ЗХУ-ын Ардын жүжигчин, Социалист хөдөлмөрийн баатар Юрий Владимирович Никулин агсны эхнэр Татьяна Никулина, хүү Максим Никулин нартай сэтгүүлч А.Пахомава ярилцсаныг толилуулж байна. ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Брежнев Ю.Никулиний тоглолтыг үзэхээр циркт очсон талаар М.Никулин дурссан байна.
Энэ үеэр тоглолт эхэлж, гэрэл унтарсан тул шатаар өгсөж явсан Л.И.Брежнев лоож руу ойчсон аж.
-Ю.Никулинийг бусдын хүсэлтийг дарга нарт дамжуулж өгдөг ч өөрөө юу ч хүсдэггүй байсан гэж хүмүүс гэж ярьдаг. Энэ үнэн үү?
М.Никулин: -Тийм ээ, танихгүй хүмүүс хүртэл аавд ханддаг байсан. Галт тэргээр явах гээд тасалбарын мөнгөгүй, эм авч чадахгүй гэсэн хүн бүрт аав мөнгө өгнө. Би түүнд “Энэ хүмүүс танаас зүгээр мөнгө авахын тулд ашиглаж байна. Үнэхээр ядуу хүмүүст мөнгөө өгсөн нь дээр биш үү” гэхэд “Тэд үнэн ярьж байвал яах вэ” гэдэг байлаа.
Гэхдээ аав тохиолдлоор байртай болсон юм. Аав нэг жүжигчний өмнөөс байр гуйж ороход дарга нь “Та өөрөө хаана амьдардаг вэ” гэхэд “Би зүгээр ээ, нийтийн байранд амьдарч байгаа” гэжээ. “Та чинь солиороо юу, цаас аваад өргөдөл бич” гээд аавыг гайхсан харцаар харсан гэсэн. Бид нийтийн байранд их хөгжилтэй байж билээ. Бие биеэ усаар шүршинэ, дэрээр байлдана, тоглоно.
-Бас А.Косыгиний захирамжаар Никулин автомашинтай болсон гэж ярьдаг...
Т.Никулина: -Тэр үед машин худалдан авахад хялбар байгаагүй. Юра кинонд тоглохын тулд машин жолоодож сурсан юм. Түүнийг зураг авалтаас хассан ч машин барих нь түүнд их таалагдсан.
Ингээд бид “Волга” машинтай болсноос хойш миний санаа зовох зүйл нэмэгдэж билээ. Юра тийм ч сайн жолоо барьж чадахгүй. Биднийг дугаар авахаар очиход хэн ч авахыг хүсээгүй “00-13” дугаар санал болгосон юм. Харин Юра ямар дугаар байх нь хамаагүй гээд авсан л даа. Гэвч тэр удалгүй авто осол гаргах болсон. Харин бид машиндаа тоглоомон жоом тавьснаас хойш 11 жилийн турш бүх зүйл сайн байсан.
-Никулинийг үзэхээр намын дарга нар ирж байв уу?
Максим: -Засаг захиргааны дарга нар цирк нэг их үздэггүй байсан. Гэхдээ Л.И.Брежнев ганц удаа очихдоо бүтэлгүйтсэн. Яг тоглолт эхэлж байх үед очсон учраас түүнийг шатаар гарч явахад нь гэрэл унтраасан. Лоож руу ойчсон дарга уурлаж, гэрэл унтраасан буруутныг олоод халах гэж бөөн асуудал болсон юм.
Аавыг ер нь циркийн жүжигчнээр бус киноны дүрээр хүмүүс илүү мэднэ. Өөрөө ч кинонд тоглох их дуртай байсан.
-Гайхалтай авьяаслаг жүжигчин. Инээдмийн, уянгын гээд олон дүр бүтээсэн...
Максим: -Ер нь дүр бүтээхийн тулд ямар ч бэлтгэл хийдэггүй байсан. Зураг авалтын үеэр дүрдээ орж амилуулдаг. Тухайн дүрийн оронд өөрийгөө тавьдаг байсан байх. Ганц татгалздаг дүр нь дайн тулаантай кино. “Двадцать дней без войны” кинонд тоглох болсон нь найруулагч Симонов түүнийг ятгасантай холбоотой. Өөрөө Аугаа их орны дайнд оролцсон ч гэсэн дайны үеийг дурсах дургүй байсан.
Т.Никулина: -“Самогонщиков” кинонд тоглож байхдаа зураг авалтаас ирээд “Би өнөөдөр фронтыг дурслаа” гэсэн. Техникчид хэт олон тэсрэх бодис тавьснаас хүчтэй дэлбэрэлт болж Юра ухаан алдаж унасныг дараа нь мэдэж билээ.
-Та нэгэн ярилцлагадаа “Гайдайн гурвал” буюу “Кавказад тохиолдсон явдал” киноны Никулин, Вицин, Моргунов нарыг эв түнжингүй гэж хэлсэн. Юунаас болж тэд бие биеэ ойлгодоггүй байсан юм бол?
