Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Туркийн ZTM компанийн ерөнхий менежер Мүслүм Гүндүзийг Элчин сайдын яамандаа хүлээн авч уулзан Ховд гол дээр барих усан цахилгаан станцын талаар ярилцжээ.
М.Гүндүз уг усан цахилгаан станцын техник-эдийн засгийн үндэслэлийг энэ онд хийж дуусгахаа мэдэгдээд цаашид хөрөнгө, санхүүжилтийг босгох нөхцөл, арга хэмжээний талаар ярьж танилцуулав.
Станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болох ажээ.
Уг станцын ажлыг хурдасгахын тулд Монгол, Туркийн холбогдох яамд, газруудын үйл ажиллагааг холбож уялдуулах талаар Элчин сайдын яамнаас тусалж дэмжихээ Элчин сайд Б.Батхишиг илэрхийлсэн байна.
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос хойш 40-өөд километрийн зайд орших Ховд голын хавцалд баригдах усан цахилгаан станц нь 160 сая орчим долларын өртөгтэй бөгөөд 56 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
Уг станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болох ажээ.
Туркийн ZTM компани Монгол орны усан цахилгаан станцын хөгжлийн мастер төлөвлөгөөг мөн хийж эхэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!