Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоожээ.
Тодруулбал, энэ сарын 3-нд 15 настай М нь тарваганы давсаг, аав нь тарваганы хүн махыг, ээж нь цөсийг нь түүхийгээр залгисан байна. Мөн махаар нь боодог хийж долоон хүн иджээ.
Ингээд маргааш нь М өндөр халуурч, есдүгээр сарын 5-нд сумын эмнэлэгт дуудлага өгчээ. Улмаар сумын эмч хүүд шаардлагатай эмчилгээ хийсэн ч халуун буугаагүй учраас өвчтөнг гэрт нь тусгаарлаж, аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч нарт мэдэгджээ. Харин эмч нар үзээд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж оношлосон байна.
Өвчтөнөөс зургаан төрлийн сорьц бүхий шинжилгээ авсан, одоогоор шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ажээ.
Ийнхүү өвчтэй тарвага агнах, тарваганы арьс өвчих, мах эвдэх үед арьс салтын бүрэн бүтэн байдал алдагдсан үед, бөөс, бүүргэнд хазуулах, тарваганы түүхий эд, хүн мах, элэг, цөс, давсаг зэргийг залгих, махыг түүхий, шүүрхий идэх тохиоллдолд, мөн тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс амьсгалын замаар тус тус тарваган тахлын халдвар дамждаг аж.
Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд БОНХ-ийн сайдын 2014 оны тушаалаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт тарваган агнахыг гурван жилээр хорьсон байна.
Иймд аль болох тарвага агнахгүй байх, жил бүр сэргийлэх дархлаажуултад хамрагдах нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!