-Юра, Вицин хоёр огт ойлголцдоггүй байсан юм. Ер нь тийм хүмүүс байдаг шүү дээ. Харин Моргунов бол сонин араншинтай хүн. Никулин, Вициний нэрийг бариад захирлын лоожид өөрийн найзуудаа авч ирнэ, үзэгчдийг орон сууцны асуудлаар Юрад хандахыг хэлнэ гэх мэт. Юра сүүлдээ уурлаж, өөрийнхөө туслахад Моргуновыг циркт урихгүй байхыг сануулсан.
-Гэхдээ л Никулин “Гайдайн гурвал”-д үргэлжлүүлэн тоглосон...
-Кино урлагт Никулиний төлөө Гайдай шиг их зүйл хийсэн хүн байхгүй. Гайдайн ачаар Юрагийн нэр хүнд өссөн. “Деловые люди” кинонд Юра орон гэр ухдаг хулгайчийн дүрд тоглосны дараа гудамжинд нэг танихгүй хүн тааралдаад “Тэгж хулгай хийдэг гэж үү, үзэхэд инээдтэй байсан” гэжээ. Тэр хүн өөрөө өмнө нь хулгайч байснаа хэлээд хамт явж түүнд яаж хулгай хийдгийг заая гэсэн санал тавьсан. Юра бүр айгаад “Би чадахгүй...Завгүй. Тэгээд ч надад ийм хэрэгт оролцох хэрэг байхгүй” гэхэд “Зүгээр ээ, чамайг жүжигчин болохоор шоронд хорихгүй” гэж хэлснийг надад ярьж билээ.
-Нэртэй жүжигчдийг Засгийн газрын хаалттай концертод оролцуулдаг тэр үед Никулинийг хэр их дууддаг байсан бэ?
Максим: -Аавыг дуудах юм бол ямар нэгэн зүйлийг баллана гэдгийг бүгдээрээ мэддэг байсан. Хуралд оролцох үеэрээ хүртэл “Намдаа баярлалаа” гэх хуурмаг үг хэлж, ажил хэрэг хэлэлцэхээс илүүтэйгээр дэмий зүйл ярихыг тэвчиж чаддаггүй учраас удаан суухгүй. Үг хэлэх зөвшөөрөл хүсэхэд завсарлагааны өмнө түүнд таван минут өгнө. Аав болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг маш хурцаар хэлэхдээ хүмүүсийг хөгжөөж инээлгэдэг тул танхим дүүрэн алга ташна. Гэхдээ алга ташиж байгаагаа мэдэгдүүлэхгүй гэж хүмүүс гараа доош болгодог байсан юм. Аав минь тэрс үзэлтэн байгаагүй ч “жанжин шугам”-ын эсрэг зүйл хэлнэ.
-Циркийг удирдах үедээ хүмүүстэй яаж ажилладаг байсан бол. Хатуу эсвэл ардчилсан удирдагч байв уу?
Максим: -Аавын баримталдаг зарчим хүмүүст итгэх явдал. Тэр сэтгэл зүрхнээсээ ажилтнуудтайгаа харилцдаг болохоор бүгд хийх ёстой ажлаа хийнэ. Аавтайгаа хамт гурван жил ажиллахдаа хүн загнаж байхыг хараагүй. Хэн нэгнийг шийтгэх хэрэгтэй үед сандарна, улайна, бувтнана. Би тэр үед нь өрөөнөөс гараад явчихдаг байсан.
Т.Никулина: -Харин сайн ажлыг үнэлж, талархаж чаддаг байлаа. Ажлынхантай их дотно. Үдийн хоол аваачиж өгөхөд ганцаараа идэхгүй, хэн нэгнийг заавал дайлна. Юрагийн өрөөний үүдэнд нэг сэнжтэй аяга байсан. Бүгд “цайны мөнгө” нэмэрлэнэ. Гэхдээ цай уух нь 24 цаг үргэлжилнэ.
Ажил дээр нь очиход өрөөндөө олон хүн суулгачихсан маргалдаж эсвэл инээлдэж сууна. Юра хүүхэд цагаасаа онигоо ярих дуртай байсан. Сонссон бүх онигоог зузаан дэвтэрт бичнэ. Түүнийг онигоо ярихыг хэн нэгэн эхний удаа сонсч байхад би 30 дахь удаагаа сонсоно. Юра, жүжигчин А.Баталов хоёрыг Ардын жүжигчин цолоор зэрэг шагнасан юм.
Тэд бие биедээ баяр хүргэх гэж утсаар ярихдаа цаг гаруй онигоогоор хоёр биенээ явуулж билээ. Хот хоорондын яриагаар шүү. Циркийн барилгыг шинэчлэн барихад дөрвөн жилийн хугацаа зарцуулсан. Энэ нь өөрчлөн байгуулалтын үе байсан учраас хөрөнгө мөнгөний асуудалтай тулгарах явдал гарна.
1990-ээд оны үед циркийн барыг тэжээх махны нөөцгүй болсон үед Юра М.Горбачевтэй уулзаад “Михаил Сергеевич барын хоолонд ердөө хоёр хоногийн мах байгаа. Дараа нь амьтдыг тортой нь машинд ачаад Засгийн газрын үүдэнд ирж торыг нь нээнэ. Яахав, чадахаараа хоолоо олж идэг” гэсэн. М.Горбачев инээгээд өнгөрсөн, харин тэр өдөр нь 14 хоногийн мах авч ирсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!