Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны нийтийн эзэмшлийн талбайг хувьчилна

Д.Гэрэлцэцэг
2014 оны 9 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

Монголд Сууц өмчлөгчдийн холбоо гэх байгууллага бий болоод 17 жил болж байна. Оршин суугчдын тав тухтай орчинг хангах чиглэлээр сайн ажилласан СӨХ цөөнгүй бий.

Үүний зэрэгцээ сар бүр төлбөр авдаг ч хангалттай ажилладаггүй гэх үнэлгээг авсан СӨХ-д ч байгаа. Ер нь энэ бүх асуудал СӨХ-ны эрх зүйн орчин сайн бүрэлдээгүйгээс улбаатай гэдгийг иргэд шүүмжилсээр ирсэн.

Үүнтэй холбоотой Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөл, эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганд өргөн барих гэж байна. Хуулийн төслийг илүү боловсронгуй, бодит болгох үүднээс СӨХ болон иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд өчигдөр боллоо.

Уг хэлэлцүүлэгт СӨХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Арвин, МСӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал С.Цэрэндорж, Баянгол дүүргийн тэргүүлэгч салбар зөвлөлийн дарга Б.Энх-Оюун нарын хүмүүс оролцсон юм. Хэлэлцүүлгийн эхэнд хоёр тал өөр өөрийн байр сууриа илэрхийлэв. СӨХ-ны хувьд хуульд заасан үүрэг, хариуцлагаасаа илүү ихийг үүрч байгааг хэлсэн юм. Тодруулбал, СӨХ нь хуучнаар нийтийн эзэмшлийн аж ахуй буюу дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орц, дээвэр, халаалтын шугам зэргийг ашиглалтын бүрэн бүтэн хэмжээнд нь авч явах үүрэгтэй байгууллага аж.

Түүнчлэн харуул, хамгаалалт, цэвэрлэгээ, үйлчилгээ болон цахилгаан шатны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээдэг талаар Баянгол дүүргийн тэргүүлэгч зөвлөлийн дарга Б.Энх-Оюун тайлбарлав. Гэвч СӨХ хуульд заасан ажил үүргээ биелүүлэхийн зэрэгцээ маш олон ажил хариуцдаг тухай тэд учирлаж байв.

Нөгөө талаас оршин суугчид СӨХ-д сар бүр их хэмжээний төлбөр төлдөг ч бүрэн хэмжээнд ажиллаж, тодорхой шийдвэр гаргаж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. Ер нь орцны цэвэрлэгээ, харуул, цэвэрлэгчийн цалингаас эхлээд жижиг гэхгүй СӨХ-той холбоотой олон асуудал гардаг.

Харин энэхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар СӨХ болон оршин суугчдын хоорондын харилцааг сайжруулж, тэдний дунд үүсдэг дээрх асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэдгийг СӨХ-ны ерөнхийлөгч Д .Арвин хэллээ. Тодруулбал, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөл, эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хэсэг гишүүн санаачлан Засгийн газарт өргөн барьсан байгаа гэнэ. Энэ төсөлд хэд хэдэн зүйлийг тусгасан талаар гишүүн Д.Арвин танилцуулав.

Юуны өмнө СӨХ-ны хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлыг тусгажээ. Одоо ашиглаж буй ус, цахилгаан, дулаан зэрэг нь дундын шугамаар дамжин явдаг. Гэтэл энэ дундын шугамын мөнгийг 100 хувь улс авдаг байна. Уг нь дундын шугамын мөнгийг СӨХ-д үлдээх ёстой байдаг.

Харин үүний найман хувийн шимтгэлийг СӨХ-д өгөх тухай хуулийн төсөлд оруулжээ. Ингэснээр СӨХ найман хувийн шимтгэлээс авах мөнгөөр засвар үйлчилгээ хийх төдийгүй хуримтлалтай болох бүрэн боломжтой болох юм.

Мөн нийтийн эзэмшлийн талбайг төр иргэдэд хувьчлах ёстой гэж үзэж байгаа аж. Тодруулбал, байр, байшингийн гаднах 100 метр газар, талбай нь иргэдийн өмч байх ёстой. Тиймээс энэ газрыг хувьчлах талаар заалт оруулжээ. Хэрэв энэ хэмжээний газрыг хувьчилж СӨХ-д харьяатай болгосноор тухайн газар барилга, байшин барих асуудлыг хуулиараа зохицуулах боломжтой болох гэнэ.

Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны барилгыг хүлээн авах улсын комисс болон СӨХ-ноос эвлэлдэн нэгдэж төрийн бус байгууллагуудаас төлөөлөл оролцуулах тухай оруулжээ. Шинэ орон сууцанд орсны дараах олон жилийн ашиглалтыг хэрхэн зохицуулах тухай асуудал орхигдсон байдаг.

Тэгвэл энэхүү заалтыг оруулснаар асуудлыг яаж зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдэх зэрэг олон асуудлыг хуулийн төсөлд оруулжээ.

Хэрэв батлагдаж чадвал оршин суугч, СӨХ болон орон сууцтай холбоотой гарах асуудлыг шийдэх хууль эрх зүйн орчин сайн бүрдэх юм байна.

Зураг