Засгийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээ хийсэн, хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, хэвлэлийн "амыг" Засгийн газар "барьсан" гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Энэ талаар албаны байр суурь буюу Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Мөнхтөрөөс тодруулга авлаа.
- Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ хийсэн талаарх мэдээлэлд байр сууриа илэрхийлэхгүй юу?
- Засгийн газар олон сая төгрөгөөр хаалтын гэрээ хийжээ, хэвлэлийн эрх чөлөөг боомилох гэсэн үйл ажиллагаа байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Энд гурван зүйлийг хэлмээр байна.
Хамтран ажиллах гэрээг Засгийн газар байгуулж ажилладаг. Энэ бол үнэн. Яагаад гэхээр Монгол Улсын Засгийн газар хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмчилдөггүй.
Засгийн газар ард иргэдийн төлөө маш хариуцлагатай үйл ажиллагаа явуулж шийдвэрүүд гаргадаг. Энэ үйл ажиллагааг танилцуулах шаардлага байдаг. Ард, иргэдийн саналыг сонсох хэрэгцээ гардаг. Үүнийг яаж хийх вэ гэдэг хүндрэлтэй асуудал. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллах зарчмыг барихаас өөр аргагүй байгаа юм. Гэхдээ энэ гэрээ ямар агуулгатай вэ гэдэгт анхаарал тавих ёстой. Энэ хамтран ажиллах гэрээг Шинэчлэлийн Засгийн газар ганцаараа хийж байгаа юм биш. Бүх Засгийн газар хэвлэл мэдээллийн зардлыг суулгадаг. Үүнийгээ хэвлэлийн байгууллагуудтай гэрээ хийж өгдөг. Тэгэхээр бид энэ зарчмаар л ажиллаж байгаа.
- Хэвлэл мэдээлэлд зарцуулж байгаа төсвийн талаар тодруулахгүй юу?
- Өмнөх Засгийн газар нийтдээ 100 гаруй сая төгрөгөөр гэрээ хийдэг байсан.
Харин одоо мөнгөний ханшны уналт зэргээс шалтгаалаад 2013 онд Шинэчлэлийн Засгийн газар 200 сая төгрөгний төсөв баталсан. Энэ төсвөө хэвлэл мэдээллийн байгууллагуудад хуваагаад доод тал нь тав, дээд тал нь 10 сая төгрөгний гэрээг нэр бүхий байгууллагуудтай гэрээ хийсэн. Тус гэрээнүүдийг бид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай зах зээлийн ханшнаас хэд дахин доогуур хийсэн.
Бүтэн жилийн турш хэвлэл мэдээллийн байгууллагуудад ийм, тийм үйл явдалд ирээд сурвалжлаад өгөөч гэж урьж дууддаг. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага бүгд л өөрсдийн хүн хүч, машин, шатахуунаа зориулж байдаг. Хүн хүч, сонин, цаас, техник гээд. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл 100 хувь арилжааны шинж чанартай үйл ажиллагаа явуулж байгаа. Бүгд л өөрсдөө мөнгөө олж, хүмүүсээ цалинжуулж, техник төхөөрөмжөө шинэчилж байдаг.
Тэгэхээр бид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ир гэсэн газраа ир гээд л, буц гэсэн газраа буцаагаад байх хэцүү. Үүнийг зохицуулах ямар арга зам байна вэ гэхээр гэрээ хийгээд хамтран ажиллах л боломж байна. Ингээд гэрээ хийхээр "танай төсөв арай дэндүү бага байна" гэж нэг хэсэг нь хэлдэг. Нөгөө хэсэг нь яагаад манайтай гэрээ хийсэнгүй вэ гээд гомдол тавьдаг. Өөрөөр хэлбэл гэрээ хийж байгаа мөнгөний дүн зах зээлийн үнэлгээний хаана ч хүрэхгүй. Гэхдээ бид байгаа мөнгөндөө тааруулаад хийсэн.
Харин 2014 оны тухайд Чингис бондын санхүүжилттэй холбоотой орон нутагт болоод нийслэлд олон бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Үүнийг хүмүүст хүргэх, орон нутагт баригдаж байгаа оношилгооны төвүүдийн мэдээлэл, шинээр тавигдаж байгаа замын талаарх мэдээлэл, ТҮЦ машины тухай танилцуулах, ойлгуулахын тулд бид хэвлэл мэдээллийн зардлаа дахиад нэмсэн. Ингээд Эдийн засгийн хөгжлийн яамнаас нэмж санхүүжилт аваад гэрээнүүд хийсэн.
"Сөрөг мэдээлэл битгий нийтлээрэй гэж хэлж байсан баримт гаргаад ирвэл би хэвлэлийг боомилсон гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна" Ц.МӨНХТӨР
- 390 сая гэсэн нь үнэн үү?
