Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш Дэлхийн анхны тусламжийн өдөр

ikon.mn
2014 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн анхны тусламжийн өдрийг  Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос 2000 оноос эхлэн  эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын хоёрдахь долоо хоногийн Бямба гарагт тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил арван дөрөвдөх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ жилийн Дэлхийн анхны тусламжийн өдрийг 2014  оны 9 дүгээр сарын 13-нд “ Өдөр тутмын анхны тусламж ба гамшгийн эрсдэл”  уриатайгаар тэмдэглэх юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээгээр осол гэмтлийн улмаас жил бүр дэлхий дээр 5 сая гаруй хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа бөгөөд 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай байна.  

Осол гэмтэл, хүчирхийлэл нь дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 9 дүгээрт, 15-44 насны хүн амын нас баралтын шалтгааны 7 дугаарт бүртгэгдэж байна.

Түүнчлэн дэлхий дахинд жил тутам зам тээврийн ослын улмаас 1.2 сая хүн нас барж, 20-50 сая хүн гэмтэж бэртэж, улс орнуудын эдийн засагт үзүүлэх хохирол нь үндэсний нийт бүтээгдэхүүний 1-4% тай тэнцэж байна. Эдгээр гэмтэл ослын улмаас нас барагсдын 90% нь буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад оногдож байна. 

Хэрвээ энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол дээрх шалтгааны улмаас  нас барах хүний тоо 2020 онд 1.9 сая хүрэх төлөвтэй байна. 

Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлийн улмаас нас барах нь хүн амын нас баралтын шалтгааны 3 дугаарт, осол гэмтлийн өвчлөл нь хүн амын өвчлөлийн 5 дугаарт орж байна. Манай улсад осол гэмтлийн шалтгаант хүн амын өвчлөл жилээс жилд өсч байгаа юм. 

Хүн амын нас баралтын шалтгааныг насны бүлгээр авч үзэхэд ид хөдөлмөрийн буюу 20-44 насны эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь осол гэмтэл болж байгаа нь хөдөлмөрийн насны залуучууд осол гэмтэлд өртөн, хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир  дутуу болж, нас барж байгааг харуулж байна. 

Ямарваа нэг осол, гамшиг тохиолдсон үед гэмтэж бэртсэн иргэдийн 90 хувийг аврах үйл ажиллагааг тэдний хөрш, гэр бүлийн гишүүд нь гүйцэтгэдэг бөгөөд зөвхөн үлдсэн 10 хувьд нь мэргэжлийн байгууллагууд тусалж чаддаг байна.  Иймээс анхны тусламжийг үзүүлэх мэдлэг ур чадварыг иргэн бүрт олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгаа билээ.

Иргэн бүр анхны тусламжийг үзүүлж сурсанаар гэмтэж бэртсэн болон ямар нэгэн өвчинд шаналж байгаа хүмүүсийн амьд үлдэх хувь өсдөг.  Мөн  зөв үзүүлсэн анхны тусламж нь эдгэрлийн хугацааг богиносгодог улс орны  эдийн засагт ашигтай байдаг байна. 

Хэрэв та бүхэн анхны тусламжийн сургалт авахыг хүсвэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн байгууллагууд дундаас хамгийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн 93-120-120 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой.