ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дугуйн аялалд оролцох иргэдэд нийтийн тээврээр үйлчилж байна

Ж.Отгонмягмар
2014 оны 9 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг

“Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар их хотын иргэд, хүүхэд, залуусыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас  “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Тэгвэл тус хөтөлбөрийн явц ямар байгаа болон төсөлд иргэд хэрхэн хамрагдаж болох талаар  “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатараас тодрууллаа.

-Танай байгууллагын са­наа­чилсан “Эрүүл иргэн-Эко хөгжил” төсөл хэрэг­жиж эхэллээ. Энэ талаар тод­руулахгүй юу?

-Энэ онд экобус явах 2.7 км зам баригдсан. Харин өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтаар 8.5 км автозам баригдсан байсан. Уг цогцолборт өнгөрсөн жилээс хойш нийтдээ 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. Голдуу зам, талбай, цахилгаан, бохирын асуудал болон автомашины зогсоолыг шийдсэн. Гэхдээ энэ бүгдийг зөвхөн наадмын гурван өдөрт ашигладаг байх бус жилийн турш ашиглаж байя гэж байгаа.

Өнгөрсөн хавраас хойш  хоёр удаа автомашины холбооноос уралдаан зохион байгуулсан. Мөн өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Ерөнхий сайдын ивээл дор “Гэр” төслийг хэрэгжүүлсэн, мөн “Адуучин” тэмцээн боллоо. Харин өнгөрсөн наймдугаар сард дугуйн аяллыг зохион байгуулсан.

Нийслэлийн иргэ­дэд амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрүүлэх, тэр дундаа эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт хийх үүднээс энэхүү төслийг санаачилсан юм. Улаанбаатар хот өвөлдөө их утаатай байдаг. Тиймээс жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 30-ны өдрийг дуустал дугуй унаж, уушгиа эрүүлжүүлж байх боломжтой. Энэхүү төслийг хоёр үе шатаар хэрэгжүүлнэ.

-Дугуйн аялалд оролцох  иргэд Хүй долоон худагт хэрхэн очих юм бэ?

-Иргэд эрүүл хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл нийтийн тээврийн автобусаар очиж болно. Өнгөрсөн сарын 30-ны өдрөөс энэ сарын 28-ны өдөр хүртэл амралтын өдрүүдэд УДЭТ-ын өмнөөс 10.00- 20.00 цагийн хооронд нийтийн тээврийн автобус хоёр цаг тутамд явж байгаа.

-“Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийн хоёр дахь шат нь юу байх бол?

-Саналаа гаргаад, төсөв хөрөнгө нь шийдэгдэх юм бол өвлийн улиралд иргэд цана, чаргаар гулгаж байх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа. Тэгээд ч өвөл байгууллагууд цасны баяраа хийдэг. Одоо бол Хандгайтад л хийж байгаа.

Гэтэл тус орчмын суурьшил нэмэгдээд баяр тэмдэглэх боломжгүй болж байна. Тиймээс бид байгууллагын цасны баяр болон цана, чаргаар гулгаж байх боломжийг бүрдүүлэх юм. Ингэхдээ иргэдийн ая тухтай байдлыг хангах үүднээс өвлийн асар барьж, халуун цай кофегоор үйлчилнэ. Манай орон улирлын чанартай учраас зуны улиралд илүү олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

-Гадны улсууд цогцолбор байгуулж, үүнийхээ үр дүнд эдийн засгаа хөгжүүлдэг юм билээ. Энэ талын  туршлагыг судалж байгаа юу?

-Өнгөрсөн өвөл Солонгос улсын Морин спортын хол­бооны ерөнхийлөгчтэй уулзсан. Тэр хүмүүс 1970-аад оны үед параламентдаа усан онгоц, морин тойруулга барья гэдэг саналыг хэлсэн байгаа. Харин удирдагчид нь морьгүй ард түмэн байж яаж энэ салбарыг хөгжүүлэх гээд байгаа юм зэргээр эсэргүүцсэн гэсэн. Гэсэн хэдий ч Морин спортын хороог улсынхаа мэдэлд бай­гуулсан байгаа.

Тэгвэл одоо тус хороо 1200 орчим морьтойн дээр, өдөр бүр бооцоот урал­даан явуулдаг байна. Ингэснээр зөвхөн энэ хорооноос жилд нэг их наяд гаруй воныг улсынхаа төсөвт төвлөрүүлдэг. Манай улсын төсвийн гуравны нэгийг зөвхөн энэ холбоо өгч байна гэсэн үг шүү дээ. Гэтэл морь манай иргэдийн амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс энэ чиглэлээ хөгжүүлж, энэхүү цогцолбороор дамжуулан Монголыг дэлхий дахинд та­ниу­лахын дээр аялал жуулчлалыг ч хөгжүүлэх боломжтой юм.

-Цаашдаа олон арга хэмжээ зохион байгуулах юм байна. Тэгвэл иргэдийн тав тухыг хангах ямар ажлыг хийж байна?

-Энэ жилийн хөрөнгө оруу­лалтаар өвлийн бие засах газар долоог тавьсан. Өмнө нь шаардлага хангахгүй бие засах газар тавьсанаас болоод хөлдөх зэрэг асуудал гарч байсан. Цогцолборт өвлийн улиралд арга хэмжээ зохион байгуулах учраас иргэд тухтай байх нөхцлийг хангахын тулд өвлийн бие засах газар тавьсан. Мөн өнгөрсөн жил алдагдсан цахилгааны самбарыг ч сэргээн засварласан байгаа.

Зураг