Түргэн үйлчилгээний цэгийн стандартын дагуу бэлэн болгосон анхны ТҮЦ-ийг баруун дөрвөн замд байрлах “Хайрын төгөл” цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр нээлээ.
Нээлтэд НМХГ-ын мэргэжилтнүүд, дүүргүүдийн төлөөлөл оролцож, “Эко ТҮЦ”-ийг танилцуулсан юм.
Энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ТҮЦ-ийг стандартчилах журмыг батлан мөрдүүлэхээр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд үүрэг болгосон билээ.
Журмын дагуу “Киг” ХХК нь “Эко ТҮЦ”-ийг барьж стандартчилалыг хангасан болохоо Улаанбаатар захиргаа, дүүргүүдийн төлөөлөлд танилцуулсан юм. Энэхүү ТҮЦ нь 15 м/кв хэмжээтэй бөгөөд дотор нь орж үйлчлүүлэх боломжтой юм байна.
Аюулгүй байдлын журамд зааснаар 00, угаалтуур, галын хор, халаагуур, гэрэлтүүлэг зэргийг цогц байдлаар шийджээ. Түүнчлэн ТҮЦ-ийн гадна болон дотор талд хяналтын камерыг удахгүй байрлуулах аж.
Дараагийн удаад цонхоор үйлчлэх боломж бүхий ТҮЦ-ийг барина гэдгээ “Киг” компанийнхан энэ үеэр мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 404 ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг аж.
Харин “Эко ТҮЦ” шинэ стандартад нийцэж, шаардлага хангавал үнэ өртгийг тогтоож, цаашид ТҮЦ-ийг шинэчлэх юм.
“Эко ТҮЦ” нь модоор баригдсан тул халах, хөрөхдөө удаан, ажиллуулж буй болон үйлчлүүлж байгаа иргэдийг тав тухтай орчноор хангасан хэмээн холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн юм.
Тэдний санаачлагыг төрөөс дэмжиж ТҮЦ ажиллуулж буй хүмүүстээ үнийн уян хатан байдлыг санал болгох аж. Цаашдаа ч олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын стандартчилалыг өндөржүүлэхэд дорвитой ажил хийхээр төлөвлөөд байгаа гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!