Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номун-Эрдэнэ: Монголчууд бидэнд бүтээлч хамтын ажиллагаа чухал байна

С.Цээл
2014 оны 9 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг
Швед дэх Монголчуудын үндэсний холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ

Энэ сарын 18-нд Улаанбаатар хотноо “Бүтээлч хамтын ажиллагаа” нэгдсэн чуулган болох бөгөөд Хилийн чинад дахь монголчуудын холбоод, ТББ-ын чуулган, “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” аравдугаар чуулган гэсэн өргөн агуулгаар зохион байгуулагдах юм.

Чуулганыг Гадаад харилцааны яам, “Цахим өртөө холбоо” ТББ хамтран зохион байгуулж байна. Энэ талаар тодруулахаар Цахим өртөө холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дэд дарга, Европ-Монголын нийгэмлэг болон Швед дэх Монголчуудын үндэсний холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Тун удахгүй хилийн чинад дахь монголчууд, байгуулсан холбоодын төлөөлөл, эх орныхоо төлөө санаа зовниж явдаг хүн бүр чуулах нь. Энэ арга хэмжээний талаар олон нийтэд тодорхой ойлголт өгнө үү? 

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдын санаачилгаар хилийн чи­над дахь монгол­чуудын төрийн бус байгууллага, холбоодын чуулга уулзалт хийх санаачилга гараад, энэ чиглэлээр элчин сай­дын яамдаар дамжуулан ямар байдлаар хийвэл зохилтой талаар бай­гууллагуудаас саналыг нь авч эхэлсэн.

Тэр хүрээнд төрийн бус бай­гууллагууд маань яаж хийвэл үр дүнтэй болох тал дээр саналаа илэрхийлсэн. Британийн монголчуудын санаачилсан Монгол орны хөгжилд чуулга уулзалт 10 дахь жилдээ Монголдоо хий­хээр төлөвлөж байсныг хамтат­ган хийх саналыг Гадаад харил­цааны яам дэмжиж одоо энэ уулзалт маань "Бүтээлч хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.

Өмнө нь хилийн чина­дад байгаа иргэдийнхээ талаар уулзалт, үйл ажиллагааг зохион бай­гуулж байсан хэдий ч монголчуудын тө­рийн бус байгууллагуудын чуулга уулзалт болж бай­гаа­гүй, анхных гэдгээрээ онц­лог. ГХЯ ч тэр төрийн бус байгууллагууд ч тэр ихээхэн ач холбогдол өгч тал талаасаа идэвхтэй хамтран ажиллаж бай­на.

"Энэ удаагийн чуулга уулзалтад миний бие 16 улсад үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй бай­гуул­­­лагын санаа бодлыг тө­лөөлөн илэрхийлэх илт­гэгч болж байгаа​."

Энэ уулзалтыг зохион бай­гуулах ажлын хүрээнд бид Гадаад харилцааны яам­ны консулын газартай хамтарч хилийн чинадад үйл ажиллагаа явуулж бай­гаа монголчуудын т­ө­рийн бус бай­гууллагуудын мэдээл­лийн санг шинэчлэн нэгтгэж байна. Энэ нь цаашдаа хамт­ран ажиллахад илүү дөхөм болох нь ойлгомжтой.

-Арга хэмжээг Гадаад хэргийн яам болон Ца­хим өртөө холбоо ТББ хамтран зохион байгуулж байна. Хоёр том агуулгыг багтаа­сан үйл ажиллагаа болох нь. “Бүтээлч хамтын ажиллагаа” сэ­дэвт нэгдсэн чуулганы цар хүрээ, ач холбогдол, үр дүнг та хэрхэн харж байна?

-Монголчуудын холбоо­дууд санаач­лан улс орныхоо хөг­жил, сайн сайхны тө­лөө гэсэн зорил­готой, тө­рийн байгуул­лагын бо­лон сайн санаат иргэд, бай­гууллагын тодорхой дэмж­лэг орол­цоо­тойгоор сайн са­­наа­чилгуудыг өр­нүүлэн ажил­ладаг. Өнөө жил энэ чуулга уулзалтуудыг нэгтгэн явуулж байгаа төр төрийн бус байгууллага, иргэдийн бүтээлчээр хамтран ажил­­лах тэр механизмыг улам тодотгож, цааш үр дүнтэй хамтран ажиллах арга замаа илүү үр дүн­тэй болгох үндэс суурь болох учир­тай. Нэг юм уу хоёр өдөр уулзаж хуралдаад бүх асууд­лыг шийдэж чадахгүй нь ойлгомжтой. 

Гагцхүү үүний дараа л бид харилцан бие биенээ дэмжиж, сонсч, үр дүн гарахуйц санаа­чил­гуудыг хэрэгжүүлэх талын шийд­вэр гарахад бэлэн болоход л энэ чуулга уулзалтуудын ач холбогдол нь оршиж байна. Түүний нэг нь энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулж байгаа “Монгол орны хөгжилд” чуулга уулзалт юм.

Ямар ч байсан сүүлийн гурван удаагийн арга хэм­жээний үед Европын ор­нуудад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын хол­боодууд цуглаж ажил хэргийн уулзалт хийсэн юм. Энэ жишгээр аливаа уулзалтыг эрдэм мэдлэгээ ч хуваалцдаг, эв нэгдлээ ч бэхжүүлдэг уулзалтууд болоосой гэж хүсч байна. Ер нь аливаа уулзалт хур­лын ач холбогд­лыг гар­гахын тулд бид араас нь хийх ажлуудаа л алдалгүй зохион байгуулах учиртай. Энэ л бидний бүтээлч хам­тын ажиллагаа болж ач холбогдлоо өгнө.

-Чуулганд та гадаадад үйл ажил­лагаа явуулж буй ТББ-уудын нэгдсэн та­нил­­цуулга хийж, тэдэнд тулгарч буй асуудал бо­лон шийдэх арга замуудыг хэ­лэлцүүлэх юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Энэ удаагийн чуулга уулзалтад миний бие 16 улсад үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй бай­гуул­­­лагын санаа бодлыг тө­лөөлөн илэрхийлэх илт­гэгч болж байгаа. Энэ илт­­гэлийг бэлтгэхэд тө­рийн бус байгууллагууд маань хоёр сарын турш өдөр тутам онлайнаар бо­лон цахим шуудангаар са­нал бодлоо солилцон ажил­лаж байна.

Хилийн чинад дахь монголчуудын байгууллагууд үйл ажил­­лагаагаа уялдуулан зохион байгуулах, бодлогын асууд­лаар нэгдсэн байдлаар төр засгийн байгууллагууд бо­лон бусад бай­гууллага, хү­мүүстэй харилцаж хамт­ран ажиллах “Хилийн чи­­над дахь монголчуудын тө­рийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл”-ийг үүсгэн байгуулах нь зөв гэдэг дээр зарчмын хувьд санал нэгтэй байгаа гэж ойлгоод дүрмийн төслөө урьдчилан гаргаад хэлэлцүүлж эхлээд байгаа. Энэ зөвлөлийг үүсгэн байгуулагчдын хур­лаа ес­дүгээр сарын 19-ний 13.30 цагаас ГХЯ-нд хийхээр болоод байна. 

Гэхдээ хүмүүст гадаадад байгаа монголчууд эх ну­тагтаа байгаа монгол­чуудаас ч илүү хамтран ажиллаж байна гэх сэтгэгдэл нэ­лээд төрөх болсон байна лээ. Иргэний санаачилга, сэт­гэл зүтгэл гаргаж буй цөөн хүмүүсийн санаа­чил­гаар холбоо, бусад бай­гуул­­лага бий болж, өөр өөрс­­дийн улс, хотууддаа монгол­чууддаа зориул­сан, Монголоо сурталчилсан аж­луудыг зохион байгуулж, үйл ажиллагаа зохион бай­гуулалтын хэлбэр дүрсээ олж, туршлагажиж байгаа.

Гэхдээ явуулж буй з­рим гол үйл ажиллагаанууд нь бодлогын шинжтэй дэмж­лэггүй учраас унтрах шинж­тэй, зохион байгуулж бай­гаа хүмүүс нь залхах эсвэл оролцоо нь багасах ханд­лага­тай болж байна. 

Мөн түүнчлэн нэг удаа ихээ­хэн хүчин зүтгэл гарч зохион байгуулагдсан үйл ажиллагааны үр дүнг улс орны хөгжилд нөлөөтэй эсэх талаар авч үздэггүй, нөлөө болохуйц шилжилт үүсдэггүй ингэс­нээрээ ажил огт хийгдээгүй мэт болж хувирдаг.

Тэгэхээр төр өөрийн зарим үүргээсээ гэрээ бай­гуулах замаар найдвартай төрийн бус бай­гууллагууддаа шил­жүүлж үр дүнтэй хамтран ажил­лая, Монгол хэл соёлоо уламжлуулан үлдээх гэж сайн дураараа зүтгэж яваа сургууль багш нараа дэмжье, төр зайлшгүй орол­цож дэмжих ёстой үйл ажил­лагаануудыг бид илтгэлийн агуулгад оруулж байна.

Хөгжилтэй улс орнууд хилийн чинадад амьдарч, сурч ажиллаж байгаа ир­гэдтэйгээ нягт ажилладаг гэж сонссон юм байна. Төр байгаа цагт иргэдтэй байх нь ойлгомжтой, иргэд нь хаана амьдарч байгаагаас үл хамаараад иргэд нь бодлогоо боловсруулахад оролцох, үр өгөө­жөөс нь хүртэх эрх­тэй, үүргээ ч ухамсарлах ёс­той. Хилийн чи­надад бай­гаа иргэдтэйгээ хэрхэн яаж үр дүнтэй хамтарч ажил­лах вэ гэдэг бол улс ор­нуудын хөгжлийн том асуу­дал.

Нэгэнт гадаадад гарсан эх орноо гэсэн сэт­гэлтэй чадварлаг хүчийг нэгт­гэн ашиглах бодлого бо­ловсруулж, хэрэгжүүлж чад­вал тэднийг эх орондоо ажил­лаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхөөс дутуугүй чухал юм. 

Эцэст нь энэ уулзалтыг санаа­чилж, дэмжиж хамт­ран ажиллаж байгаа бай­гууллагууд, хувь хү­мүүст болон идэвхтэй хамт­ран ажиллаж байгаа монгол­чуудын төрийн бус бай­гуул­лагынхандаа таларх­санаа илэр­хийлье.

-Мэдээлэл өгсөнд баяр­лалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Зураг