэх тухай уриа цахим хуудаснаа олон сонсогдох болжээ. Уг нь зүүн славуудын анхны цогцлоосон улс бол үнэхээр Киев төвтэй байж. Украйн гэдэг үнэндээ зах хязгаар гэсэн үг, слав хэлнээс орчуулбал.

Үүнийг үл өгүүлэн тэртээ 1240 оны есдүгээр сарын 5-нд эхэлсэн үйл явдлын тухай өгүүлье. Сүбэдэй жанжин болон Батын удирдсан Монголын цэргийн ангиуд чухам есдүгээр сарын 5-нд Киев хотын өмнө цугларчээ.

Энэ хотыг авах нь монголчуудын баруун зүгийн довтолгооны гол зорилтын нэг байсан гэдэг.

Уг нь 1239 оны намар хожим хаан болсон Мөнхийн удирдсан цэрэг Днепр мөрнийг гатлаад Киевт дөхөж очоод үг дуугүй бууж өгөх тухай бичиг бүхий элч нарыг илгээсэн ч киевийнхэн тэднийг хүйс тэмтэрчээ. Чухам тэр үед Киевийн Оросын хувь заяа шийдэгдсэн гэж хэлж болно.

Ердөө жилийн дараа, дээр хэлсэнчлэн 1240 оны есдүгээр сарын 5-нд Монголын цэрэг Киев төвтэй Оросын ванлигт довтлон Поросье хотын бэхлэлтийг хиар цохиод Киев хотыг бүсэлжээ.

Тэр үед Киевийн ванлигийн тэргүүн Галицкийн Даниил ван Унгарын IV Бела хаанд биеэрээ очин тусламж гуйсан ч дэмжлэг эс олсон юм. Түүний эзгүйд Киевийн хамгаалалтыг түмтийн дарга Владмир удирдан арван хоногийн турш монголчуудын довтолгоог тогтоосон тухай түүхийн эх сурвалж байдаг.

Олзлогдсон Дмитр Оросынх нь нутаг талхлагдахаас сэргийлэн монголчуудад Унгарт хялбар нэвтрэх аргыг зааж өгсөн гэдэг юм билээ. Киевийг авснаар монголчууд эзэнт гүрнээ өөрсдийн өвөг хүннү нарын замналаар Европын төв хүртэл тэлж чадсан түүхтэй.

Зураг