- 200 сая төгрөг нь Засгийн газраас, 190 нь ЭЗХЯ-наас гарсан.
- Энэхүү Хамтран ажиллах гэрээг хаалтын буюу Засгийн газрын сөрөг мэдээллийг нийтлэхгүй байх үүргийг хэвлэлүүд хүлээж байна гэсэн шүүмжлэл байгаа?
- Энэ гэрээ бол Хамтран ажиллах гэрээ. Хаалтын гэрээ гэж юуг хэлдэг вэ гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Сэтгүүл зүйн салбарт олон жил ажиллаж байгаа ч хаалтын гэрээ гэх зүйлийг гартаа барьж байсангүй.
Засгийн газрын хийсэн гэрээ хаалтын гэрээ байсан уу, үгүй юу гэдэг дээр ганцхан л зүйл хэлмээр байна. Бид гэрээ байгуулсан байгууллагуудтай манай арга хэмжээнд ирээч гэж урьдаг. Ирэхээр нь баярлалаа гэж хэлдэг. Өөр харилцаа байхгүй. Энэ хэсгийг нь битгий гаргаарай. Энэ арга хэмжээг магтаж өгөөрэй. Эсвэл битгий шүүмжлээрэй гэж нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхлэгч, сэтгүүлчид хэлж байгаагүй. Хэрвээ тэгж хэлсэн баримт гаргаад ирвэл би хэвлэлийг боомилсон гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Тэгэхээр энд ямар ч хаалтын гэх зүйл байхгүй.
Ер нь тэгээд хэвлэлүүд тав, арван сая төгрөг авчихаад амаа боолгуулна гэж байхгүй л дээ. Хэвлэл мэдээлэлд гарч байгаа мэдээллийн 40-50 хувь дандаа шүүмжилсэн мэдээ байдаг. Манай гэрээ хийсэн байгууллага ч бас шүүмжилдэг. Шүүмжлэл байх ёстой. Энэ бол эрүүл үзэгдэл. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг талаар биднийг сурталчлах нөгөө талаар шүүмжлэх, иргэдээс ирж байгаа дуу хоолойг хүргэх суваг байдаг учраас бид үүнд эмзэглэдэггүй.
- Нууцын заалт дээр хүмүүс их анхаарлаа хандуулж байна.
- Нууцын заалт гэдэг зүйл бүх л стандарт гэрээнд байдаг. Үүнийг бид хасъя ч гэж бодоогүй. Нэмье ч гэж бодоогүй.
- Энэ гэрээнүүдийг АТГ-аар шалгуулах ёстой гэсэн санал гарч байна.
- Шаардлагатай гэвэл шалгана л биз. Асуудал байхгүй. Бид хууль зөрчөөгүй. Бид энэ мөнгийг нууцаар аваад хүний халаасанд хийгээгүй. Би зөвхөн эрхлэгчид нь мөнгө өгөөд дарамтлаад байсан зүйл байхгүй. Үүнийг гэрээ байгуулаад байгууллагуудынх нь данс руу шилжүүлсэн. Хэрвээ эргэлзэж байгаа бол тэр байгууллагуудыг нь шалгаж болно. Тухайн байгууллагууд нь юу хийснийг хянаж болно.
- Төсвийн мөнгөөр хийсэн гэрээ шүү дээ. Үр дүн ямар болсон талаар та хэд судалгаа хийж, хяналт тавьдаг юм уу?
- Гэрээний хугацаа дуусаагүй байна. 20 минутын нэвтрүүлэг хийгээд 10 телевизээр цацахад хэдэн төгрөг зарцуулдгийг мэдэх үү. Арилжааны шугамаараа бол 50, 60 сая төгрөг болно. Телевизийн холбоотой хийсэн гэрээний төлбөр болох 200 сая төгрөг гэхэд дөрвөн нэвтрүүлгийн л зардал болж байх жишээтэй. Тиймээс ч бид телевизүүдээс гуйгаад нийгмийн хариуцлагаа хүлээж иргэдэд хэрэгцээтэй ТҮЦ машин, оношилгооны төвүүдийн мэдээллийг цуврал нэвтрүүлгийг телевизүүдээр цацуулдаг. Энэ гэрээ хийсэн байгууллага дотор МҮОНРТ ороогүй байгааг та бүхэн анзаарсан байх.
- Телевизийн холбоонд 200 сая төгрөг өгсөн гэж байна. Гэтэл энэ холбоонд байдаг зарим телевиз жишээ нь мөнгө аваагүй гэж байх жишээтэй.
- Хэндээ хэд өгсөн нь гараад ирнэ шүү дээ. Бид тайлан авна. Үүнийг олон нийтэд нээлттэй болгож болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!